Ц.Батсайхан: Хүннүчүүдийн ширдэг тухайн үедээ экспортын бүтээгдэхүүн байсан

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Эсгий ширмэл урлалын дэлхийд данстай судлаач, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын эрхлэгч, доктор Ц.Батсайхантай монголчуудын ширмэл ширдгийн талаар ярилцлаа.


 

-Ширмэл ширдгийг хэзээнээс судлах болов оо?

-Яг эсгий ширмэл урлалыг сонирхож урлах болсон нь  2000 оны эхээр, Говь-Алтай, Дундговь аймгийн уугуул хоёр оюутнаараа заалгаж сурсан. Харин Москвагийн Дизайн технологийн улсын их сургуульд докторын зэрэг хамгаалахаар сурч байх үеэс шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, дэлхий нийтийн ширдэг хивсний урлалаас ямар онцлогтой болохыг тогтоох ажил эхэлсэн юм.

-Докторын судалгаандаа дэвшүүлсэн гол санаануудаасаа хуваалцахгүй юу?

-Эн түрүүн Хүннүгийн үеэс эхтэй ширдэг хивсний түүхэн уламжлал минь ямар юм, бид юугаараа давтагдашгүй юм бэ гэдгээ тодруулж гаргасан. Түүн дээрээ тулгуурлаад орчин үед үйлдвэрлэж байгаа хивснийхээ дизайныг хийгээд явбал оновчтой юм байна гэх мэт саналыг дэвшүүлсэн. Жишээлбэл, монгол хивсний үйлдвэрлэлд үндэсний хээ угалзыг барих ёстой. Сүүлийн үед манайхан хивсээ байгалийн өнгөөр нь хийгээд байгаа шүү дээ. Тэр нь бусад ард түмний хивстэй харьцуулбал давуу талтай байгаа. Будаггүй, эко гэдэг орчин үеийн шаардлагад нийцсэн ... гэх мэт.

-Таны судалснаар монгол хивсний давуу тал, онцлог юу байв?

-Монгол хивсний давуу тал гэвэл... Энэ төрлийн урлагт "Ширмэл ширдэг" гэдэг давтагдашгүй, хосгүй урлалыг бий болгосон нь юм. Яагаад гэвэл ширмэл ширдэг зөвхөн монгол туургатнуудад л байдаг. Хоёрдугаарт, ширмэл ширдэгний хээ заавал паралель байдаг. Паралель биш ширэх юм бол өргөн хэсэг нь өөрөө ноолроод, сулраад, хялгас нь унаад урагдчихна шүү дээ. Бүгдээрээ жигдхэн паралель байхаар дээрээс өгөх үрэлт хүртэл жигд үйлчлээд бөх бат болно. Ширмэл ширдгийн ширээ оёж байгаа товшсон цэгүүд бол орчин үеийн арт графикийн өвөрмөц шийдэл байж болно гэсэн дүгнэлт бас гарсан.

Судалгааны ажлаас минь гарсан нэг ололт гэвэл, Монголын эзэнт гүрний үед хивсний урлагт монголчууд их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тодорхой бүс нутагт ноёрхож байсан урлагийг ийш тийш нь түгээж өгсөн. Орчин үеийн хэлээр бол технологи дамжуулалт хийсэн. Жишээлбэл, хятадууд үслэг хивс мэддэггүй байсан. Энэтхэгчүүд мөн адил. Бабур хаан тийшээ очихдоо Иранаас хэдэн урлаач дагуулаад очсон, нөгөөдүүл нь тэнд миниатюр зураг, хивсийг хөгжүүлсэн байгаа юм.

Өнөөдөр Европ, дэлхийн судлаачид Хятадыг хивс нэхдэг эртний уламжлалтай гэж яриад байдаг. Угтаа Хятадад яг ийм үслэг хивс нэхдэггүй байсан. Хубилай хааны үеэс нэхдэг болсон. Тэр нь хэд хэдэн шалтгаантай. Хубилай хаан уламжлалт кэйси гээд хивсээ нэхэхийг нь хятадуудад  хорьж байсан. Шинэ юмыг дэлгэрүүлэхийн тулд хуучин юмыг  түр хаадаг арга байдаг даа. Түүн шиг үслэг хивсийг дэлгэрүүлэхийн тулд өмнө нь байсан хавтгай хивсийг хорьсон болов уу гэж би боддог.  Нэг юм асуучих уу. “Хубилай хааны ав хоморго” гэдэг зураг байдаг даа. Тэр зурган дээр нэг хивсний зураг байгаа. Санаж байна уу?

-Ёстой анзаараагүй шүү...

-Хүмүүс нэг их анзаардаггүй юм. Цачир гээд хормойгүй майхан дор байгаа тэр хивс бол хятад хивс биш. Яагаад гэвэл овог, аймгийн бэлгэдэл болоод хээ бараг өөрчлөгддөггүй л дээ. Хивс бас тийм онцлогтой. Армен, Азербайжан, Турк, Иран хивс гэхэд уламжлалаа дагаад цэцэг, өнгө, зохиомжоороо өөр байдаг. Хубилай хааны ав хоморгын зурган дээр байгаа хивсийг харвал Белуж овгийнх гэж хэлж болохоор. Белуж овог бол тухайн үед байсан баатарлаг, нүүдэлчин овог. Персүүд  араас нь дайсан ирэх гээд байвал Белуж овгийнхныг ардаа, урдаас нь довтолбол урдаа гаргадаг байсан, тийм түүхтэй дайчин овог л доо. Тэгэхээр Хүлэг хаанаас ч юм уу баруун талаас Хубилай хаанд бэлгэнд явуулсан байж  магадгүй гэж би таамагладаг. .

-Ноён уулаас олдсон Эрмитажид хадгалагдаж байгаа Хүннүгийн ширмэл ширдгийг мэргэжлийн судлаач, урлаач хүний хувьд юу гэж үздэг вэ?

-Тэр хийц, технологийн хувьд маш өндөр түвшний бүтээл. Саяхан би түүхэн үзмэрүүдийг сэргээн урлах төсөл хэрэгжүүлсэн юм. Арай тодруулбал, Монголын угсаатнуудын дунд хэрэглэж байсан хээнүүдийг судалж гаргаад, үүгээрээ 20 гаруй ширдэг ширсэн.

Хамгийн эртний өв нь гэхэд Баянхонгор аймгийн Гозгор толгойн хадны оршуулгаас эсгий ширдгийн тасархай гарсан юм. XIV зууны үеийн тэр ширдгийн хээ дүрс, өнгө хэлэхэд сэргээж хийсэн. Энэ төслийн цаана нэг давхар санаа агуулсан.  Тэр нь юу вэ гэхээр уламжлалт эсгий ширмэл урлалаа сэргээхийн тулд урлагийн түвшинд хийх гэж оролдсон.

Хүннүгийнхийг хийх гэтэл яагаад ч юм зүрх хүрээгүй. Үүнийг өнгөц хийхийн аргагүй, маш өндөр ур чадвар шаардана. Ойртоод харахад миний нүд гүйцэж харахын аргагүй нарийн ширээстэй байгаа юм. Одоо бид ширмэл ширдгийг тэмээний зогдрын утсаар ширдэг. Угаасаа ширмэлд хамгийн тохиромжтой утас бол тэмээний зогдрын утас. Өөр ямар ч утас таардаггүй, үрэлтэнд тасраад унадаг. Гэтэл тэр Хүннүгийн ширдгийг шөрмөсөн утсаар оёсон байгаа юм. Хар ухаанаар бодоход, одоогийн тэвнэ, Хүннүгийн тэвнэ хоёрыг харьцуулбал одоогийн тэвнэ нь илүү боловсронгуй баймаар даа. Гэвч тийм биш. Маш өндөр ур чадвараар хийгдсэн байдаг.

-Зохиомж нь бас гайхалтай, өвөрмөц шүү...

-Төв Ази, скифүүдээс үүсэлтэй “амьтны дүрт урлаг”-ийн стиль л дээ. Манай Хүннүгийн хивс дэлхийн урлагийн түүхийн үүднээс харвал амьтны дүрт урлагийг текстиль дээр илэрхийлсэн гэдгээрээ онцлог. Цаг хугацааны хувьд гэвэл дэлхий дээр байгаа хамгийн эртний ширмэл ширдэгт орно.

Нэг гоё баримтыг танд хэлье. Хүннүчүүдийн ширдэг тухайн үедээ экспортын бүтээгдэхүүн байсан байгаа юм. Тэрийг юугаар батлах вэ гэвэл, хятадын эртний сурвалжид “бид торго мэтхэнээ өгөөд, умардын бүдүүлгүүдээс алт, мөнгө, ангийн үнэт үс, хивс авч байна. Энэ бодлогоо цаашид үргэлжлүүлсэн нь дээр юм аа” гэсэн утгатай баримт байдаг. Нэг түшмэлийн хаандаа өргөсөн санал л даа. Торго, бөс мэтхэнээ өгөөд авдаг маш үнэтэй зүйл дотор нь хивс орсон байгаа биз. Хивс гэж бичсэн боловч угтаа Хүннүгийн энэ ширдгийг л хэлж байгаа шүү дээ.

-Хүннүгийн ширдэг Алтайн нурууны мөнх цаст цэвдгээс олдсон Пазырыкийн хивсээс юугаараа ялгаатай бол?

-Үүнийг  Хүннүгийн хивстэй харьцуулбал Хүннүгийнх нь илүү. Учир нь Пазырыкийнх ширээсгүй. Хүннүгийнх ширээстэй. Ширэх ширэхдээ шөрмөсөн утсаар, маш нарийн ширсэн. Пазырыкийнх бол зүгээр эсгий дээр зураг хийчихсэн хивс.

-Хадны зурагт гайхалтай дүрслэлүүд бий. Үүнийг ширмэл ширдэгт буулгаж болох уу. Эсвэ таны хэлсэнчлэн эдэлгээний чанараа бодоод паралель хээнүүдээ хийх ёстой юу?

-Манай монгол хээ ханды зурагтай, зураггүй баялаг. Монголчууд чинь хээгээ маш сайн хэрэглэж байсан. Дээд зиндааны хүн өөрийн зиндааны хэрэглээгээ л нэхнэ биз дээ. Түүнтэй адилхан хивс гэдэг өөртөө тохирох хээг л урлаачаас шаарддаг. Бид үүнийг л чанд мөрдөх ёстой юм. Хадны зураг бол монгол шиг бэлгэдэл хардаг хүмүүсийн хувьд өөр зориулалттай. Хивс гэдэг өөр зориулалттай, өөр эд. Монголчуудын нэг онцлог бол малгай дээр байсан хээг ширдэг дээр тавьдаггүй. Ширдэг дээр байгаа хээг дээлэн дээр тавихгүй. Энэ утгаараа үзвэл бид хивс ширдгэнд  зориулсан хээг л хэрэглэх ёстой. Орчин үед сонирхолтой, давтагдашгүй байх гэдэг утгаараа ямар л бол ямар хээг хэрэглэх техникийн боломж бүрдсэн.

-Нүүдэлчдийн ширдэг дээр хаад ихэс, харц борчуудын гэсэн зэрэг дэвийн ялгаа бий юу?

-Байхгүй. Бидний судалгаагаар ширмэл ширдгийн хээ нь нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэлтэй шууд холбоотой юм билээ. Гэр бол бичил ертөнц. Манай дэлхий бол үлэмж ертөнц. Гэр гэдэг бичил ертөнц хүний оюун ухаан, гараар бүтэж байна. Тэр хиймэл орчны доод талд нь ус байх ёстой. Яагаад гэвэл ус байвал ургамал ургана. Ургамал ургавал мал тэвээрнэ. Мал тэвээрэгтэй байна гэдэг нүүдэлчин хүн аз жаргалтай амьдрах эх сурвалж. Ерөөсөө энэ философи ширдэгт шингэсэн байдаг.

Ширмэл ширдгийн үндсэн хээ бол ус дүрсэлсэн хээ. Усан долгио хээг бүгд мэднэ. Усан таргил хээ гэхэд уулын гол бужигнаад бууж байгаа юм шиг дүр зурагтай. Эртний ард түмнүүд, монгол, орос, европ гэдгээсээ үл хамаараад дөрвөлжин дүрсээр газрыг илэрхийлдэг байсан. Шоо дөрвөлжин зохиомжтой Баянхошуу хээг харахад усыг илэрхийлсэн байна гэж шууд хэлэхэд хэцүү боловч бидний судалгааны үр дүнгээр усыг бэлгэдсэн байх магадлалтай. Энэ хээний гол бүтэц нь эртний Хиад овгийн усыг бэлгэдсэн  ташуу, гурван паралель зураас байдаг. Энэ ташуу гурван зураас уулын усны хүчтэй түрлэгийг бэлгэддэг.

-Ширмэл ширдгийн хээнд нутаг нутгийн онцлог байна уу?

-Бага зэргийн ялгаа бий. Зүүн аймаг Сүхбаатар, цаашаа Өвөрмонголын Үзэмчин гэх мэт залгаа аймгууд нэг янзын хээтэй. Өвөрмонголын баруун тал Алшаа, манай говийн хавиар Халх маягийн  хээтэй. Баруун монголчууд, ойрадуудын ширдэг Халхынхаас зээгээрээ яльгүй ялгаатай байдаг. Сая би цахим сургалт зарлахад маш олон хүн ширмэл заалгая, зөв ширж суръя гээд хандсан. Намайг ширмэл ширдэг судалж эхлэх үед хүмүүс их шоолдог л байлаа. Манай эмээ л хийдэг байсан, нэг муу юм хаяанд хэвтэж л байна, юун тэрийг шинжлэх ухааны ажил болгох, гадаадад хамгаалах гэх ухааны юм ярьдаг байсан бол одоо хэдэн мянгаараа энэ сайхан өв соёлоо сэргээн уламжлуулахыг хүсч байна. Энийг нэг талаас харвал хүн өөрийн язгуур, уугуул юмандаа арай элэг татуу ханддагийн шинж юм уу даа. Монгол айл бүрт ширмэл урлалтай холбоотой дурсамж түүх байдаг. Эмээ, өвөөгийн гэрт байсан, дээр нь хэвтэж, тоглож өссөн, эдэлгээ хэрэглээг нь мэддэг болохоор ой санамж хурдан сэргэж байгаа байх.

-Манайхан иран, перс хивсийг оруулж ирж зардаг боллоо. Ганган тансаг ч юм, үнэтэй ч юм. Монголын хивсний үйлдвэрлэлийг  тэр зиндаанд хүргэхэд юу дутаад байна?

-Бид тэр хэмжээнд хүрч чадна. Бидэнд дутагдаад байгаа хоёр л зүйл байгаа.

Нэгдүгээрт, монгол  хонины ноос хялгаслаг, бүдүүн. Манайх эрс тэс уур амьсгалтай учраас хонины ноосны бүтэц нь тэндэхийн хониныхоос өөр байдаг л даа. Хялгасыг  нь түүгээд ялгаад хийхэд мэдээж өртөг нь нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, бид хивсний дизайнаа сайжруулах хэрэгтэй байгаа юм. Мэргэжлийн үүднээс харвал манайх чинь машинт хивсний уламжлал багатай. Өнөөдөр хивсний үйлдвэрүүд компьютер дээр зургаа зурдаг болсон. Тэд ч гэсэн зурж л байгаа л даа. Гэхдээ тэд дээр үед гараар зурж байсан уламжлалаа бариад зурж байгаа. Манайхан бол жишээлбэл хээн дээрээ нарийвчлал багатай хийгээд байгаа.

-Бүдүүн бараг хийж байна гэсэн үг үү?

-Том том хээтэй хийдэг. Та гэртээ байгаа хивсээ харьцуулаад хараарай. Перс хивс 1 дм.кв-т 10 дүрс, 10 өнгө гаргадаг бол манайх хоёр дүрс, хоёр өнгө байх жишээтэй. Угаасаа гар хивс гэдэг чимхлүүр нарийн ажиллагаагаараа л гайхуулж явсан шүү дээ. Перс хивс түүгээрээ өндөр алдарт хүрсэн учраас тэд тэрийгээ алдахгүй барьдаг. Энэ мэт ялгааг нь мэргэжлийн судлаачийн хувьд хэлээд өгөхөд бэлэн л байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batsaihan(211.206.250.213) 2021 оны 05 сарын 12

Estoi deed zeregleliin teneglel yarij bna oyuny homsdol arai teden dollar gj duugarah n

1  |  1
Top