Зам засварын үр дүнг хариуцах компани байгуулах шаардлагатай гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, хөтөлбөрт Авто замын сүлжээг шинэчлэх тухай асуудал орсон. Авто замын түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог замын 33 км, гол ба туслах замын 28.8 км замын зураг төслийг баталсан билээ.

Тэгвэл үлдсэн замаас 106.5 км замын зураг төслийг энэ жилдээ багтааж дуусгаснаар 2022 оноос авто замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ирэх оны дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм.

Харин авто замын түгжрэлд нөлөөлөх шинэчлэлийн хүрээнд үлдсэн 54.8 км замын зураг төслийг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэхээр хуваарилалтыг хийжээ. Уг төсөлд багтсан бас нэг асуудал бол нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Нийслэлийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуй нэгж, байгууллагын 98 чиглэлийн 960 автобус, троллейбус өдгөө үйлчилгээнд явж байгаагаас ирэх жилүүдэд 500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна.

Энэ онд нийт 106 автобусыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ ондоо багтаан шинэчлэхээр ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан байна. Үндсэн хөрөнгийн менежментийн систем гэдэг нь авто замын засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай, стратеги зорилтын хүрээнд авто замын чанар байдлын түвшнийг дээшлүүлэх урт хугацааны менежментийн бодлого юм. Тус бодлого нь үндсэн дөрвөн хүчин зүйлээс бүрддэг бөгөөд цогцоор хэрэгжүүлснээр авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх боломжтой.

Уг системийг нэвтрүүлж чадвал авто замын засварын ажлыг үр ашгаар нь эрэмбэлэн, тухай бүрд нь ээлжит засвар хийснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэх юм. Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг. Үүний 18.1 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 25.9 хувьд нь их засвар хийх, 38.2 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байна. Зам засварын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зам хариуцагч компани бий болгох шаардлагатай бөгөөд төрийн өмчийн байгууллага эсвэл хувийн хэвшлийн байгууллагын аль нь ч байж болно гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа.

Харин зам хариуцагчтай менежментийн гэрээ хийх ба сонгон шалгаруулалтыг санхүү болон туршлага дээр үндэслэн хамгийн багадаа гурван жилээр гэрээ байгуулах юм. Нийслэлийн авто замын засварын ажлын төлөвлөлтийг чанар байдлын түвшин, хагарлын шалтгаан болон засвар арчлалтыг үндэслэн боловсруулснаар одоо байгаа авто замын сүлжээний засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломжийг бүрдүүлнэ гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(5.255.146.65) 2021 оны 07 сарын 30

Yarshig neg moson yam bguulchih

0  |  0
Ir g(58.109.224.49) 2021 оны 07 сарын 30

Zuv

0  |  0
Top