Намрын шүлгүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 26

Б.Явуухулан

НҮҮДЭЛЧНИЙ НАМАР

 

Нарс найгаа л

Навчис хийсээ л

Уулын оройд будан суугаа л

Шувуу буцаа л

Хяруу унаа л

Өвсөн толгойд цан буугаа л

Тал шарлаа л

Мал холхио л

Сэтгэл гэнэт догдлоо л

Салхи сэвээ л

Өрх дэвээ л

Өлөн шороо тэнгэрт босоо л

Айлууд нүүгээ л

Амрагууд холдоо л

Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж

 

Б.Лхагвасүрэн

 

ХУРИМЫН ЗАР

 

Гүүний сүүл хөл дундуураа уруудсан намрын өдөр

Гил хар нүдэн чиний хуримын зарыг олны салхинаас сонслоо

Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан худгийн асгарт хэллээ

Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа

Найран дээр нь очлоо

Унага тамгалсан найртай давхацсан хурим

Уул доргиосон нижгэр боллоо

Их хөлтөй найрнаас сэтгэл салган гарвал

Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ

Энтээ уулын хярд, азын цолмон өеөджээ

Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин

Хаданд цав суутал тас тас инээнэ

Эрхэлж унасан намрын мананг яран

"Эр бор харцага" сэрчигнэнхэн замхарна

Уг нь би тэднийд агсам тавья гэж очсон юм

Ухаант ардын дуунд хүлээтэй байгаад чадсангүй

 

 

А.Эрдэнэ-Очир

 

ТУНГАЛАГ ГУНИГИЙН УЛИРАЛ

 

Сэтгэлийн дотор зөөлхөн хөндүүр байх

Сэрэл мэдрэмж өгч, аглагшин зовохын сайхныг ээ

Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод

Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ

 

Амьдрал дандаа гялбаа цахиж, тэнгэр дуугарч байвч

Аядуу зөөлөн үүрсэх нь л цээжний гүнд анир цочооно

Алс хол, мянган жилийн цаадах бургас шуугихыг

Аньсага цавчихын зуур олж сонсох зүүд шигээ

 

Бүрэнхийд бүсгүй хүн инээх нь одод сэрвэгнэх шиг болоод

Бүлээхэн тунгалаг аялгуу цээжинд урсахад залгилнам аа

Бүдэг саран цэнхэр сарнаас илүү энхрийлэлтэйг мэдээд

Бүүр түүрхэн санаашрал төрөх нь урьдын явдлын гунихрал аа

 

 

Г.Аюурзана

 

МИНИЙ МЭДЭХ НАМАР

 

…Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч

Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ

Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт

Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж

Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна

Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт

Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна

Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг

Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг

Яг далайн давлагаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчихэж

Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм

 

 

 

Ц.Доржсэмбэ

 

НАМАЙГ ХАРСАН НҮД

 

Намайг харсан нүдээрээ

Өвгөн хэрээ

Хоёр зуун жилийн дараах

Намрыг харна

Доржсэмбийн шүлэглэсэн

Намар цаг

Домог болон

Үлдэнэ ээ хөөрхий....

 

С.Ууганбаяр

 

НАМАРТ БИ ДУРГҮЙ

 

Намарт би дургүй

Нүүж явдаг юм бүхэн тэнд бий

Нулимс хүртэл аягандаа багтахгүй

Нүүж урсаж л байдаг

Нар хүртэл дэлхийд багталцахгүй

Буцаж нүүж л явдаг

Намарт би дургүй

 

Хүүхдийн инээд шиг

Хэдэн бор шувуу

Хээр талын өвсөн дээгүүр

Хэл сураг тасран нүүж л нисдэг

Намарт би дургүй

 

Нарнаас илүү шатаж амьдрах гэж

Цагийн хяруунд даруулсан хүмүүс

Нулимстай олон сэтгэлийг анзааралгүй орхиод

Цаг хугацаанаас чанад руу нүүж л явдаг

Сарнаас илүү гэрэлтэж амьдарна гэж

Салах хагацахын сүүдэрт бөгтийж нүүдэг

Сайхан залуу нас цагийн хөлд үрэгдэж

Санахын тоосонд булуулж нүүдэг

Намарт би дургүй

 

Өчигдрийг бүтээгч маргаашийн төлөө амьдарч

Өвлийг өртөөлөн хаврыг зорьдогт чинь хайртай

Хамаг бүхэн өөдөөс нүүж ирдэг

Хаварт би хачин их хайртай.

 

 

Т.Дарханхөвсгөл

 

БИДНИЙ НАМАР

 

Би чамдаа хэлсэн шүү дээ хонгор минь

Бидний орчлонд сайхан зүйлс зөндөө гэж

Навчсыг нэг, нэгээр нь алган дээрээсээ үлээж суухдаа

Нэг тийм жаргалтай дууг нь сонсдоггүй гэж үү?

Мөчрөөсөө салан анх ниссэнээс нь хойш

Мөрөөдлийг нь биелүүлж чи минь дахин нисгэсэн учир тэд дуулж байна

Намрыг хамгийн сайхан улирал мөн гэж би чамдаа хэлсэн шүү дээ

Эзгүйрсэн нуур гунигтай харагдах ч түүнд хаврыг хүлээх итгэл бий

Яг л дэргэдээс минь гэнэтхэн алга болчихоор чинь юу ч хийлгүй

Явсан газар чинь иртэл чинь зогсох шиг минь

Эсвэл өөдөсхөн охиноо дээр өргөхөд инээд алдаад

Нисч байна гэж үнэн голоосоо хашгирдаг шиг

Цагаахан хүсэлт минь, цаг хугацааны минь намар минь

Цас инээж чаддаг гэж хэлсэн шүү дээ

Чиний минь энгэрт охин минь нялхамсдаг шиг

Алгаа дэлгээд цасан ширхэгийг тос доо хайрт минь

Амьсгалаа түгжээд тэдний инээхийг сонс доо

Анхны цаснаас бусад нь инээдэггүй юм шүү дээ

 

 

А.Сүглэгмаа

 

НАВЧИСЫН ШУУРГАНААР

 

Горь тасрах мэт ганц улаан навч

Гол зуран сэтгэлийн гүн рүү хийсэхдээ

Хэлбэр дүрсээ хэдийн алдчихсан, бас гандчихсан

Хэнхдэг цээжинд минь эргэлдэх үй түмэн навчсыг дагуулан

Арван гуравтайгаа л очихыг хүсдэг байсан

Амьдралын гаднах харгуй руу шууран одов оо...

 

Ай, юутай их нүргэлээн

Ахиад л намар болно гэхээс

Турьхан бие минь дагжин чичирнэ

Тулах цэггүй ганхан зогсоно

 

ц.АВИРМЭД

 

ТЭР НАМАР

Шувууд буцаж эл хуль оргисон тэр намар

Шугуй шарлаж аав хадланд гарсан тэр намар

Надтай тоглодог ажаа айлд очсон тэр намар

Намайг том болоорой гэсэн тэр намар

Нар буцаж зуслангаас нүүсэн тэр намар

Хяруу унаж сөл гандсан тэр намар

Чихэр өгдөг ажаа минь холоо явсан тэр намар

Чи хаачих нь вэ? гэж би асуугаагүй тэр намар

 

Зэгс шуугиж тогоруу зэллэсэн тэр намар

Айраг шаагин ангир тээрсэн тэр намар

Шинэ сарнаар очоорой гэсэн тэр намар

Шивээ ганхуулж би дагаж гүйсэн тэр намар

 

Нэг л өглөө ажаа хол явсан тэр намар

Нөгөө хацрыг нь дараа үнсэнэ гэсэн тэр намар

Хөөрхөн эгч гоёод л байсан тэр намар

Хөөрөөд л би юу ч мэдээгүй тэр намар

 

 

Д.Бямбажав

 

НАМАР

 

Сэтгэлд далдын гуниг үргээж салхи сэвэлзэнэ

Итгэлд хайрын шивнээ мялааж амраг минь эрхэлнэ

Сэмбэрүү манан газраар хөглөрч тэнгэр хуйсагнана

Сүмэн өвс өнгөө гоёж дэлхийг аргадна

Намайг хайрласан бүхний зүрхэнд би уянга болж эгшиглэнэ

Намрын гурван сарыг аргамжиж ятга болон товшуурдана

Зөөлөн зүсрээ нь дээвэр гижигдсэн энэ өдрүүдийн

Зүүсгэл гоёл нь миний энхрийхэн хайр байж нялхарна

Тэртээгээс морьтон бууж мордох дэлгэр цагийн

Тэлмэн жороо аялгуунд таанын замбага сугсарна

Тэрлэг нимгэн бүсгүйн уяхан гоо бэлхүүсэнд

Тэнгэрийн нарны ханхүү мөнгөн бүс ороож үзэгдэнэ

Суль өвс жиндээж мэдэх оройтсон борооны

Цул итгэл алдарч болох солонгон өнгөнд

Сэтгэлийн шувуу нисэн нисэн бууж далдыг шивнэнэ

Сэмхэн гуниг үргээн үргээн ойртож бодлыг минь уншина

Үүл эсгэн ганганах шувуудын зэллээнд хүслээ дайж

Үрэл мөнгөн шүүдэрт цэцэгсийн дэлбээнд өлмийгөө зүлгэж

Өөрөө би цуурай нь оддын чөлөөнд нэвт гэрэлтэх

Өнөөдрийг маргааштай нь холбосон цахилдган цэнхэр бөгж юм

Огторгуйд анивчин анивчин шөнийн мэнд илгээсэн

Оддын дурлалыг энд хэн нэг нь тосон авч

Хязгааргүйн гүнээс уусан мэлтрэх зүүдний тайтгаралдаа

Хайрын шувуухай болгон алган дээрээсээ нисгэнэ

Энд би намрын тухай шүлэг тэрлэж суухад

Тэнд өвлийн цасны цагаахан хяруу хялмаалж эхэлнэ

Энд навчисын сэрчигнээнд бодол хулжиж өртөөлөхөд

Тэнд найрын дугараа уртын дуутай шуранхайлна

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэгээ(43.242.243.7) 2023 оны 10 сарын 18

Тиймч гоё биш ч гэсэн үнэхээр гоё болжээ

1  |  0
Top