ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ: Өршөөлийн хууль өршөөхгүй шүү!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

-Ардчилсан хувьсгал ялснаас хойш байнгын ажиллагаатай Монгол Улсын парламент долоо дахь Өршөөлийн тухай хуулиа баталж, гаргаад байна-


Парламентаас цаг үеийн нөхцөл байдал, шаардлагатай уялдуулж, Өршөөлийн тухай хуулийг санаачилж, баталдаг билээ. Тэрхүү баталж, гаргасан хууль нь ганцхан тэр цаг хугацаандаа л үйлчилдэг.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентаас баталж, өнгөрсөн долдугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжсэн Өршөөлийн тухай хуулийн хугацаа дуусгавар болоход гуравхан хоног үлдээд байна.

Дээрх хууль нь ардчилсан хувьсгал ялснаас хойш байнгын ажиллагаатай Монгол Улсын парламентын баталж гаргасан долоо дахь удаагийнх юм.

Тухайлбал, 2006 онд Өршөөлийн тухай хуулийг баталж 2000 гаруй хүмүүжигчийг сулласан. Дараа нь 2009 онд уг хуулийн дахин санаачилж, баталж байсан бол хамгийн сүүлд 2015 онд Өршөөлийн тухай хуулийг баталж байв. Түүнээс хойш өнөөг хүртэл Өршөөлийн тухай хуулийг баталж гаргаагүй, тийм ч нийгмийн шаардлага үүсээгүй гэхэд болно.

Харин Г.Занданшатарын парламент нийгмийн шаардлага, цаг үетэй уяж, долоо дахь удаагийн Өршөөлийн тухай хуулийг баталж, тэрхүү хуулийн хугацаа нь ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болох гэж байна.


-ЖОЛООЧ НАР ТОРГУУЛИЙНХАА 50 ХУВИЙГ ТӨЛЖ БАЙЖ ӨРШӨӨЛД ХАМРАГДАНА-


Уг хуулийн хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлийн 8.3-т "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө" гэж заасан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин, торгох шийтгэл хүлээсэн 2.8 сая иргэний 66 тэрбум 517 сая төгрөгийн торгууль байгаа аж. Үүнээс 77.4 хувь буюу 2.29 сая иргэний 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Өөрөөр хэлбэл, жолооч та 2017 оны долдугаар сарын 01-нээс 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан жолоочийн торгуулийнхаа нийт мөнгөн дүнгийн 50 хувийг ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлсөн байх шаардлагатай юм. Ингэснээр Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, үлдсэн 50 хувийг төр өршөөж, тэглэнэ гэж ойлгож болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас авсан ТОДРУУЛГААС уншаарай!  


-ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТААС-

3 дугаар зүйл. Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ
 

3.1. Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:

3.1.1. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн.

3.1.2. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн.

3.1.3. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

3.2. Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.

8 дугаар зүйл. Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох
 

8.1. Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө.

8.2. Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.

8.3. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заажээ. 

Хуулийн заалтыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү! 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top