Хятадын олимпын аваргуудыг шалгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Олон улсын олимпын хороо медаль гардуулах үеэр Хятадын удирдагч агсан Мао Зэдүний хөрөг бүхий тэмдэгтэй гарч ирсэн Хятадын алтан медальтай эмэгтэй дугуйчдыг шалгаж байна.

ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, энэ асуудлаар Хятадын үндэсний олимпын хороонд хандсан байна.

Бао Шанжү, Жон Тианши нар өнгөрсөн даваа гарагт эмэгтэйчүүдийн богино зайн дугуйн хосын уралдаанд түрүүлж, алтан медаль хүртсэн юм.

Олимпын дүрэм ёсоор, олимпод аливаа улс төрийн өнгө аястай үйлдэл үзүүлэхийг хориглодог. Олимпын хартийн 50-р заалтад улс төр, шашин шүтлэг эсвэл арьс өнгийг сурталчилсан үйлдлийг Олимптой холбоотой аливаа газар гаргахыг хориглоно гэж заасан байдаг. Гэхдээ энэ дүрмийг өнгөрсөн сард зөөлрүүлж, тэмцээний өмнө буюу дараа өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхийг тамирчдад зөвшөөрсөн юм. Ингэснээр, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн өвдөг сөхрөх зэрэг үйлдэл хийх боломж олгосон байна.

Гэсэн хэдий ч энэ хориг тэмцээний үеэр эвсэл медаль гардуулах ёслолын ажиллагааны үеэр үйлчилж байгаа юм.

Хятадын удирдагч агсан Мао Зэдүний хөрөг бүхий энгэрийн тэмдэг 1960-аад онд олон тэрбум хувиар үйлдвэрлэгдэж, төмрийн нийлүүлэлтэд нөлөөлж байсан тул үйлдвэрлэлийн тоо хязгаарлахад хүрсэн байна. Мао Зэдүний хөрөг бүхий энгэрийн тэмдгийг Соёлын хувьсгалын үеэр Мао удирдагчид үнэнчээ илэрхийлэн зүүдэг байсан ба одоо цагт тэмдгийг зүүх нь түгээмэл хэвээр үлджээ.

Top