Үр зулбуулах эм ууж, цус алдсан эмэгтэй ЭХ НЯЛХАСТ хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 23

Өнгөрөгч амралтын өдөр буюу наймдугаар сарын 22-ны Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд цус алдсан эмэгтэй хүргэгдэж иржээ.

Тэрбээр хувийн эмнэлгээс үр зулбуулах эм худалдан авч хэрэглэсэн гэх бөгөөд өөрөөрөө төрөх боломжгүй тул ийнхүү эм уусан гэж мэдүүлсэн байна. Одоогийн байдлаар дээрх эмэгтэйн биеийн байдал сайжирсан гэх бөгөөд тэрбээр цагдаагийн байгууллагад үйлчлүүлсэн эмнэлэг болон уусан эмнийхээ тухай мэдээллийг өгөхөөс татгалзсан ажээ.

Хууль бус үр хөндөлт буюу  үр зулбуулах эмийн талаар хангалттай мэдээлэлгүйгээс болж эрүүл мэнд амь насны эрсдэлд орох  тохиолдол гарсаар байна. Эруүл мэндийн тухай хуульд «Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсний дүнд ургийн хөгжлийг зогсооно» гэж заасан байдаг.

Гэвч энэ төрлийн эмийг хувийн хэвшлийн эмнэлэгүүдэд төдийгүй гар дээрээс худалдаалсан зөрчил илэрсээр байна. Үр зулбуулах эмийн нөлөөнөөс болж жилд дунджаар 400 гаруй эмэгтэй улсын эмнэлэгт ханддаг. Энэ нь зөвхөн албан ёсоор мэдэгдэж байгаа тоо бөгөөд хувийн эмнэлгүүдэд хандаж, эмнэлгийн тусламж авсан эмэгтэйчүүдийн тоо үүнээс хэд дахин олон байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Өнгөрсөн жилийн тухайд эмийн гаж нөлөөнөөс үүдэж, таван эмэгтэй нас барсан бол арав гаруй эмэгтэй улсын эмнэлэгт хандаж сав, өндгөвчөө авахуулсан гэх тоог Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оо(162.158.179.105) 2021 оны 09 сарын 15

em yaj awh we

0  |  0
Top