Дэглэмээ сахиагүй байгууллагын ҮЙЛ АЖИЛЛАГААГ түр зогсооно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим шуурхай хурал өнөөдөр (2021.06.03) боллоо.

Хурлаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат орон нутагт вакцинжуулалтыг идэвхжүүлэх, үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй худалдаа, үйлчилгээний газар, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах шаардлагатайг онцлоод худалдаа, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийн QR код, биеийн халууныг хэмжихдээ вакцины бүрэн тунд хамрагдсан ажилтныг томилон ажиллуулах, Covid19 QR Verify аппликейшны хэрэглээг сайжруулах талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг, чиглэл өглөө.

Цар тахлын энэ үед торгууль, шийтгэврийн арга хэмжээнээс аль болох зайлсхийх, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах, илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулах,  мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг мөн чиглэл болгов. Түүнчлэн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй, удаа дараа зөрчил дутагдал гаргасан, дутагдлаа арилгуулаагүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу торгох, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авч, нийтэд мэдээлэхийг үүрэг болголоо.

Коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунгийн тарилга нийслэл, орон нутагт хийгдэж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвараас урьдчилан сэргийлж,  халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх нь халдварын тархалтыг бууруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ юм.

Иймд иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахих, аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(83.20.240.102) 2021 оны 06 сарын 03

Solior hulgaich batulga mask zuuhgui olon humuusiig shagnah nereer ovchin taraaz bn terluu ankhaarlaa handuulz arga hemzee avaldaa

0  |  0
Top