Д.Шагдарсүрэн: Өнийн манан татаад говь нутгаар өнтэй өвөлжих шинжтэй

2021 оны 09 сарын 28

Жил бүрийн намрын дунд сарын шинийн 15-нд тэнгэр хангай шинжиж ирэх өвлийн өнгө төрхийг шинждэг билээ. Энэхүү уламжлал эрдмийг өвлөсөн нутгийн ардууд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг Бага залаа ууланд гардаг болсоор удаж байна.  Тэнгэр хангай шинжих эрдмийг бидний өвөг дээдэс олон зууны туршид өвлөж өдгөө энэ үед уламжлан авч иржээ. Энэ жилийн өнгө ямар байх талаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн гуайтай хөөрөлдлөө.


 

-Энэ жил нийт нутгаар намаржаа хэр байна вэ?

-Сайхан байна. Хангай бол ярих юм байхгүй сайхан. Говь нутагт хэдийгээр оройтож зун болсон ч цаг сайхан байна. Их борооны улмаас тогтсон нэлийсэн цагаан тойром мэлтэс гээд л угтдаг юм байна. Энэ чинь юу билээ гэж гайхахад хүрдэг байна шүү. Гайхахын учир гэвэл би сүүлийн 19 намар энэ замаар явж байгаа хүн. Хур бороотой жил чиг л байсан, хуурай гандуу жил чиг л байсан. Цагаандэлгэр сумын төвийн арханд байдаг Цэгээний хоёр тойрмоос өөр ийм том цөөрөм тааралдаагүй болоод л тэр шүү дээ. Ангир галуу чуулалдсан сайхан намар болж байна лээ.

-Монголчуудад намрын дунд сарын шинийн арван таванд тэнгэр хангай шинжих эртний уламжлал байдаг. Та энэхүү уламжлалыг олон жил сурвалжилж яваа хүний нэг. Энэ жил ямар газар оронд, ямар уулан дээр гарав даа?

-Миний бие тэнгэр хангай шинжих өдрийг тэсэн ядан хүлээн байж сурвалжилж иржээ. Нутгийн мэргэн ардууд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Бага залаа хэмээх уулан дээрээ жил бүр гардаг. Энэ уулан дээрээс дөрвөн зүгт харагдах газар орны өвөл ямар болохыг шинждэг. Цаашид Монгол орон даяар ажиглалтын цэгүүдийг олшруулаад олон газрыг шинжвэл Монгол орныг бүхэлд нь хамарсан дүн шинжилгээ гарна шүү дээ. Бага залаа уулан дээрээс зүүн тийшээ Чойрын богд, зүүн урагшаа Малхын тал, баруун урагшаа Ерлөг уул, баруун тийшээ Их Угтаал уул, хойшоо Төв аймгийн Баянцагааны нурууны Их уул харагдана. Хэрэв Их Угтаал дээр гарвал цаашаа баруун тийшээ илүү харагдана. Баянхараат уулан дээр гарвал урагшаа илүү харагдана. Нутгийн ардууд энэ жил уул  овоон дээрээ сайхан тарж гарсан. Өндөршил сумын Ц.Баяр Баянжаргалангийн Багабаян уулан дээр, А.Лхагвасүрэн Ерлөг уулан дээр, Говь-Угтаалын Ш.Эрдэнэбулган Бага залаа уулан дээр, Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Батжаргал сумынхаа Хонгор хайрхан дээр гарсан.

-Говь-Угтаал сумын тэнгэр хайрхан та бүхнийг хэрхэн угтаж авав. Нутгийн ард түмэн өргөн цуглав уу?

-Шөнө дундын хэрд Бага залаадаа иртэл эргэн тойрон битүү манан угтсан. Өчигдрийн орсон их борооноор хөрсөнд шингэсэн чийг босож ийнхүү өтгөн цагаан  манан татжээ. Өд хөдлөх  салхигүй, дулаахан гэж жигтэйхэн сайхан байлаа. Наран шингэхийн хэрд тааралдсан их тойрмын ойролцоо хэдхэн хоногийн өмнө үзүүр нь шарлаж байсан таанын ёроол дахин сэргэж, өтгөрч, ногоо хэнзэлж байгаа нь анзаарагдсан шүү. Энэ сайхан чийг, энэ сайхан дулаан, ийм нам гүм шөнө  ногоо ч ёстой “суга ургах” байлгүй гэж бодогдож байлаа.

Олон намар  тэнгэрээ таниулсан “Болзоотын бор толгой” болсон Бага залаа уулан дээр хүмүүс их ээ цугларч байна аа. Дундговь аймгийн Дэрэн сумын засаг дарга Л.Амартүвшин, Төв аймгийн Баянцагаан сумын засаг дарга Д.Хүрэлбаатар нар малчдын төлөөлөлтэйгээ, бас Төв аймгийн ЗДТГ-ын хэдэн хүн ирсэн байх юм. Засаг дарга нар ч яахав, өөр өөрийн сумандаа өвөл ямар болох талаар таамаг сонсох гэж яваа. Сумын төлөөллүүд ирдэг нь энэ өвлийнхөө бэлтгэлээ базаах, төлөвлөгөөгөө боловсруулах гэж, малчдадаа энэ эрдмийг суралцуулах гэж ирдэг юм шүү дээ. Цар тахалтай байхад хүн бага цуглуулаарай гэсэн чинь нутгийн ард өргөн ирсэн байна лээ.

-Тэнгэр хангай шинжих эрдмийг гаргууд эзэмшсэн хүн хэр олон байна вэ, тэднээс нэрлэвэл?

-Олон арван жил уул овоон дээр гарч дөрвөн зүг найман зовхист дурангийн  хараа сунгаж өглөөн нартай золгодог мэргэн ардуудаас минь өнгөрсөн хавар С.Дашдорж гуай бурхны оронд явчихсан, Хэнтий аймгийн Дархан суманд суугаа М.Баасанжав гуай “Би өндөр настай болж тэнхээ хүрэхгүй боллоо” гэж чөлөө авсан. Баянжаргалангийн Ц.Баяр, Говь-Угтаалын С.Пунцагдорж, А.Лхагвасүрэн, Ш.Эрдэнэбулган, Д.Таванжин нарынхаа л амыг харсан даа. Чойроос н.Баярмагнай ирэх болов уу гэж бодож байлаа. Д.Таванжин маань эрүүл мэндийн шалтгаанаар Хужиртад сувилуулж байгаа гээд ирээгүй.

Ингээд Ц.Баяр маань Баянжаргалан сумынхаа Бага баян гэдэг уулан дээр, А.Лхагвасүрэн маань Ерлөг хайрхан дээрээ, бид Бага залаа дээр Ш.Эрдэнэбулантайгаа гарч хоноцгоолоо. Манай Ш.Эрдэнэбулганы аав нь бас уулан дээр гарч улирал шинждэг  эрдэмтэй хүн байлаа. Багаасаа аавыгаа дагаж уул овоонд гарч тэнгэр шинжих эрдмийг өвлөсөөр эдүгээ гуч гаруй жил ажигласан туршлагатай эр болжээ.

-Шинэдийн саран тэнгэр хангайгаа ирэх өвөл ямар байна гэж харуулав даа. Дуран тавиад л суудаг шүү дээ. Чухам юуг нь шинжиж хардаг юм бол?

-Тэнгэр, газрын савслагыг л дурандана шүү дээ. Сар дээр хөөрсөн хойно, шөнө дундаас хойш л ажиглалт эхэлдэг юм. Дөрвөн зүг, найман зовхист газар, тэнгэрийн өнгийг хараад байгаа юм. Нэг бүүдийгээд л, нэг тодроод л, нэг цэлийгээд л байдаг шиг байгаа юм. Энэ жил битүү манантай байсан. Хур бороотой байсных шүү дээ. Манан өөрөө олон янзын өнгөтэй. Мананг их сайн ажиглаж чаддаг хүн бол 12 төрөлд хувааж ялгадаг гэж байна шүү. Зудын манан, жаврын манан, өнийн манан, салхины манан гээд л бий. Энэ жил өнийн манантай байна гэсэн.

Бага баян, Ерлөг хайрхан, Бага залаа хайрхан дээр сүлжээтэй болохоор бид ярилцаж тохирсон ёсоороо утсаар холбоо барилаа. Ц.Баяр, А.Лхагвасүрэн, Ш.Эрдэнэбулган гурав маань ам нэгтэй “Сайхан өвөл” гэлцэж байна. Харин Ц.Баяр “Олон гялгар /тэд нэр үл мэдэх тод одыг тэгж хэлдэг юм/ гарч байгаа. Хүйтэн өвөл болох байх” гэсэн. А.Лхагвасүрэн “Цагаан сарын наана, цаана цас хаяж мэднэ” гэсэн. Ш.Эрдэнэбулган “Өвөл юм чинь цас орж хүйтрэлгүй л яах вэ. Ямар ч байсан яаая ийе гэхээр хатуу өвөл болохгүй. Цас орсон ч тал руугаа л илүү унах байх гэж байна. Өөрөөр хэлбэл Чойр, Малхын тал руугаа гэсэн үг л дээ.

Эдгээрийг багцлаад хэлбэл энэ жил говь нутгаар сайхан өвөл болно. Арванхоёрдугаар сард хүйтэрнэ. Цагаан сар дамнаад цас орно гэсэн таамагтай. Мөн хавар урт болно гэж гарсан. Өвлийн төгсгөл, хаврын эх рүүгээ хатуурч мэднэ. Бага залаа уулан дээрээс баруун тийш хар өвөлжинө, зүүн тийш Малхын тал, Чойр руу цас ахиу орно гэсэн таамагтай. Харин үлийн оготоно ихсэх юм байна шүү. Энэ бол Монгол орон даяар биш, зөвхөн говь болон төвийн бүс рүүгээ л өвлийн өнгийг тодорхойлж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэнгэр хангай шинжээд өнтэй өвөл болно гэсэн гээд Завханыхан хайнга байж болохгүй шүү дээ. Тиймээс л тэнгэр хангай шинжих цэгийг олшруулмаар байна гээд байгаа юм. Харин хангай талдаа буга эрт урамдсан, жимс их ургасан учраас энэ өвөл хангай руу хатуу өвөл болно гэдгийг онцолж байна.

-Баруун аймгаар тэнгэр хангай шинжих онцлог нь өөр байдаг уу?

-Гурван жилийн өмнө Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин н.Сайнбилэг гэдэг хүнийг дагуулж явсан юм. Өвөрхангайн уулан дээр гартал говь шиг харагддаггүй уул нь халхалчихаад байдаг юм. Тэгэхээр уулын оройгоо л шинжинэ дээ. Уулын оройгоор хүрэн будан татаад байвал салхитай, цагаан манан татаад байвал жавартай, үүл суугаад байвал хуртай гээд л олон янз. Шинийн арван таванд аль зүгтээ үүлтэй байна тэр зүгтээ цас орно гэж шинжээд байх шиг байгаа юм.

-Тэнгэр хангай шинжихэд Цаг уурынхнаас эрдэмтэд хамт явдаг уу. Уламжлалт арга ухаан болон шинжлэх ухааныг хослуулахад хэр ойр буудаг вэ?

-Жил бүр Төв аймаг, Дундговь аймгийн Цаг уур орчны шинжилгээний газрынхан ирдэг юм л даа. Энэ жилийн тухайд Төв аймгийн Цаг уур, орчны шинжилгээ мэдээлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Гэрэлцог гэж залуу ирсэнд би их олзуурхсан. Өмнө нь Дундговь аймгийн УЦУОҮШТ-ийн дарга мэргэжилтний төлөөлөл заавал ирдэг байсан юм. Харамсалтай нь энэ жил цар тахлын улмаас ирж чадахгүй гэдгээ дуулгасан. Би эдгээр мэргэжилтнүүдийг авчирдаг болсон юм. Энэ нь ч их учиртай. Цаг уурын шинжээчид мэргэн ардуудын таамаглал дэвшүүлсний дараа шинжлэх ухааны аргаар гаргасан ирэх өвлийн тойм мэдээг өөрийн орон нутагт нарийвчлан танилцуулдаг.  Энэ жил Цаг уурын газраас аравдугаар сард дулаахан, арваннэгдүгээр сард хэвийн, арванхоёрдугаар сард хүйтэн байна гэж гарсан. Арванхоёрдугаар сард их хүйтэн байвал хавар сунахын дохио л доо. Уламжлалт арга ухаан, шинжлэх ухаан хоёр нэг их зөрөөгүй л гарч байгаа биз.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top