Шатахууны нийлүүлэлт жигдэрсэн ч үнэ өсөх нь тодорхой боллоо

2021 оны 09 сарын 28

Дэлхийн зах зээл дээр нэг баррель (158.9873 литр) газрын тосны ханш сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн талаар гадаад эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Энэ бол олон хоногийг шатахууны  урт дараалалд өнгөрөөж буй монголчуудын хувьд муу мэдээ.  Олон улсын биржүүдэд брент төрлийн газрын тос өнгөрсөн баасан гарагийн хаалтын ханшаар 78 ам.доллар давсан. Дэлхий дахинд тээврийн асуудал хүндэрсэн, тэргүүлэх эдийн засгууд сэргэж, хэрэглээ нэмэгдсэн, нийлүүлэлт дорвитой өсөөгүй зэрэг шалтгаан нь ийнхүү ханш өсөхөд нөлөөлжээ. Үндсэндээ олон улсын чанартай томоохон агуулахуудад нөөц огцом багасаад байгаа аж. Гадаад зах зээл дээр газрын тосны ханш  ийн өссөн учраас Монголд шатахууны жижиглэнгийн үнэ ирэх саруудад өсөх нь тодорхой боллоо. Учир нь өнгөрсөн долоодугаар сард АИ92 төрлийн шатахуун үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр нэмэгдэхэд дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 73 ам.доллар байсан юм. 

 Тухайн үед шатахуун импортлогч компаниудын зүгээс дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өссөний нөлөөгөөр нэг литр шатахууны өөрийн өртөг 1985 төгрөг болж нэмэгдсэн. Өнгөрсөн хугацааны алдагдлаа нөхөж эхэлж буй талаараа учирласан байдаг. Бүр тодруулбал, Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2020 оны тавдугаар сард буюу УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө “Эрчис ойл” нэр компани байгуулж, түүгээр дамжуулан шатахуун импортлогчдод татаас өгөх хэлбэрээр жижиглэнгийн үнийг хүчээр барьж ирсэн байгаа юм. Засгийн газар, шатахуун импортлогчид хооронд байгуулсан “АИ92 төрлийн шатахууны үнэ тогтворжуулах тухай” тэрхүү хамтын ажиллагааны гэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болжээ. Гэрээ нь дууссан уг арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сар буюу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг өнгөртөл үргэлжлүүлж, шатахууны үнийг хүчээр барьж ирсэн. Улмаар шатахуун импортлогчид алдагдал хүлээх болсноор өнгөрсөн долоодугаар сард жижиглэнгийн үнээ огцом нэмсэн билээ. Зарим эх сурвалжийн зүгээс шатахуун импортлогчид ийнхүү удаан хугацаанд алдагдал хүлээсэн нь нөөц бүрдүүлэх эргэлтийн хөрөнгөний хомсдолд орох үндсэн шалтгаан болсон. Цаашлаад энэ удаагийн хомсдол шатахууны үнийг зах зээлийнх зарчмаар тогтоох бас нэг сануулга байсан гэж үзэж болох аж. Ер нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулийг эвдсэн энэ мэт үйл ажиллагаа шатахууны салбарт удаа дараа хийгдэж ирсэн. Зах зээлийн зарчмаас гажсан тохиолдолд хомсдол мэтийн тэсрэлт үүсдэг.  

Монголд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны ханшаас шууд хамааралтай явж ирсэн. Оросын “Роснефть” компани дэлхийн зах зээл дээр тогтсон тухайн сарын дундаж ханшийг үндэслэн дараа сард нь Монголд шатахуун нийлүүлэх үнээ тогтоодог. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр энэ сарын турш өсөлттэй байсан газрын тосны ханш Монголд ирэх сард шатахууны үнэ өсөх дохио болж байна. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 60 хувийг уул уурхайд ашигладаг дизель түлш эзэлдэг. Үлдсэн 40 хувийг нь жижиглэнгийн худалдаа буюу иргэд, аж ахуйн нэгжүүд өдөр тутмын хэрэгцээндээ зориулан худалдаж авч байгаа шатахуун эзэлж байгаа. Тиймээс Засгийн газар өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглэгддэг АИ-92 болон АИ-80 төрлийн шатахууны Онцгой албан татварыг тэглэх арга хэмжээ авсан ч олон улсын зах зээлийн нөлөөгөөр тогтвортой барьж чадахгүй байгаа.  Учир нь зах зээл дээрх жижиглэнгийн үнэд ОХУ-аас орж ирж буй хилийн үнэ хамгийн их нөлөө үзүүлэх болсон. Тухайлбал, АИ-92 шатахууны өртгийн 73 хувийг ОХУ-аас Монголд нийлүүлж буй хилийн үнэ, 13 хувийг татвар, 13 хувийг компанийн үйл ажиллагааны зардал, үлдсэн нэг орчим хувийг тээврийн зардал эзэлдэг талаар судалгаа бий. Энэ тооцооллоор АИ-92 төрлийн шатахууны нэг литрийн үнэ өнөөдөр 2,000 төгрөг даваад буй. Тэгвэл олон улсын банк санхүүгийн байгууллагуудын шинжээчдийн тооцооллоор дэлхийн зах зээл дээр газрын тосны ханшийн өсөх хандлага цаашид ч үргэлжлэх бөгөөд баррель нь 100 ам.доллар хүрнэ гэсэн таамаг байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ойрын сорилт болоод буй шатахууны нийлүүлэлт жигдэрсэн ч урт хугацаандаа газрын тосны үнийн өсөлт гэж толгойны өвчинтэй байх нь. Шатахууны үнэ өссөн тохиолдолд иргэдийн амьжиргаанд хамгийн их дарамт учруулдаг хүнс, тээврээс эхлээд бүх зүйлийн өртөг нэмэгдэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2021 оны 09 сарын 28

МОНГОЛЫН олигархуудын шунал бензиний хомсдолоор тодорч гарлаа гэхэд болно.Энэ бол олигархуудын гадныхантай зориуд хуйвалдаж үнээ өсгөх орлогоо хуваах гэсэн жүжиг байлаа харамсалтай нь маш амжилттай тоглогдлоо. Бид нармонголчууд бид нэг иймэрхүү л бизнесменүүдтэй улс шүү дээ. Тэд орлогоо ихэсгэхийн тулд ард түмнээ доромжилж байна. Тэдний эцмийн зорилго биелэж дэлхийн зах зээлийн үнээс илүү үнээр бензинээ зарж эхэллээ тэд хожиж ард түмэн хохирсоор.

0  |  0
зочин(43.228.129.20) 2021 оны 09 сарын 28

МОНГОЛЫН олигархуудын шунал бензиний хомсдолоор тодорч гарлаа гэхэд болно.Энэ бол олигархуудын гадныхантай зориуд хуйвалдаж үнээ өсгөх орлогоо хуваах гэсэн жүжиг байлаа харамсалтай нь маш амжилттай тоглогдлоо. Бид нармонголчууд бид нэг иймэрхүү л бизнесменүүдтэй улс шүү дээ. Тэд орлогоо ихэсгэхийн тулд ард түмнээ доромжилж байна. Тэдний эцмийн зорилго биелэж дэлхийн зах зээлийн үнээс илүү үнээр бензинээ зарж эхэллээ тэд хожиж ард түмэн хохирсоор.

0  |  0
Top