Нөхөн сонгуульд МАН Засаг дарга нар аа, АН шороотой бөхчүүдээ илгээнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог болон Хэнтий аймаг, УИХ-ын 18 дугаар тойрогт ирэх аравдугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгууль тус тус болно. Нөхөн сонгууль болох хоёр тойргийг битүүхэн горилогчид зуны турш “ноолсон”-оос харахад өрсөлдөөн ихтэй болох ч МАН, АН хоёрын дундах өрсөлдөөнөөс ялагч тодрох болов уу. Хамгийн гол нь нөхөн сонгуульд “Би өрсөлдөнө” гээд дурын нэг нөхөр очоод “уралдчихгүй”. Намууд хуралдаж, нэр дэвшигчээ хэлэлцэн тодруулдаг бөгөөд ирэх есдүгээр сарын 1-ний дотор эцэслэн зарлах хуультай.

Юуны өмнө олны анхааралд байгаа Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар өрсөлдөнө гэсэн мэдээлэл хавар зуны сарыг барсан ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус тойрогт өрсөлдөхөөр болсон гэх мэдээтэй нэр нь сураг тасрав. Гэтэл тохиролцооны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилогдсон эцэг Н.Энхбаяр ч ажлаасаа татгалзсан. Ингэхээр зөвхөн нөхөн сонгууль гэлтгүй МАН-ын дотоод улс төр өөрөөр эргэх нь дамжиггүй боллоо.

Нөхөн сонгуулийн сургаар жижиг нам, эвслүүд бүтэн жил битүүхэн хөл алдаж байгаа бол эрх баригч намынхан тэгтлээ хөл алдахгүй байгаа нь анзаарагдана. Тэр тусмаа Сонгинохайрхан дүүрэгт тэгтлээ шунахгүй байна. Шалтгаан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөх учраас түүнтэй тулах зоригтон 100 жилийн түүхтэй МАН дотор алга гэх хүмүүс ч бий. Х.Баттулга нэгэнт улс төрөө эхлүүлж Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөх юм бол бусад нам эвслээс нэр дэвшигч өрсөлдөнө гэдэг яавч амаргүй болох байх. МАН-аас “Нам дэмжвэл нэр дэвшинэ” гэж байгаа С.Мөнхчулуун, “Тавантолгой түлш”-ийн захирал асан М.Ганбаатар гээд олон хүн байгаа учраас тэдний аль нэгийг явуулж болох ч нэг суудал хайран. Гэхдээ тун чимээгүй, бэлэн байдалд байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байсан Ж.Сандагсүрэн нөхөн сонгуульд өрсөлдөх магадлал бий. Магадлал байгаагаас гадна Ж.Сандагсүрэн дарга эртнээс нөхөн сонгуульд чимээгүйхэн бэлдэж байсан гэдгийг ч эх сурвалж нуусангүй. Түүний хувьд дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан болохоор Х.Баттулгын хамгийн хүчтэй өрсөлдөгч болж таарна.

Х.Баттулгын хувьд АН-аас мандат авах ямар ч аргагүй учраас тамгатай намын мандатыг “Сумо” Д.Батбаяр авна гэдгийг эх сурвалж хэлсэн. Д.Батбаярын хувьд 2016, 2020 оны сонгуульд тус тус өвдөг шороодсон. Энэ утгаараа хоёр наадамд дараалан унасан шороотой бөх. Тус тойрогт АН-аас О.Магнай гэх мэт олон нөхөд горилж байгаа ч тэдэнд энэ удаад мандат байхгүй аж. Олонхийн таамаглаж байгаагаар бол тус тойрогт МАН-аас Ж.Сандагсүрэн, АН-аас “Сумо” Д.Батбаяр, бие даагч Х.Баттулга гэсэн ширүүн өрсөлдөөн болох төлөвтэй. 

Тэгвэл эцсийн нөхцөлд Хэнтий аймагт болох нөхөн сонгууль тэс өөрөөр эргэж байна. Шуудхан хэлэхэд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ах намаас мандат авах хамгийн өндөр шаанстай нөхөр гэдгийг эх сурвалж хэллээ. Уг нь эртнээс Л.Батжав гэх нөхөр “2020 оны УИХ-ын сонгуульд миний бие хуульчийнхаа хувьд Хэнтий нутгийн иргэдийн итгэлийг хүлээхээр дэвшихээр ажиллаж байсан. Гэвч тухайн үед МАН-ын удирдлагууд дуудаж уулзаж, Хэнтий нутгийн төлөө санал солилцсон. Намд элсэх санал тавьсан” хэмээн хэнээс ч юм өр авлага нэхэх замаар сонгуульдаж байгаа ч түүнд мандат өгөхгүй гэдгийг хэлэв. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, МИАТ-ийн дэд дарга асан Б.Энхбаатар нар горилж байгаа аж. Ийнхүү тус тойрогт ах намаас олон хүн горилж, Б.Энхбаатар, Ц.Идэрбат нар тунаж үлдсэн ч нэр цэвэр, өдгөө аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Ц.Идэрбатыг сонгох нь гарцаагүй болсон гэх.

Ц.Идэрбат нь багш мэргэжилтэй, 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016 оноос Чингис хотын захирагчаар ажиллаж байгаад 2020 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа нөхөр. Түүний хувьд улс төрд гэрлийн хурдаар явж байгаа залуу хүн. Үндсэндээ аймгийн Засаг даргаар богино хугацаанд ажиллаж байгааг эс тооцвол сумын Засаг даргаас шууд УИХ-д ирэх үүдээ нээж байна. Ийм хурдан бөгөөд дардан замыг түүнд нээж өгсөн хүн нь өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аж.

Харин нөгөө талаас Ж.Оюунбаатар, Х.Пүрэвхатан, Б.Гарамгайбаатар нар горилж байгааг дуулгалаа. Тэдний хувьд гэвэл сонгуульд өвдөг шороодсон нөхөд учраас даагаа нэхэх сонирхол байдаг байх. Гагцхүү орон нутаг дахь эх сурвалжуудын хэлж байгаагаар бол АН-аас нэр дэвшигчид газар авахгүй гэдгийг ч дуулгалаа. Харин хамгийн магадлал өндөр байгаа нь Ж.Оюунбаатар хэдий ч тамгатай намын дэд дарга Б.Гарамгайбаатарт нэр дэвших эрхээ булаалгаж мэдэхээр байна. Тэгээд ч “Б.Гарамгайбаатарын барьсан зам гэж там”, “Улсын хө-рөнгө шамшигдуулж, аавын хаалга татсан” гэх мэт мэдээлэл хэвлэлээр үе үе гардаг нь санаандгүй хэрэг биш байх. Ингэхээр Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар нь ч бай, Ж.Оюунбаатар нь ч бай шороотой бөхчүүд өрсөлдөх юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үангараа(202.179.24.234) 2021 оны 09 сарын 01

Нэг л их далдыг хардаг далай лам. Бичиж байгаа нь ч бичүүлж байгаа нь ч ичиж үхмээр дамшгууд юм. Аэрсүү монголчууд та нараас хэдэн хувь илүү оюуны потенциалтай шүү.

0  |  0
Top