Хүчирхийллийн улмаас таван хүүхэд жирэмсэн болж, үр хөндүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Өмнөговь аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Тус аймагт энэ оны эхний таван сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн 5.1 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 77.7 хувиар өссөн байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэг нийт 22 бүртгэгдсэн ба 18 хэрэгт нь прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

Түүнчлэн дээрх хугацаанд бага насны хүүхдийг хүчирхийлсэн есөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс жирэмсэн болсон, үр хөндүүлсэн таван тохиолдол бүртгэгджээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг өссөн шалтгаан нөхцөл нь архидалт, ажилгүйдэлтэй холбоотой байгаагаас гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, иргэдэд таниулах ажил хангалтгүй байгаатай холбоотой байна гэж үзжээ.

Иймд тус прокурорын газраас бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг бууруулахад аймгийн хууль хяналтын байгууллага, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон салбар дундын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай талаар холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top