Засгийн төлөөлөл "Роснефть"-ийн удирдлагатай уулзахаар ОХУ-ыг зорьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

ОХУ-ын Роснефть компанийн зүгээс ирэх аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл Монгол Улсад шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан АИ-92 шатахууны хомсдол бий болж, Засгийн газар болон шатахуун импортлогчид АИ92 авто бензинд хязгаарлалт тогтоогоод байна. Ингэхдээ 30 мянгаас дээс төгрөгөнд шатахуун олгохгүй байх шийдвэрийг гаргажээ.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох газрын хүмүүс асуудлыг шийдэж, ярилцахаар ОХУ-ыг зорьжээ.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Долоо, наймдугаар сард шатахууны татан авалт хангалттай байсан. Нэгдүгээрт, Монгол Улс 100 хувь гадаадаас импортоор шатахуун авдаг. ОХУ-тай гэрээ хийж, зохицуулалт хийдэг. Гэрээнд 2018 онд өөрчлөлт оруулсан. Дэлхийн зах зээлийн үнэтэй уяж, шатахууны үнийг тогтоож өгсөн байдаг. Талууд гэрээнийхээ үүргийг хүлээгээд явдаг заалттай. Өнөөдөр яам, газрын тос импортлогчдын төлөөлөл ОХУ-ыг зорьсон. Маргааш ОХУ-ын "Роснефть" компанийн захиралтай уулзана. Хятадаас шатахуун орж ирсэн тохиолдолд саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэх бүх зүйлийг хангасан. Өнөөдөр хязгаарлалт хийсэн. Хомсдол үүснэ гэх ойлголтоор их хэмжээгээр нөөцөлдөг. Тиймээс тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийж байна. Ойролцоогоор 5-7 хоног гэж харж байна, нэг машинд 30 мянган төгрөгөөс дээш үнээр бензин өгөхгүй. Энэ хугацаанд шатахуун оруулж ирнэ гэж төлөвлөж байна" гэх мэдээллийг өнөөдөр /2021.09.21/ өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top