Бензинд ДУГААРЛАХАД юуг анхаарах вэ!

2021 оны 09 сарын 28

Автомашин амьдралын салшгүй хэрэглээ болсон энэ үед улс даяараа бензины хомсдолд орлоо.

Аль улстөрч эсвэл намаас болж ийм байдалд хүрсэн гэх мэт бол тусдаа сэдэв. Харин нэгэнт олж авах хэрэгтэйгээс хойш шатахуун түгээх станцуудад хэрхэн дугаарлах ёстой вэ гэдгийг хүргэж байна. Ингэх болсон шалтгаан нь “Арай бага очертой газар байж магадгүй” гэж давхисаар гудамжинд таг зогссон хэд хэдэн эмгэнэлт түүхээс сэдэвлэж буй хэрэг.

Тэгэхээр нэгдүгээр хичээл бол хаана машин дугаарлаж байна араас нь очоод бодох санах зүйлгүй зогсох ёстой юм. Зарим азтай хүн хоёр, гуравхан цаг дугаарлаад бензин авсан тухайгаа сайрхан ярьж байгаа. Гэхдээ ихэнх хүн дөрвөөс дээш цагаар саатаж магадгүй байгаа тул бэлтгэлээ хангаарай. Манайхан эртнээс элдэв зүйлд дугаарлаж сурсан ард түмэн. Картын барааны үеийг туулсан ахмадууд бол ажрахгүй.

Хожим төрсөн хэд нь хэдийгээр “Хүний хөгжил” сангийн мөнгө, оюутны 70 мянга зэргээр бэлтгэл хийсэн байдаг ч гэнэтийн ийм нөхцөлд балмагдаж мэдэх юм. Иймийн тул аливаа урт дараалалд зогсож байгаа хүний нэн тэргүүнд анхаарах зүйл бол гэдсээ өвтгөхгүй байх. Дээр нь усыг бага хэмжээгээр л хэрэглэхгүй бол давсаг чинэрэх гэдэг чинь хамаг хараал барах эд шүү. За тэгээд Өмнөговьд “Цагаан хад”-нд нүүрс тээвэрт дугаарлаж байгаад ирсэн хүн л биш бол уур уцаар төрөх гээд хэцүү юм билээ. Ийм нөхцөлөөс үүдэн шатахуун түгээгчийг зодсон эсвэл шатахуун түгээгүүрийн газрын хамгаалалтын ажилтнуудад зодуулсан явдал гарч байгаа. Тэгэхээр утсаа цэнэгтэй байлгаж сонирхолтой тоглоом тоглох, ном авч яваад унших нь ашиг тустай нь батлагдсан байна лээ. Харин өөр хүмүүс уураа барьж дийлэлгүй зодолдож байгааг анзаарвал “Зураг зодоон хоёрыг холоос харж явах учиртай”-г санахад илүүдэхгүй.

Хамгийн сүүлд хэлэхэд, танил тал харах, өрөвдөх зэргээр урдуураа машин оруулахад нэг хүн баярлуулдаг боловч ардаа зогсоо олон хүнийг зовоодог талтай. Тиймээс үйлийн үрийн тухай бодож очер дугаарт зогсож буй бол чихгүй, дүлий байх нь илүү соёлтой харагдахаас гадна сэтгэлд сэвгүй гэдгийг надаар хэлүүлэх юун билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top