Я.Эрдэнэсайхан: Дэлхийн хэмжээний ЖДҮ-г ул суурьтай бойжуулах хэрэгтэй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтын нээлт өнөөдөр (2021.04.27) боллоо. Сургалтын талаар тодруулахгүй юу?

-2020 онд яамны харьяа газар байхдаа холбогдох мэргэжилтнүүдийн хамт EBRD-д Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан, бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэх, удирдах, хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг агуулсан видео сургалтууд бэлтгэх хүсэлт тавьж, хамтран ажилласан юм. Мөн оныхоо есдүгээр сард төслийн гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж, арванхоёрдугаар сараас төслийн ажил маань албан ёсоор эхэлж, энэ оны гуравдугаар сард төсөл  бэлэн болж, өнөөдөр хүлээн авч, нээлтээ хийж байгаа нь энэ. Манай газраас төслийн сэдэв тодорхойлох болон гүйцэтгэлийн явцад хамтран ажиллаж, санал зөвлөмжөө тухай бүр өгөх, зарим сэдвийн хүрээнд холбогдох байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авахад нь холбож өгөх зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. Энэ дашрамд Европын холбооны Элчин Сайд ноён Траяан, ЕСБХБ-ныхандаа талархал илэрхийлье.

-Цар тахалд хамгийн их өртөж буй салбар бол Жижиг, дунд бизнес эрхлэгчид. Энэ утгаараа сургалтын агуулга ч цаг үетэйгээ холбогдуулан нийгэм, эдийн засгийн нөхцөлд тохируулсан мэдлэг, мэдээлэл агуулсан байх болов уу гэж төсөөлж байна?

-Тэгэлгүй яах вэ. Цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь доголдож,  үйлдвэр үйлчилгээ зогсох, түрээсийн төлбөр, бараа материалаа татаж авахаас эхлээд гэнэтийн, урьдчилан таамаглаагүй олон нөхцөл байдал бий болж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчид маань ч энэ бүхэнд дасан зохицож ажиллах асуудалтай нүүр тулгарлаа.  Нөгөө талдаа цаг үе, нийгэмтэйгээ зэрэгцэн сурч боловсрох зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Эдгээр тулгамдаад буй хүндрэлүүдэд дэмжлэг болгон Европын Холбооны санхүүжилттэйгээр Жижиг, дунд үйлдвэрийн газар, ЕСБХБ хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан 17 багц сэдвийн хүрээнд 214 сургалтыг цахимаар сурах боломжтой боллоо.

-Монголд 63 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид бий. Дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг бүрдүүлж, 800 гаруй ажлын байр бий болгож байдаг энэ салбарт тэр хэрээрээ сургалт, консалтингийн үйлчилгээ чухал байх нь дамжиггүй.  Өмнө нь энэ салбарт сургалтын ийм том төсөл хэрэгжиж байв уу?

-Энэ сургалтыг төлөвлөхдөө нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэн тэргүүнд шаардлагатай мэдлэгийг орон зай, цаг хугацаа, зардал төсвөөс үл хамааран олгох нь хамгийн чухал асуудал байв. Бас нэг зорилго нь  дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионы нөхцөлд цахим орчин, технологийн дэвшлийг ашиглан сургалт, консалтингийн үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэх байсан. Энэ зорилгоо биелүүлж чадсан гэж бодож байна. Энэхүү сургалтууд нь ЖДҮ салбарт хийгдсэн анхны томоохон цогц контент болсон. Цахим сайтад байршуулсан сургалтуудад жижиг, дунд  бизнес эрхлэгчид бүрэн хамрагдаж судалсны үр дүнд сертификатаар баталгаажуулж авах нь сургалтын үр дүн, давуу талыг бий болгож байна. Цахим сургалтаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчид маань хувийн бизнестээ болон  Монгол улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Монголын ЖДҮ эрхлэгчид өнөөдрийг хүртэл бэлчээрээрээ буюу өөрөөрөө бойжиж ирсэн гэж би хардаг. Үүнийг өөрчилж, шинжлэх ухаанч, өрсөлдөх чадвартай, дэлхийн хэмжээний ЖДҮ гаргаж ирэхийн тулд ул суурьтай бойжуулах ёстой юм байна.

-Монголын ЖДҮ эрхлэгчид  харьцангуй бага зах зээлтэй. Тиймээс ажлын байр ихээр бэлддэг энэ салбарт зах зээлийг хөгжүүлэх механизм нь чухал. Энэхүү хөтөлбөрт ЖДҮ эрхлэгчдийг хөгжүүлэх ямар сургалтууд багтсан бэ?

-Эдгээр сургалтууд нь нийт 17 сэдвийн хүрээнд Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй дүрэм журмууд болох Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, ЖДҮХСангийн зээл, Зээлийн Батлан Даалтын үйлчилгээний тухай, Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ, Хоршооны төрөл, давуу тал зэрэг сэдвээр мэдээлэл авах боломжтой. Мөн бизнест түгээмэл тулгардаг асуудлууд болох Санхүү, стратеги төлөвлөлт, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Эрсдэл , хямралын үеийн менежмент зэрэг олон сэдвээр мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ хэрэгжүүлж болохуйц олон санааг авах болно.

-ЖДҮ үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэхэд тал талын мэдлэг, мэдээлэл дутдаг. Ялангуяа энэ цаг үед ЖДҮ эрхлэгчдээ хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа нь талархууштай ажил болжээ?

-Монголын ЖДҮ эрхлэгчид өнөөдрийг хүртэл бэлчээрээрээ буюу өөрөөрөө бойжиж ирсэн гэж би хардаг. Үүнийг өөрчилж, шинжлэх ухаанч, өрсөлдөх чадвартай, дэлхийн хэмжээний ЖДҮ гаргаж ирэхийн тулд ул суурьтай бойжуулах ёстой юм байна. Тэр гүүр нь буюу гаднын зах зээлд ЖДҮ-ээ гаргах суурь үндэс нь энэ сургалттай танилцах явдал болно гэдэгт итгэлтэй байна. Энэ хөл хорионы үеэр ЖДҮ эрхлэгчид маань үр дүнгүй сошиал ухаж байхаар бизнестээ хэрэгтэй зүйлийг сураад авахыг уриалж байна.

-Сүүлчийн хэсгийг танд үлдээе?  

-ЖДҮ эрхлэгчдэд нэн тэргүүнд шаардлагатай, зайлшгүй мэдэх нь зүйтэй сэдвүүдийг сонгож бэлтгэснээрээ онцлог. 17 сэдэв бүр дотроо ойлгомжтой байдлаар задарч, богино контентууд болсон. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хаанаас ч үзэж, танилцах боломжтой юм. Хамгийн чухал нь бүх нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй. ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх хувийг бүрдүүлдэг бичил буюу 300 сая хүртэлх орлоготой сегментэд чиглэсэн. Сургалтууд бүгд энгийн ойлгомжтой байдлаар хийгдсэн. Ямар нэгэн улс төрийн өнцөг, төр засгийн бодлого үйл ажиллагааг үнэлж дүгнэсэн агуулга, өнгө аяс ороогүй гээд дурдаад байвал олон давуу тал бий.

Сургалтуудыг ЖДҮ-ийн газрын  https://www.youtube.com/channel/UCbkJljjC4rdL1w_2mdsgmeQ хаягт байршуулсан бөгөөд танилцаж судалсныхаа дараа “Сертификат” –аа шууд хэвлэн авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top