ОЛОН ӨНГӨ: Есдүгээр сарын 1-нийг дурсахуй

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 29

Нугын цэцгэнд намрын нулимс мэлтэрсэн энэ өдрүүдэд хичээлийн шинэ жил эхэлдэг. Удтал уулзаагүй ангийн нөхөдтэйгөө уулзаж, гэр орон шиг санагдах анги танхимдаа ирнэ гэдэг сурагч насны хамгийн том баяр болдог байв. Ийм л цагийн инээд хөөртэй магнай дээр сурагч насны дурсамж хөндсөн гэрэлт шаргал өдрүүдийг нэхэн санах сайхан. Говь, тал нутгийн намар дуусахгүй юм шиг сунайж, тэр л завилж налайсан өвгөд шиг намрын өглөө гурван сар уулзаагүй ангийн нөхөд рүүгээ яарч байснаа өдгөө юутай ч зүйрлэх аргагүй.

Хөгнөөтэй хурга шиг толгод дунд орших сумын төвийн буйд чимээгүй байдал есдүгээр сарын 1-ний өглөө ийнхүү зад тавих. Инээд жаргалд ташуурсан энэ өглөө гурван сар хонин бэлчээр, гангийн наранд шаруулсан анд найзууд минь нүд шүд нь гэрэлтэн уулзана. Зүлгэсэн зандан шиг хүрэн бор болсон найзуудын гарын шуу бүдүүрч, дуу өтгөрсөн байх нь гойд сонирхол татна. Гуравхан сарын өмнө хоёр салаа гэзгээрээ агаар сандаан гүйж явсан зэгзгэр охидын чөргөр хөлд булчин суух маяг орж, дүрэмт хувцасны энгэр түрж, цээж нь наашилсан байх нь бүр ч илүү сонирхолтой. Ургаж яваа амьтан гэдэг нэг л өглөө төрөл арилжсан мэт болдгийг тэр л үед анзаарч байснаас ухаарч яваагүй байх.

Уулзалгүй удсан ангийн багш маань анх уулзаж байсан шигээ хөх торгон дээлээ шар дурдан бүсээр жавхайтал ороож, өндөр өсгийт жийсэн нь дэгжин янзаараа. Багш маань урьдын адил биднийг инээд алдан угтахад ээждээ очсон мэт санагдана. Энэ өдөр хамгийн дургүй багш ч аав шиг минь  харагдана. Энэ өдөр нударга зөрүүлж явсан дээд ангийн хөвүүн ч ах шиг минь санагдана. Ангиараа дэвтрээ уруулж явсан тооны багш маань янжинлхам бурхан шиг үзэгдэх агаад түүнийг ч санасан гэж жигтэйхэн.

Хичээлийн шинэ жилийн нээлт багахан хэмжээний наадмаас ч өндөр зохион байгуулалт, инээд баяр дүүрэн өрнөнө. Ингээд гурван сар малын бэлчээрт давхилдсан дотуур байрнынхан сумын төвийнхнийг урина. Дотуур байрны жижүүр энэ өдөр л ганцхан ааш зан сайтай, биднийг ямар ч саадгүй нэвтрүүлнэ. Тэд цагаан идээнээс эхлээд бүхий л зүйлээр дайлаад улаан халзан аравтын дэвсгэртээс эхлээд хөх халзан зуутын дэвсгэрт хүртэл гаргаж ирээд дэлгүүр орохыг санал болгоно. Энэ өдөр тэдэнд байхгүй зүйл гэж үгүй, арай л нэрмэл архи гаргаад сөгнөхгүй. Бусдыг бүгдийг гаргана. Есдүгээр сарын 1 тэр чигээрээ баяр хөөрөөр дүүрнэ гэж юу байхав. Таанын цэцгэнд охин насаа өгчихсөн мэт зарим охид үсээ задгайлж, нутгийн хөөрхөн эгч нарыг дуурайн зэмлүүлэх, сурагчийн дүрэмт хувцсаа тайлж орхиод мөрөндөө холхисон хослол өмсөж ирээд хөөгдөх хөвгүүд гээд баяр хөөрийн дундуур юм юм л болно. Зарим нэгэн “баян”-ы халааснаас “ВТ” янжуур гарч ирэхээс эхлээд завхай үг хэлэлцэх зэргээр баяр наадам чимэх зүйл мундахгүй. Сурагч насны дурсамжийг бурантаглан тэргүүлэх есдүгээр сарын 1-ний өдрийг дурсана гэвэл дуусахгүй ч гучин намрын цаадхи гуниг баяр өдгөө ч халуун дулаанаар цээжин алсад дэвэлзэх ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top