Э.Төрбат: Би "Ууганхүү" шиг тогтуун хүн биш

2021 оны 09 сарын 15

Онгоцноос буусан даруйдаа гэнэт л аавтайгаа уулзахаар шийдэж, хайж эхэлнэ. Эрэл хайгуул болсны эцэст аавыгаа оллоо гэж бодон хамтдаа амьдрах ч хожим бүх зүйл 360 градус эргэдэг адал явдлаар дүүрэн киноны гол дүр Францаас ирсэн соёлтой  залуу Ууганхүү.

“Гэнэтийн зочид” ОАК-ны соёлтой, боловсон залуугийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн X-Түц продакшны залуу жүжигчин Э.Төрбаттай ярилцлаа. "Ууганхүү"-гийн дүр түүний анхны гол дүр бөгөөд тэрбээр энэхүү киноныхоо зураг авалтын үед тохиолдсон хөгжилтэй агаад хүндхэн дурсамжийнхаа талаар хуваалцаж, яриа өрнүүлсэн юм.


"Жүжигчин болох хүсэл маань хоёр зүйлээс шалтгаалсан"

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Бусад хүмүүс шиг хар багаасаа жүжигчин болно гэж мөрөөдөж байгаагүй. Жүжигчин болох хүсэл маань хоёр зүйлээс шалтгаалсан.

10 дугаар ангид орох жил хөл маань мурийгаад “K” хэлбэртэй болсон юм. Тухайн үед алхаж ч чаддаггүй байлаа. Аргаа бараад суга таягтай явдаг байсан. Үүнийг эмчлэхийн тулд хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй болж, орчин үеийн чөлөөт бүжиг сонирхож эхэлсэн.

Бага байхдаа “Punk and rap” гээд чөлөөт бүжгийн хамтлагийн бичлэгийг нь үзэж, дагаж бүжиглэж, сургалтад нь хүртэл суусан. Ингэж бүжиглээд миний хөл бага багаар эдгэж эхэлсэн. Тэгээд л урлагт дуртай болсон доо.

Жүжигчний мэргэжлийг сонгоход нөлөөлсөн өөр нэг зүйл нь дотнын хүн маань жүжигчин болохыг хүсдэг байсан юм. Харамсалтай нь тэр хүн мөрөөдлөө биелүүлж чадалгүй хорвоог орхисон. Тиймээс мөрөөдлийг нь гүйцээхийг хүссэн юм. Ингээд 2012 онд СУИС-д элсэж байлаа.

-Үзэгчид таныг “Гэнэтийн зочид” ОАК-ны Ууганхүүгийн дүрээр мэддэг болсон. Энэ кинонд хэрхэн тоглох болов?

-“Гэнэтийн зочин”ОАК-ны Ууганхүүгийн дүр бол миний хамгийн анхны гол дүр. Би “Боловсрол” телевизийн “Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлэгт туслах жүжигчнээр ажиллаж байсан юм. Тухайн үед “Гэнэтийн зочин” киноны дүрийн сонгон шалгаруулалт болж байсан. Тэгээд л найзтайгаа хамт орсон. Удалгүй кино багаас над руу залгаад “Та тэнцсэн байна. Ирж уулзаарай” гэсэн. Ийм мэдээ сонсоод маш их баярлаж байлаа.  

Би Ууганхүү шиг тогтуун хүн биш

-Ууганхүүгийн дүрийг бүтээхэд хэцүү зүйл байсан уу? 

-“Гэнэтийн зочид” киноны Ууганхүү бол маш өндөр боловсролтой. Англи, Франц хэлтэй. Гэтэл миний хэлний мэдлэг дутмаг. Тийм болохоор хамгийн хэцүү нь гадаад хэл байсан.

Гадаадаас ирсэн соёлтой боловсон залуугийн дүрийг бүтээхийн тулд олон зүйлд суралцсан. Халаасандаа гараа хийх, элгээ эвхэх гээд бусадтай харилцахдаа анзаарахгүйгээр олон алдаа гаргадаг юм байна лээ. Найруулагч маань “Чи бол маш өндөр соёлтой хүн. Соёлтой хүн хүнтэй ярьж зогсохдоо халаасандаа гараа хийхгүй. Тухайн хүнийг үл хүндэтгэж байна гэсэн үг” гэж хэлдэг байсан.  Тэр бүх жижиг зүйлсийг өөртөө хэвшүүлэх эхэндээ хэцүү байсан. Гэхдээ сүүлдээ дасаад соёлтой залуу болчихсон.

-“Гэнэтийн зочид” киноны Ууганхүүгээс өөрийгөө хэр ялгаатай гэж боддог вэ?

-Би Ууганхүү шиг тогтуун хүн биш. Амьдрал дээр бол их сахилгагүй. Ууганхүүтэй өөрийгөө харьцуулвал 70:30-ийн харьцаатай. Миний 30 хувь нь л Ууганхүү байгаа байх. Ууганхүүгийн хэр баргийн зүйлд уурладаггүй, зөөлөн зан төрх нь л надад байгаа.

Машин, техникт “Улаан нойл”

-Би амьдралдаа нэг ч удаа жолооны ард сууж, машин хөдөлгөж үзээгүй. Сонирхол байдаггүй юм. Гэтэл кинонд маань машин барьдаг хэсэг их гардаг. Азаар манай Мөрөнгийн дүрд тоглосон Р.Нандинцэцэг машин сайн барьдаг. Тэгээд Нандиагаар машинаа бариулахын тулд текстэндээ дандаа “Чи барих уу” гэдэг үг оруулсан.

Кинонд маань машины дугуй сольдог хэсэг байдаг.  Машин барьдаггүй хүн дугуйг нь сольж бол бүр ч мэдэхгүй шүү дээ. Ярилцах хоорондоо боолтыг нь эргүүлээд л байсан. Зураг авалт дуусаад өөр газар руу явах гэтэл миний дугуйг нь сольсон машин хөдөлдөггүй. Гайхаад хартал эргүүлж байхдаа гурван шифилкийг нь гурвууланг нь хуга татчихсан байна гэсэн. Хүний машин эвдэлчихсэн болохоор гутраад, дуугаа хураагаад хэсэгтээ чимээгүй болсон юм. Тэр үе хамгийн хэцүү үе байсан.

“Зураг авалтын ард сууж, дагаж жүжиглэдэг байсан”

-2015 онд гуравдугаар курст байхдаа X-Түц продакшинд орсон. Сургуулиа төгсөх дөхсөн болохоор сурах ёстой бүхнээ сурчихлаа, одоо болсон гэж бодож байлаа. Гэтэл мэргэжлийн “гал тогоонд” нь ороод өөрийгөө хангалттай хэмжээнд болоогүй гэдгээ мэдсэн. Яг тэр үед бүх зүйл тэгээс эхэлсэн. Шоу тоглолтод тоглох, камерын өмнө жүжиглэх гээд бүгдийг суралцаад эхэлсэн. Зураг авалт хийж байхад ард нь сууж, дагаж жүжиглэдэг байсан. Одоо ч суралцсаар л байгаа.

“Найруулагчдын санаанд хамгийн эхэнд би буудаг болгохыг хүсэж байна”

-Миний хамгийн их хүсэж байгаа зүйл бол Монголд уран бүтээл хийж байгаа найруулагч нарын нүдэнд өртчих юмсан гэсэн л бодол байна. Хэн нэгэн ямар нэгэн уран бүтээл хийхдээ надад тохирох дүр байвал хамгийн түрүүнд санаанд нь би буудаг байгаасай. Бас өөр өөр зан төрхийг гаргасан дүрд тоглож өөрийгөө олон талаас нь сорьж үзмээр байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top