З.Батбаяр: Унгар, Монголын харилцааны ирээдүйг “ГҮҮР” гэдэг үгээр тодорхойлж болно

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр мөн Серб улсыг хавсран хамаардаг юм.


УНГАРЧУУД ГУРАВ ДАХЬ ТУНГ ХИЙХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙГАА

-Хоёулаа цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье. Унгар улс вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж яваа орнуудын нэг. Ковидтой тэмцэхдээ баримталж байгаа бодлогынх нь онцлог юу байна?

-2020 оны гуравдугаар сарын 4-нд Ковидын анхны тохиолдол Унгарт бүртгэгдсэн. 2020 оны гуравдугаар сарын 12-нд эхний хүн нас барж, онц байдал зарласан. Яг энэ үед Унгар Улсын парламент Засгийн газартаа бүрэн эрх өгч, Ковидтой тэмцэх ажлыг даалгасан юм.

Унгар Улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сард Ковидтой тэмцэх маш энгийн мөртлөө гурван үндсэн зорилго л тавьсан. Юун түрүүнд бэлтгэл хангах ёстой юм байна. Түүний тулд 1. Эмнэлгийн ороо бэлдье. 2. Шаардлагатай эм, тариагаа бэлдье. Амьсгалын аппарат авъя. 3. Эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлдье, тэдний цалин хангамжийг нэмэгдүүлье.

Тэр зорилтын дагуу их, дээд сургуулиудын Оюутны байруудыг суллаж эхэлсэн. Миний санаж байгаагаар тэр үед Унгарын Ерөнхий сайд “Бид 75000 ор бэлдэх хэрэгтэй, одоо 35000 хүнийг тусгаарлаж хүлээж авахад бэлэн байна, одоо байгаа эмнэлгийн оруудыг өргөжүүлэхэд хэвтэн эмчлүүлэх 15 000 ор бэлэн болно” гэж мэдэгдэж байсан. Мөн Унгарын Засгийн газар өөртөө ачааны онгоц худалдаж аваад, долоо хоногт 4-5 удаа Унгар- Хятадын хооронд шууд нислэг хийж эхэлсэн. Түүгээр амны хаалт, хамгаалалтын хувцаснууд, амьсгалын аппаратууд авчирсан.

Ард иргэд нь амны хаалт зүүж хэвшээгүй, “зөвхөн өвчтэй хүн зүүдэг” гэсэн ойлголттой байхад Унгарын Засгийн газар 2020 оны гурваас зургадугаар сард амны хаалтыг олноор нь, мөн амны хаалтны 3- 4 үйлдвэрийг Хятадаас оруулж ирсэн. Тэгэхэд сөрөг хүчин нь “Ийм олон амны хаалт, амьсгалын аппаратаар яах юм, наад өвчин чинь удахгүй дуусчихна” гэж хүчтэй шүүмжилж байлаа. Гэтэл намар, есдүгээр сард Ковидын хоёрдугаар давлагаа эхэллээ. Одоо гуравдугаар давлагаа явж байна.

Яг одоо Унгар улсад 13000 хүнийг эмнэлгийн орчинд хүлээж авахад бэлэн байна. 2800 орчим амьсгалын аппарат байна. Энд хамгийн оргил үедээ 12000 хүн эмнэлэгт хэвтэж, 2000 орчим хүн амьсгалын аппаратад орсон гээд тооцоод үзэхээр Засгийн газар Ковидтой тэмцэх бэлтгэлээ бүрэн хангаж чадсан байгаа юм.

-Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хангамжийг хэр нэмэгдүүлсэн бэ?

-2020 оны долоодугаар сараас эхлээд 2022 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд бүх эмнэлгийн ажилтны цалинг 2,5 дахин нэмэх шийдвэр гаргаад, үе шаттайгаар нэмээд явж байгаа.

-Хүн амаа вакцинжуулах талаар унгарчууд ямар бодлого баримталж байна?

-Унгарын Ерөнхий сайд В.Орбан 2020 оны арваннэгдүгээр сард мэдэгдэхдээ “Бид Ковидыг яаж ялах вэ? Ялах хоёрхон арга байна. 1. Эм бүтээх. 2. Вакцин хийх. Эм хэзээ хийх нь тодорхойгүй байна. Вакцины тухайд Унгар улс ганцхан бодлого баримтална. “Муур хар байна уу цагаан байна уу хамаагүй. Хулгана л барих хэрэгтэй” гэдэг дорно дахины зүйр үг байдаг. Түүн шиг хаана хийсэн, хэн хийсэн, ямар ч үнэтэй бай хамаагүй өвчнөөс сэргийлж л байгаа бол бүх вакциныг бид авна. Тэгээд ард түмнээ сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүйгээр вакцинжуулна” гэсэн.

Арваннэгдүгээр сард “Пфайзер” вакцин гарсан. Германд амьдардаг унгар эрдэмтэн “Пфайзер” вакциныг бүтээлцсэн болохоор унгарчууд энэ мэдээг баяртай хүлээж авсан. Яг тэр үед Европын холбооны улсууд дотроос унгарчууд анх удаа Орос, Хятадтай вакцины гэрээ байгуулж эхэлсэн.

2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд Унгар улсад вакцинжуулалт эхэлсэн юм. Одоогийн байдлаар “Пфайзер”, “Модерна”, “Астразенека”, “Спутник", “Синофарм” гэсэн таван төрлийн вакцин хийж байна. “Жонсон энд Жонсон”-ы “Яанссен” гэдэг нэг тунт вакцин орж ирэх ёстой ч хараахан орж ирээгүй байна.

-Чухам энэ шийдвэрийнх нь төлөө Европын холбоо Унгарын Ерөнхий сайдыг багагүй шүүмжилсэн. Тодорхой хугацааны дараа эргээд харвал энэ шийдвэр зөв байна...

-Өнөөдрийн байдлаар Израйл, Английг эс тооцвол Европод вакцинжуулалтаараа хамгийн сайн явж байгаа хоёр улс нь Унгар, Серб хоёр байгаа. Сонирхолтой тохиолдлоор хоёуланг нь би хариуцдаг юм. Сербийн хувьд бол түрүүн дурдсан 5 вакцинаас “Модерна”-г цөөн тоогоор, бусдыг нь их хэмжээгээр оруулж ирсэн. Тэнд Хятадын вакциныг тариулах гэж дараалал дугаар үүсэж байлаа. Товчхон хэлэхэд, Орос, Хятадын вакциныг зэрэг тарьж эхэлснээрээ л Унгар, Серб хоёр амжилт олчихож байгаа юм.

Унгарын Ерөнхий сайд Баасан гараг бүрийн өглөө 8 цагаас радиод 30 минутын ярилцлага өгдөг юм. Бидний хувьд Унгарын Засгийн газрын албан ёсны мэдээллийг Баасан гарагт Ерөнхий сайдын радиогийн ярилцлага, Пүрэв гарагийн 10.00 цагт болдог Засгийн газрын мэдээлэл, Лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны дараах мэдээлэл гэсэн гурван эх сурвалжаас авдаг.

Өнөөдөр (2021.04.23) Ерөнхий сайд В.Орбан юу гэж хэлсэн бэ гэхээр “өчигдөр оройны мэдээгээр 3 сая 508 мянган хүн вакцин хийлгээд байна. Урьд мэдэгдсэн ёсоор 3,5 сая хүн вакцин хийлгэсэн учраас маргаашаас ресторан зэрэг зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээж байна. Ирэх долоо хоногийн дундуур 4 сая хүн вакцинжуулсны дараа энэ хүрээг тэлнэ” гэсэн.

Унгар улс 9,7 сая хүнтэй. Насанд хүрсэн 8 сая хүн вакцин хийлгэх ёстой. Тэгэхээр вакциныхаа хоёр тунг хийлгэсэн хүмүүс тэр бичгээ үзүүлээд ресторанд үйлчлүүлж, музей, театрт очиж, бассейнд сэлж, кино үзэж болох нь. Өөрөөр хэлбэл унгарчууд хэвийн амьдрал руугаа эргэж орох нь.

Тэгэхээр Ковидтой тэмцэхэд олсон Унгарын амжилтын нууц бол нэгдүгээрт бэлтгэл. Хэрвээ ингэж бэлтгээгүй бол Итали, Чех, Словакт болсон шиг асуудал гарах байсан. Хоёрдугаарт, алсаа харсан зөв бодлого. Хэрвээ байдал арай тогтворжсон ноднин жилийн долоо, наймдугаар сарын сэтгэхүйгээрээ мөнгөө хэмнээд амьсгалын аппарат аваагүй, арав, арваннэгдүгээр сард орос, хятадуудтай хэлцэлд ороогүй байсан бол Унгар өнөөдөр Европын бусад улстай адилхан хэцүү л байх байсан.

Жишээлбэл Чех улс Унгартай ойролцоо 10 сая хүнтэй. Тэгэхэд дөнгөж 2 сая хүрэхгүй хүнээ вакцинжуулаад байна. Чех Европын холбооноос л вакцинаа авч байгаа, гэтэл вакцины нийлүүлэлт хангалтгүй байгаа.

-Олон улсын эрдэмтдийн тооцоолсноор Ковид 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй. Унгарчууд дараа дараагийн давлагаанд яаж бэлдэж байна?

-Хоёр чиглэлээр бэлдэж байна. Үндсэн чиглэл нь ерөөсөө л вакцин. Гэтэл вакцинтай холбоотой асуудлууд үүсэж болзошгүй байгаа. Одоо бүтээчихээд байгаа вакцинууд хэдий хугацаанд хамгаалах нь тодорхойгүй байна. Насан туршдаа юу, хоёр жил үү, эсвэл зургаан сар уу? Ийм тохиолдолд унгарчууд гурав дахь тунг хийж магадгүй тухай ярьж эхэлсэн. Хэрвээ вакцины хамгаалах хугацаа зургаан сар бол анх тарьсан эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хугацаа 2021 оны долоодугаар сард дуусна. Тиймээс унгарчууд вакцинжуулалтыг дахиад хийхэд бэлтгэж байна. Би Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох албаны хүмүүстэй уулзаж, вакцин авах талаар ярьж байгаа. Тэгэхэд надад өгч байгаа хариулт бол “Уучлаарай, монголчууддаа туслалгүй яах вэ. Гэхдээ вакцин бидэнд илүүднэ гэж хэзээ ч байхгүй ээ. Хэрвээ вакцин илүү гарах юм бол бид эхний ээлжинд Унгарын эргэн тойронд, өөр улсуудад оршин сууж байгаа унгар үндэстнүүдээ вакцинжуулна аа” гэж байгаа.

Дараагийн давлагаанд бэлтгэх хоёр дахь нөхцөл бол эмнэлэг өөрөө бэлэн байх ёстой. Эмнэлгийн орын багтаамжаа ахиад нэмэгдүүлэх, асрагч, сувилагч, техникийн ажилтнуудаа нэмэгдүүлэх талаар ярьж байна.

Унгарчуудын давхар бэлтгэлтэй хийж байгаа ажлуудын нэг нь амны хаалтны гурван үйлдвэрийг байгуулсан, одоо улс орноо амны хаалтаар хангаад зогсохгүй хөрш улсууд руугаа экспортлох боломжтой болсон. Амьсгалын аппаратыг үйлдвэрлэх ажлууд хийгдэж байна. Унгарын техникийн их сургуулийн багш нар хүчилтөрөгчийн нэг эх үүсвэрээр 100 хүртэлх хүнийг хангах аппарат зохион бүтээсэн, тэрийг үйлдвэрлэх шат руу орлоо. Вакцины үйлдвэр барьж, Унгарын эрдэмтэд өөрсдөө вакцин үйлдвэрлэх асуудлыг судалж байна. Мэдээж томоохон улсуудтай адилхан хурдан гаргаж ирж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ үнэхээр Ковид дахиад дөрөв таван үргэлжлэх болбол энэ хооронд бид өөрсдийгөө вакцинаар хангах асуудлыг хийх ёстой гэж ярьж байна. Засгийн газраас нь гарч байгаа үг бол “бид өвчнийг эм юм уу вакцинаар дарна. Тийм учраас эм, вакцин хоёрыг аль болох олох хэрэгтэй. Өөр арга байхгүй” гэж байна.

Өнөөдөр хийсэн Ерөнхий сайдынх нь мэдээллээс үзэхэд 16- 18 насныхандаа “Пфайзер” вакцин хийх болжээ. Израйлд 12-оос дээш насныхныг вакцинжуулаад эхэлсэн. Тэр талаар судлах үүргийг Эрүүл мэндийнхээ сайдад өгсөн байна. Ингээд харахаар унгарчууд вакцины хангалттай нөөцтэй болсны үндсэн дээр дараа дараагийн давлагааг давна гэсэн бодлого баримталж байна.

-Унгарт байгаа монголчуудын маань нөхцөл байдал ямар байна вэ? Саяхан нэг залуухан ээж Ковидоос болж нас барсан тухай гашуудалт мэдээг та нүүр номдоо оруулсан байсан...

-Унгарт 3600 гаруй монголчууд байгаа. Ноднин Ковидын нэгдүгээр давлагаанд оюутан голдуу 10-аад монгол хүн халдвар авсан. Хоёрдугаар давлагааны үед энэ тоо 30 болж нэмэгдсэн. Мэдээж бидэнд мэдэгдэх нь ч байгаа, мэдэгдэхгүй нь ч байгаа. ЭСЯ-ны зүгээс чадах, дэмжих бүх зүйлээр тусалсан.

Хэдийгээр урьдчилж сануулсан боловч сая Цагаан сарын дараа манай эндэхийн монголчууд нэлээн халдвар авлаа.

Ноднингийн гуравдугаар сарын нэгдүгээр давлагаа, саяын гуравдугаар давлагаа хоёрыг харьцуулахад хоёр өөр өвчин шиг өөр байна. Английн мутац илүү хүндээр өвчлүүлж байна, олон хүний амь насыг авч явлаа. Хүндэрч байгаа нь бидэнд хүртэл мэдэгдээд байна. Сая 100-гаад хүн халдвар авлаа, 65 хүн хүндэвтэр байдалд байна. Арваад хүн сэхээнд орлоо. Хамгийн харамсалтай нь гурван сайхан ээж нас барж, үр хүүхдүүдээ өнчрүүллээ.

КОВИД УНГАРЫН ЭДИЙН ЗАСАГТ ӨГӨӨЖТЭЙ ТУСАЖ Ч МАГАДГҮЙ

-Та нүүр номдоо Унгарын Засгийн газраас Ковидын үеийн эдийн засгаа дэмжих талаар явуулж байгаа бодлогын тухай сонирхолтой мэдээллүүд тавьсан байсан. Энэ талаараа уншигчдад маань танилцуулахгүй юу?

-Аливаа улсын талаар ярихдаа геополитикийн байршил, газарзүйн байршил, түүх гээд олон хүчин зүйлийг харах ёстой л доо. Унгарын хувьд социалист улс байсан. Социализмын үед манайхтай адил хөдөө аж ахуйг голчлон хөгжүүлж байсан. Харамсалтай нь 1990-ээд оноос социалист орнуудад гарсан алдаатай бодлого, хувьчлалын үр дүнд энэ сайхан тогтолцоогоо авч үлдэж чадалгүй устгасан. Яаж устгасан бэ гэхээр өмч хувьчлалаар гадаадын компаниуд орж ирээд, элсэн чихэр... гэх мэт голлох хүнсний үйлдвэрүүдийг авсан. Авахдаа гэрээ байгуулаад, 1- 2 жилийн хугацаанд ажилчдыг нь халахгүй гэж тохироод, тэр үүрэг нь дуусуут үйлдвэрүүдийг нь зүгээр л хаагаад явчихсан байдаг. Гадаадын компаниудад Унгарын арван сая хүний зах зээл нь чухал байсан болохоос тухайн үйлдвэрийг хөгжүүлэх сонирхол ерөөсөө байгаагүй. Түүнээс болж одоо Унгар улсад унгарчуудын эзэмшдэг супермаркет бараг байхгүй болсон.

Одоо Унгарын эдийн засгийн гол хөдөлгөх хүч нь автомашины үйлдвэрлэл байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 25 хувийг автомашины үйлдвэрлэлээс олж байна. 1998 онд анх “Audi”-гийн моторын үйлдвэр Унгарт байгуулагдсан. Дараа нь “Suzuki”, “Mercedes Benz” орж ирсэн, одоо “BMW”-гийн үйлдвэр баригдаж байна. Энэ үйлдвэрүүд яагаад энд баригдсан бэ гэхээр Унгарын хөрөнгө оруулалтын бодлого зөв, Европын холбоон дотроо хамгийн бага татвартай, дээр нь Унгарт ажиллах хүчин барууны орнуудаас хамаагүй хямд. Нэг сонирхолтой юм болсон нь Ковидын өмнө 2019 онд Унгар улсад хамгийн их хөрөнгө оруулсан улсаар БНСУ тодорсон. Үүнд унгарчууд өөрсдөө ч гайхсан. Шалтгаан нь юу байсан гэхээр автомашины үйлдвэрүүдийг дагаад солонгосчууд жижиг компаниуд байгуулж, маш их хөрөнгөө оруулсан байдаг. Аккумлятор үйлдвэрлэдэг, эсвэл хаягдсан аккумлятор дотроос хүнд, ховор элементүүдийг ялгаж авдаг гэх мэт. “Hankook” гээд дугуйны үйлдвэр байгуулагдсан байх жишээтэй.

Унгарын Ковидын үеийн эдийн засгийн бодлогын хамгийн чухал зорилт нь ажлын байрыг хадгалах, хамгаалах, боломж байвал хөрөнгө оруулалтыг дэмжих байна. Засгийн газар энэ талаар “Халдвар хэдэн ажлын байр устгана, бид төдий хэмжээний ажлын байрыг бий болгоно” гэсэн уриатай явсан. Сая Ерөнхий сайд нь одоо ажиллаж байгаа хүний тоо Ковидын өмнөх үеийнхээс 10000-аар бага байна, тиймээс ойрын үед 10000 ажлын байр бий болгохын төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Ажлын байрыг хамгаалахын тулд гаргасан хамгийн чухал зүйл нь цалингийн дэмжлэг. Ажилчин, ажилтнаа халаагүй бол цалингийн тодорхой хувийг Засгийн газраас өгч байгаа. Жишээлбэл ресторануудыг яг ийм байдлаар дэмжиж байна.

Будапешт ямар сайхан хот билээ, ямар олон жуулчин ирдэг билээ. Тийм учраас эдийн засгийн хувьд их чухал үүрэгтэй. Түүнээс зарим хүмүүсийн ойлгоод байдаг шиг хэдхэн ганган рестораныг дэмжих гэсэндээ биш. Ресторанууд хаагдсан учраас хүргэлтийн үйлчилгээ явж эхэлсэн. Хүргэлтийн үйлчилгээн дээр Засгийн газар 27 хувь байсан НӨАТ-ын хэмжээг 5 хувь болгож буурууллаа. Тэгэхээр үйлдвэрлэгч 22 хувиар буурч байгаа бүтээгдэхүүний үнээ 10 хувиар хямдруулаад, үлдсэн 12 хувийг өөртөө ашиг болгож авна. Энэ нь үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрт хэн хэнд нь хожоотой. Мөнгө эргээд байгаа учраас эдийн засаг ажиллаж, Засгийн газарт ашигтай. Win-Win зарчим бүрэн утгаараа хэрэгжиж байгаа юм.

Нэмэгдсэн өртгийн албан татвар бол өөрөө худалдааны татвар учраас барааны эргэлт, мөнгөний эргэлтийг дэмжиж байдаг. Тэгэхээр энийг дээшээ доошоо болгох замаар аль гүйлгээг ихэсгэх, алийг нь багасгах вэ гэдгийг зохицуулж байна.

-Банкууд дээр ямар бодлого барьж байна?

-Банкуудтай ярьж байгаад 2021 оны долоодугаар сар хүртэл зээлийн төлөлтийг хойшлуулсан. Хүүг ч тэр, үндсэн төлбөрийг ч тэр. Сая ахиад 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлууллаа. Ингэж хойшлуулсан хугацаанд хүү нэмж авахгүй гэдгийг маш нарийн тохирсон. Мэдээж энэ хугацаанд банк алдагдалд орж байгаа. Тэр алдагдлыг татварын тогтолцоогоор шийдэж байна даа.

Одоогийн Засгийн газар 2010 онд гарч ирээд “банкны татвар” гэдэг зүйлийг бий болгосон юм. Энэ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нэмэх нь 3 хувь байдаг. Энэ 3 хувь дээрээ банкуудтайгаа Win-Win зарчмаар тохиролцоо хийсэн. Зээлийн өрөнд унахгүй болохоор хүмүүст энэн шиг сайхан юм байхгүй. Банк мэдээж ашигтай ажиллахгүй ч алдагдал хүлээхгүй юм.

Ингээд харахаар татварын системээр зохицуулалтууд хийх боломжтой. Бид татвар бага л байвал сайн гэж боддог. Зүй нь татвар бага, ихдээ биш харин хэзээ хэдийг авах вэ гэдэг л чухал юм. Үнэхээрийн бизнес нь цэцэглээд байгаа бол заавал 3 хувь, 10 хувийг авч яах юм, 30, 40 хувийг аваад тэндээсээ ард түмэндээ зориулсан хөрөнгө оруулалтуудаа хийе л дээ.

-Та түрүүн Унгарын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгаа дэмжиж, хөрөнгө оруулалтуудыг татах дээр анхаарч байна гэсэн. Энэ зорилт нь хэр амжилттай хэрэгжиж байна?

-Унгарын Гадаад харилцаа, гадаад эдийн засгийн яамнаас хөрөнгө оруулалтуудыг татах ажлыг эрчимтэй хийж байна. Жишээлбэл “10 тэрбум форинтын хөрөнгө оруулалт хийвэл 30 хувийг нь Засгийн газар хариуцъя”, эсвэл “тэдэн жил тийм байдлаар татвараас чөлөөлье” гэдэг байдлаар тохирч байна. Би эхлээд гайхаж байсан, гэтэл сүүүлийн үед “энэ Ковид эцсийн дүндээ Унгарын эдийн засагт ашигтай тусах юм биш байгаа” гэсэн бодол төрөх боллоо. Бэрхшээлийг Боломж болгож харна гэдэг л энэ болов уу. Манайд ч гэсэн татвараа ихэсгэх, багасгах байдлаар эсвэл хөрөнгө оруулалтын байдлаар, ялангуяа Хятад, Америк хоёр улсын харилцааны эмзэг байдлыг ашиглаад, Хятадаас гарч байгаа хөрөнгө оруулалтуудыг Монголдоо татах, эсвэл Хятадад орох гээд чадахгүй байгаа хөрөнгө оруулалтуудыг Монголдоо хийлгэх талаар ярилцвал бидэнд хэрэгтэй болов уу гэж бодож байна.

-Цар тахлын үед орон нутгуудад ямар бодлого баримталж байна?

-Орон нутгийн буюу манайхаар аймгуудын орлого олдог гол гол татвар бол тухайн орон нутаг өөрөө хэмжээг нь тогтоодог аж үйлдвэрийн татвар байсан. Тухайн аймаг, суманд аж ахуй эрхэлж байгаа компаниудаас энэ татварыг авдаг. Тэрийг цар тахлын үед Засгийн газар хүчингүй болгосон. Тэгэнгүүтээ 10 мянгаас цөөн хүнтэй, жижиг хотуудад тэрхүү алдаж байгаа орлогыг нь татаасаар нөхөж өгч байна. Өөрөөр хэлбэл 1,7 сая хүнтэй Будапешт зэрэг томоохон хотууд Засгийн газрын ачаанаас үүрэлцэж эхэлсэн.

Яг үүнийг дагаад улс төрийн зөрчил гарсан. Томоохон хотуудын удирдлагад сөрөг хүчнийхэн байгаа. Будапешт хотын Засаг дарга, 20 дүүргийн 12 нь сөрөг хүчнийх учраас тэд эсэргүүцсэн. Гэхдээ Засгийн газрын баримталсан байр суурь нь том хот Засгийн газрын ачаанаас хуваалцах ёстой, 5, 10 мянгаас доош хүн амтай жижиг хот, тосгоныг Засгийн газраас дэмжинэ ээ, дэмжээд сүйд болдоггүй юм аа гэхэд орлогоор нь таслахгүй. Ингэнгүүт их сонирхолтой юм гарч ирж байгаа юм. Би хэд хэдэн жижиг тосгонд очсон юм. Маш сайхан хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан жижиг тосгонууд байсан. 700-хан хүнтэй тосгон 30 гаруй томоохон компани өөр дээрээ байрлуулсан байгаа юм. Зарим нь бүр трактор үйлдвэрлэдэг. Яагаад тэгж чадсан гэхээр татварынхаа хэмжээг 0-лсэн байсан. Тэртэй тэргүй 0-лсэн татвартай тосгон хэдийгээр Засгийн газраас дэмжлэг авахгүй ч гэсэн орлогоор дутагдахгүй. Нөгөө 30 компани нь тосгоны 700 хүнийхээ асуудлыг бүрэн шийдээд өгчихөж байгаа юм. Тэгэхээр бид жижиг сум, тосгодоо хөгжүүлэх замаар ард иргэдийнхээ амьдралыг дэмжих боломжтой.

-Хүн ам, хүүхэд, залууст хандсан ямар бодлого явуулж байна вэ?

-Нийгмийг хөгжүүлэх үндсэн арга бол гэр бүлийг дэмжих. Тийм ч учраас Унгарын Засгийн газар шинээр гэр бүл болж байгаа хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлдэг. Байшин барихад нь зориулж, арав хүртэл сая форинтын буюу манайхаар 100 сая төгрөгийн хүүгүй зээл олгодог. Дөрвөөс олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн насан туршдаа хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөнө.

Унгарт хүн амын орлогын албан татвар 15 хувь байдаг. Тэгвэл олон хүүхэдтэй эх ажил хийвэл хажууд байгаа хүнээсээ 15 хувиар илүү цалин авах нь байна шүү дээ. Өөрөө орлоготой байж л авдаг энэ хөнгөлөлтийн цаана ажил эрхлэлтийг дэмжсэн бодлого яваад байгаа юм.

Мөн Унгар улсад ажиллаж байгаа монгол иргэдэд гэрт нь байгаа хүүхдийнх нь тоогоор хүн амын орлогын албан татвараас хөнгөлдөг. Мэдээж мөнгөө заавал хүүхэд рүүгээ явуулсан байх ёстой гэх мэт тавих шаардлага бий.

Ингээд бодохоор Европ тивд алдагдаад байгаа демографийн асуудал дээр Унгарчууд бусдаасаа ялгаатай бодлого баримталж байна. Хөгшчүүд ихсээд, хүүхдүүдийн тоо багасаад байгаагийн эсрэг яах тухайд Европ даяараа “дүрвэгсдийг хүлээж авбал яасан юм бэ” гэж ярьж байгаа. Харин унгарчууд “Үгүй ээ, бид дүрвэгсдийг авахгүй. Өөрсдөө олон хүүхэдтэй болох бодлого баримтална” гэж байгаа. Ингэж улс орныхоо хөгжлийг дөрвөн жилээр биш илүү хол харж чадаж байгаагаас нь бид сурмаар байгаа юм.

-Унгар бол Монголтой нийгмийн даатгалын хэлэлцээр хийсэн цөөн улсын нэг. Ингэснээр Унгарт ажиллаж амьдарч байгаа монголчууд Унгараас тэтгэвэр авах нөхцөл бүрдсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манайхан Монголын нийгмийн даатгалыг унгарчууд хүлээн зөвшөөрөөд, унгарын нийгмийн даатгалыг монголчууд хүлээн зөвшөөрсөн юм шиг ойлгоод байдаг юм. Тийм биш. Манай улсад хөрөнгө оруулалт хийгээд, манай улсад баялаг бүтээж байгаа л бол тэрнийхээ төлөө тэтгэвэр авна гэсэн тогтолцоо юм. Би 1993- 1999 онд Унгар улсад сурсан. Сурсан жилийг ажилласнаар тооцдог учраас энэ 6 жилд маань ногдох тэтгэврийг би Унгар улсаас авна гэсэн үг. Миний мэдэж байгаагаар, арваад монгол хүн ийм тэтгэвэр авч байгаа. Энд ирээд таван жил оёдол хийсэн хүн байлаа гэхэд тэр хугацаандаа таарсан тэтгэврээ авна. Унгарт цалингийнх нь брутто, нетто гэж ярьдаг. Монголчилбол бодогдсон, гар дээр авах цалин гэсэн үг. Бодогдсон цалингаас 31,5 хувийг нь хасаад гар дээр олгодог. Түүний 15 хувь нь Хүн амын орлогын албан татварт, үлдсэн нь Эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгалын санд ордог. Тэнд мөнгө төлсөн учраас л тэтгэвэр авах эрх нь үүсэж байгаа юм. Мөнгө төлөөд байгаа учраас Эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаад, тэргүүн ээлжинд вакцинд хамрагдаж байгаа. Элчин сайдын яамны ажилтнууд олон улсын даатгалын системд хамрагддаг учраас бид Унгарын эрүүл мэндийн даатгалын системд хамрагдсан хүмүүсийн дараа вакцин хийлгэх ээлжтэй. Манай Монголд ч гэсэн нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын систем маань энэ чиглэл рүүгээ хөгжих ёстой гэж би боддог.

ОЮУТНУУД БОЛ ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНЫ ИРЭЭДҮЙН ГҮҮР

-Одоо Унгарт хэдэн монгол оюутан сурч байна вэ?

-Миний хувьд Монгол- Унгар хоёр улсын харилцааны хамгийн чухал амжилт боловсролын салбарт гарсан гэж боддог. Намайг Унгар улсад сурч байх үед хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр жилд 5 оюутныг сургадаг байсан. Яг биднийг ирсэн жил 1993 онд хуулийн чиглэлээр сургах 5 оюутныг нэмж, 10 оюутан авсан байдаг.

Тэрнээс хойш оюутнууд 5, 5-аараа явж байгаад, 2015- 2016 оны хичээлийн жилд 100 болгоё гэдэг яриа гарсан. Энэ яриа яригдаж байх үед 2016 оны 1-р сарын 27, 28-нд Унгар Улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлал хийсэн. Тэр үеэрээ “Унгарт сургах монгол оюутны тоог 200 болгоно” гэж хэлсэн юм. Миний хувьд “хэрвээ элчин сайдаар очвол энэ 200 оюутныг авахын төлөө явах ёстой юм байна” гэж бодсон. Ирээд түүний төлөө зүтгэсэн.

2016 онд намайг ирэхэд Унгарт сурдаг монгол оюутны тоо 70 байсан. Одоо 1000, өмнө байснуудтайгаа 1400 болоод байна. Энэ үнэхээр гоё үсрэлт. Жилд 200 оюутан ирж байгаа. Миний тооцоогоор 2030 гэхэд 3000 орчим оюутан Унгарт бэлтгэж авна. Энэ 3000 оюутан 20 жилийн дараа Монгол- Унгарын харилцааг авч явна.

-Ийм огцом үсрэлт хийхэд багагүй саад бэрхшээл тулгарсан байх. Хамгийн том бэрхшээл нь юу байв?

-2016 оны зургадугаар сард итгэмжлэх жуух бичгээ барихад минь Унгар Улсын Ерөнхийлөгч Адер Яанош надад дөрвөн зүйлийг захисан юм. “Танд хоёр том давуу тал байна. Хоёр том саад байгаа. Та энэ дөрөв дээр анхаараарай” гээд. Унгарын Ерөнхийлөгчийн тавьсан эхний асуулт юу байсан гэж та бодож байна?

-Ёстой тааварлахгүй байна шүү...

-“Яриад байгаарай элчин сайд аа? Ямар ямар багш орж байсан бэ?” гэсэн. Яагаад гэвэл бид нэг сургуулийн төгсөгчид юм. Багш нарынхаа тухай ярьж уулзалтаа эхэлсэн. Энэ ярианы дараа Ерөнхийлөгч Яанош “Та бол унгар хэлтэй. Хоёрдугаарт та Унгар улсыг биднээс дутахгүй мэдэх юм байна. Энэ хоёр давуу талаа маш сайн ашиглаарай. Танд хоёр том саад байгаа. Монголын хүнд суртал. Унгарын хүнд суртал. Энийг даваарай. Зоригтой байгаарай. 200 оюутан сургах, Биокомбинатын асуудлаа шийдүүлэхийн төлөө зүтгээд дуусгаарай. Би таныг дэмжинэ шүү” гэсэн. Тэр нь надад үнэхээр их зориг өгсөн.

Ингээд хоёр зуун оюутан сургах тухай яриад эхэлтэл Монголын талд ч, Унгарын талд ч багагүй хүнд сурталтай тулсан. Манай ЭСЯ-ны ажилтнаас авахуулаад Монголын талын зарим хүмүүс “Ерөнхий сайд нь сэтгэл хөдлөлөөрөө л 200 гээд хэлчихсэн байхгүй юу. Бүтэхгүй ш дээ. Юу гэж л 200 хүн аваад байв гэж дээ” гэж няцааж байлаа.

Гэвч зорьж зүтгэсээр 2016 онд анхны 200 оюутнаа авсан. Энэ гэрээгээ 2030 он хүртэл үргэлжлүүлье гэж би зүтгэж байгаа. Унгарчууд “хоёр хоёр жилээр гэрээгээ сунгаад явъя” гэсэн байр суурьтай. Одоо байгаа гэрээ 2023 он хүртэл хүчинтэй. 2022 онд гэрээгээ сунгана гэсэн бодолтой байгаа.

Хамгийн бахархмаар юм нь энэ богино хугацаанд Унгар улс Европ тивд хамгийн олон монгол оюутан сургаж байгаа улс болсон. Үүгээр бид бахархахаас өөр аргагүй. Унгарчууд маань маш сэтгэл хангалуун байгаа. Жил болгон 700- 800 залуучууд энд сурахын төлөө өрсөлддөг. Одоо оюутнууд маань сайн сурах л хэрэгтэй.

-Манайхан ямар чиглэлээр сурч байна?

-Сургалтын чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны яам тогтоодог. Олон чиглэл бий. Бидэнд хуульч, эдийн засагчдаас илүү инженерүүд хэрэгтэй байгаа. Тиймээс уул уурхайн чиглэлээр сургаж байна. Уул уурхайн чиглэлээр сурахаар хүмүүс “Ганц ч уурхай байхгүй Унгарт энэ чиглэлээр сургаж яах юм” гэдэг. Үнэн. Гэхдээ уул уурхайн инженерүүдийг нөхөн сэргээлтийн чиглэлээр уурхайгүй газар бэлдэх нь зөв юм билээ.

Унгарын Засгийн газрын тэтгэлгээр сургаж байгаа 200 оюутны 75 нь бакалавр, 75 нь магистр, 30 докторант байгаа. Анхны зарчмаараа 20 оюутныг богино хугацааны сургалтаар авах ёстой. Жишээлбэл Монголын төрийн албан хаагчид гурав, таван сарын сургалтад суралцах боломжтой. Хэрвээ тийм сургалтад бүртгүүлсэн хүмүүс байхгүй бол нөгөө 200 оюутныхаа тоо руу шилжүүлээд явчихдаг. Сайн сурч байгаа оюутнууд олон бий. Докторууд маань түрүүчээсээ хамгаалаад эхэллээ. Одоогийн байдлаар намайг ирсний дараа хамгаалсан 3 ч хүнтэй болчихлоо. Хамгаалахаар бэлтгэж байгаа 4, 5 ч хүн байна. Магиструуд маань олноороо төгсөж байгаа.

Сургалтын тухайд 95 хувь нь англи хэл дээр сурч байгаа. Миний хувьд нэг зүйлд их санаа зовдог. Унгар- Монголын харилцаа ийм сайхан үед бид унгар хэлтэй хүмүүсээ бэлдэж авахгүй бол унгар хэлтэй хүмүүс цөөрч байна. Ядаж арваад оюутныг унгар хэл дээр унгарын философи, түүх, урлагийг судлуулмаар байна. Унгарын хуулийг судлуулмаар байна. Ингээд 10 хүн сургачихвал ирээдүйд хоёр улсын хоёр талт харилцааг аваад явах дипломатууд, бусад мэргэжилтнүүдээ бэлдчихлээ гэсэн үг юм.

-Социализмын үед манайх Унгарт генетикчдээ бэлддэг байсан. Унгарын Сегедийн институтэд бэлтгэгдсэн генетикчид өнөөдөр залуу үеэ сургаад сууж байна. Биотехнологи, генетикийн салбар дахь хамтын ажиллагаа ямархуу янзтай байна?

-Яг үнэнийг хэлэхэд энэ тал дээр бид алдаа хийсэн. Энэ салбар маань зогссон. Унгарчууд ч гэсэн энэ салбараа хэсэг орхигдуулсан тал бий. Түрүүн хэлсэн “Пфайзер”-ийгзохион бүтээсэн эмэгтэй бол Сегедийн их сургуульд ажиллаж байсан хүн байгаа.

Одоо 16 монгол оюутан биотехнологи, химийн чиглэлээр магистрантур, докторантурт суралцаж байна. Тэд маань энэ салбарын хамтын ажиллагааны гол үндэс суурь нь болох ёстой. Ерөнхийдөө яг ийм нарийн мэргэжлийн хамтын ажиллагааг нуруун дээрээ авч явах хүмүүс бол мэргэжилтнүүд байдаг. Ерөнхийдөө элчин сайдын толгой дотор байдаг хэд хэдэн ийм салбар бий. Жишээлбэл усны салбар байна. Манай хоёр улсын хооронд сайхан хамтын ажиллагаа байсан. Гэтэл дунд үед нь зах зээлээс болоод тасалдсан. Тэр тасалдсан үеийг нөхөхийн тулд бид оюутнуудаа сургаж, гүүрээ тавих ёстой.

Тийм ч учраас Унгар- Монголын харилцааны үндэс суурь нь боловсролын салбар гэж үзэж байгаа.

МОНГОЛ ЗАЛУУ ЕВРОПЫН БАГТ МЭРГЭЖЛИЙН ХӨЛ БӨМБӨГЧНӨӨР ТОГЛОЖ БАЙНА

-Өөрийг чинь алба хашиж байх хугацаанд хоёр орны спортын салбарт гарсан ахицуудаас дурдахгүй юу? Тухайлбал “Пушкаш” академид суралцаж төгссөн монгол залуугийн анхны тоглолт дээр та очсон байсан...

-2015 онд Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Унгарын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчтэй уулзахдаа залуучуудыг сургах талаар ярилцсан юм билээ. Тэр дагуу хүүхдүүдээ авахаар Унгарын Ерөнхий сайдын ажлын албатай ярьж, 2016 оны наймдугаар сард 4 хүүхэд ирсэн. Түүнээс хойш жил болгон 2 хүүхэд ирж байгаа. Давхардсан тоогоор 16 хүүхэд суралцсан байгаа.

Анхны ирсэн залуучуудаас Ганбаярыг маань “Пушкаш” академи өөрийнхөө хөл бөмбөгийн багт мэргэжлийн хөлбөмбөгчнөөр авсан. Тоглолтыг нь очиж дэмжсэн тухайд энэ бол түүхэн, баяртай үйл явдал байсан. Монгол хүн анх удаа Европын аль нэг улсын дээд лигийн тоглолтод гараанд гарлаа шүү дээ. Ганбаяр маань одоо 21 настай. Нас залуу байна, ирээдүй сайхан байх болов уу гэж боддог.

-Унгарын төр засгаас спортын талаар баримталж байгаа бодлогын цөм нь юу байна?

-Унгар улсын одоогийн Засгийн газар нь эдийн засгийн болон нийгмийн бусад салбарын хөгжлөө спорттой маш ихээр холбож байгаа юм. “Спортод зарцуулсан 1 доллар эрүүл мэндийн салбарт 3 доллар хэмнэнэ” гэж үздэг. Нэг хүн гүйгээд эхлэх юм бол тэр хүний төлөө эрүүл мэндийн салбарт зарцуулдаг мөнгө багасна.

Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, хүн бүрийг спортоор хичээллүүлэхийн тулд юу хийх вэ гэхээр хоёр л юм хийнэ. Эхнийх нь спортын заал, талбайг хөгжүүлнэ. Харахад үр ашиг муутай хөрөнгө оруулалт юм шиг боловч алсын зайндаа хөрөнгө оруулалтыг маш сайн хийж чадна. Намайг оюутан байхад тийм байгаагүй. Одоо бол хаашаа ч гарсан хүн болгон гүйдэг, харайдаг, парламент, Засгийн газрын гишүүд нь “би тэдэн км гүйлээ, тийм уралдаанд оролцож, медаль авлаа” гэж ярьдаг болжээ.

Нөгөөх нь их спортыг хөгжүүлэх. Их спортыг хөгжүүлээд, олон уралдаан тэмцээн хийх тусам хүүхдүүд тэдэн шиг болохын тулд спортоор хичээллэж эхэлдэг. 100 хүүхэд спортоор хичээллэхэд хоёр, гуравхан нь л мэргэжлийн тамирчин болно. Үлдсэн нь спортод дуртай эрүүл саруул иргэн болно. Тийм учраас их спортыг хөгжүүлэхийн цаана ийм том нийгмийн хөгжлийн бодлого байгаа юм. 2016 онд унгарчуудад 2024 оны Олимпыг Будапештэд авъя гэсэн бодлого байсан. Энэ маань улс төрийн шалтгаанаар бүтэлгүйтсэн. Одоо 2032 оны Олимпыг хийвэл яадаг юм бэ гэдэг асуудал ярьж байгаа. Олимп гэнгүүт хүмүүс над мэтийн спортод дуртай хэдхэн нөхдийн дуртай юм гэж ойлгодог. Гэтэл түүнийг дагаад их хэмжээний хөрөнгө оруулалтууд орж ирдэг. Илүү том ач холбогдлыг түрүүн хэлсэн. 2021 онд 2032 оны Олимпыг ярихад энэ 10 жилийн дотор, дээр нь болоод өнгөрсний дараах 2 жилийг оруулаад 12 жилийн хугацаанд Олимпоор амьсгалсан бүхэл бүтэн нэгэн үе- генерац үүснэ. Тэд насан туршдаа спортоор хичээллэнэ. Тэр генерацын үед эрүүл мэндийн салбарын ачаалал багасна, нийгмийн даатгалын сангийн зарцуулалт багасч, хуримтлал нэмэгдэнэ.

Тэгэхээр их спорт, нийтийн биеийн тамирт оруулж байгаа хөрөнгө оруулалт бол ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Намайг ирснээс хойш манай топ спортууд болох жүдо бөхийн маш олон тэмцээн энд боллоо. Жүдо бөхийн дэлхийн аварга болсон. Манай тамирчид түүхэндээ байгаагүй олон медаль хүртэж, “Булган сүүлтэй Будапешт” гэж цоллосон шүү дээ. Чөлөөт бөхөөр гэхэд Олимпын биш жингийн дэлхийн аварга, үндсэн дэлхийн аварга, 23-аас доош насны залуучуудын дэлхийн аваргын тэмцээн зохиогдлоо. Манай тамирчид оролцоод л байгаа.

Энд зориуд дурдахад, сүүлийн үед “sport diplomacy” буюу “спортын дипломатууд” их хөгжиж байна. Унгар улс энийг маш амжилттай хийж байгаа. Манайх шиг жижиг улсын хувьд спортоор дамжиж, олон улсын харилцаанд үр дүн гаргах боломжтой гэж бодож байгаа. Ялангуяа дэлхийн спортын холбоодод монгол залуучуудыг ажиллуулах, хэрэв боломж байвал манайх шиг төвийг барьдаг, аль нэг тал руу нь ханараад байдаггүй улсын хувьд спорт дипломат ёсны удирдагчийн ажлыг хийх боломж их байгаа. Хамгийн сүүлд гэхэд Азийн чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар манай монгол эмэгтэй сонгогдлоо. Тийм ч учраас бид энэ чиглэлээр Унгартай ажиллах ёстой, Унгарын Олимпын хороотой нэлээн сайхан харилцаатай ажиллаж байгаа.

ХҮ ХАМТЛАГИЙГ УНГАРТ ТОГЛУУЛАХ САНАЛ ТАВЬЖ БАЙГАА

-Урлаг, соёлын хамтын ажиллагааны талаар юу хэлэх вэ?

-Яг спорт дээр ярьсан юмыг урлаг, соёл дээр ярьж болно. Урлаг, соёл, шашин гурав бол нийгмийг тайвшруулагч хүч гэж үздэг. Хүн өөрөө нийгмийн амьтан учраас ямар нэг байдлаар стресс хуралдаж байдаг, тэрийг нь гаргадаг, өөр тийш залдаг нь урлаг, спорт, шашин юм. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөртэйгээ ажиллаж эхэлдэг. Театрт нэг жүжиг үзсэний дараа тэр жүжгээ бодож явна гэдэг бол толгойтойгоо ажиллаж байна гэсэн үг.

Унгарчууд одоо манай Хү хамтлагийг унгарт тоглуулъя гэж яриад байгаа. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө хүннүчүүдээс гаралтай гэж үздэг. Тэгэхээр бид унгарчуудтай урлаг, соёлын талбарт нягт хамтран ажиллах ёстой. Энд нэг том арга хэмжээг дурдмаар байна. Унгарын парламентын даргын ивээл дор “Курултай” гэж арга хэмжээг хоёр жил тутам зохион байгуулагддаг. Хуралдай гэсэн монгол үг шүү дээ. Энд өөрсдийгөө нүүдэлчин гэж үздэг арван хэдэн улсын элчин сайдууд гэрээ барьдаг, бид энэ арга хэмжээнд байнга, амжилттай оролцож ирсэн. Энэ жил болно.

Өнгөрсөн хугацаанд монгол судлалын чиглэлээр 2 ч доктор төрөөд байна. Нэг нь унгар хүн. Баруун монголын хэлний аялгыг судалсан. Нөгөөх нь монгол судлаач, Монголын баруун хэсэгт байгаа сүм хийдүүдийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан.

Ер нь зөөлөн хүчний бодлого гэдэг бол хөрөнгө оруулалт, эдийн засгаас дутахгүй ач холбогдолтой. Би бол Унгар улс, Монголын хамтын ажиллагааны хамгийн чухал салбар бол боловсрол, зөөлөн хүчний бодлого юм даа гэж бодож байна.

-Монгол-Унгар улс хамтраад түүхэн кино хийх тухай мэдээлэл байсан. Энэ тухай сонирхмоор байна?

-Унгар- Монголын уран бүтээлчид хамтран, Бат хааны тухай буюу 1242 оны үйл явцын тухай кино хийхээр ярьж байгаа. Дэлхийд алдартай жүжигчдийг оролцуулах, Монгол, Унгарт зураг авалтаа хийхээр төлөвлөсөн юм билээ. Би энэ киноны продюсер, найруулагч хоёртой нь гурван ч удаа уулзсан. Тэгэхдээ нэг л хүсэлт тавьсан. Тэр нь юу вэ гэхээр “Бат хааны түүхийн тухай кино хийж байгаа бол хажууд нь Сүбээдэй баатрыг гаргахгүй бол болохгүй” гэсэн. Азаар миний саналыг хүлээн авч байгаа юм шиг байна лээ. Сүбээдэй баатрын тухай олон зүйлийг надаас асуусан.

Цаашдаа иймэрхүү кинонууд нэлээн хийгдэх байх. Хийе гэвэл санаа олон бий шүү дээ. Атилла хааны тухай, бүр Модун шаньюгийн тухай кино хийвэл яадаг юм гэсэн яриа чих дэлсэж л байсан. Хүннүчүүд, Марко Поло, Плано Карпинигийн тухай кино хийж болж байна. Прижевальскийн тухай кино хийгээд монгол тахиа сурталчлаад, хажуугаар нь хавтгай, мазаалай хоёроо хамгаалах тухай асуудлыг оруулчих юм бол Прижевальскийн нэрээр зүүн Европ, Орос тэр чигээрээ ороод ирэх жишээтэй. Манай Нагаанбуу багшийн бичсэн кино зохиолыг бариад нэг найруулагч эмэгтэй нэлээн хөөцөлдөж, овоо бүтэмжтэй байснаа Ковидоос болоод гацсан сурагтай.

Кино бол Монголын нэрийг дэлхийд гаргана, дээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх төв болох боломжийг авчирна. Би хувьдаа Монгол Улс дэлхийн кино үйлдвэрийн зураг авдаг талбай болох боломжтой гэж боддог юм. Бидний азаар хажууд Хятад байна. Хятадад киноны бүх тоног төхөөрөмж нь байгаа. Сүүлийн үед Хятадын кино зах зээл ямар өндөр түвшинд гарсныг бүгд мэднэ. Бид дэлхий дахинд амжилт гаргасан хүмүүстэй өрсөлдөж, араас нь явж байхын оронд шинэ салбарт гарч ирэх юм бол илүү амархан байх. Тэр салбарын нэг нь кино гэж би бодож байгаа. Хэнтэй ч булаацалдахын аргагүй сайхан түүх, баялаг сэдэв бидэнд байна.

Холливудын алдарт жүжигчин Жэки Чан Өвөрмонголд сайхан монгол гэрт кино хийсэн дээ. Тэр киног үзсэн маш олон унгар хүн надаас асуусан. “Танайх чинь манайхтай адилхан юм байна шүү дээ” гэж. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Унгар улс өөрсдөөрөө хүрээлүүлсэн дэлхийд цорын ганц улс гэж ярьдаг юм. Унгарын эргэн тойронд байгаа улсуудад дандаа унгарчууд амьдардаг. “Үгүй ээ, та нар ганцаараа биш. Монголчууд бид бас тийм” гэхэд итгэдэггүй байсан. Гэтэл Жэки Чаны киноны дараа “нээрээ тийм байна, чиний өмсөөд байдаг дээлийг Жэки Чан өмсөөд зодолдоод, тэгээд танай том бөхчүүдтэй байлдаад байна” гэж байгаа юм. Ингээд харахад кино ингэж л сурталчилдаг.

-Ковидын үед Монголын тусгай үүргийн онгоц Будапештэд буух үеийг та гар утсаараа зурагласан байсан. Яг тэр үед сэтгэл их догдолсон уу?

-Эх нутгаасаа холд ажиллаж амьдрахад нулимс гармаар явдал олон тохиолдсон. Баярлаж нулимс унагамаар нь ч байлаа, харуусаж гашуудмаар тохиолдол ч байсан.

Хамгийн анх 2020 оны есдүгээр сарын 23-нд МИАТ-ийн онгоц Франкфурт руу нисэх замдаа Будапештэд бууж, 100 гаруй монгол оюутныг буулгаад цаашаа ниссэн. Яг тэр үед надад гайхалтай сайхан санагдсан. МИАТ-ийн онгоц буугаад ирэх үед өөрийн эрхгүй нэг үг орж ирсэн. “Яг морьд эргэж байгаа юм шиг байна даа” гэж. “Энэ манай Монголын онгоц байна, Монголын маань агаарыг авчирч байна” гэж бодохоор үнэхээр гоё юм билээ. Одоо ч тэр тухай эргээд бодоход нулимс гарах гээд байна.

Дараа нь “Хүннү эйр”-ийнхэн хоёр удаа нислэг хийсэн. Тэр нислэгээр манай жүдогийн тамирчид ирсэн. Би хүүхэд байхдаа бөхөөр хичээллэж байсныг хэлэх үү тэднийгээ угтаад жүдогийн ёсолгоогоор хүндэтгэл үзүүлсэн.

Хамгийн гол нь би юу гэж хэлэх гээд байна гэхээр манай “МИАТ”, “Хүннү эйр” ч тэр аль аль нь хоёр орны хооронд нисэх боломжтой юм байна гэдгийг харуулсан. Хэрвээ Ковидын дараа Будапешт- Улаанбаатар хоёрын хооронд шууд нислэг хийвэл Зүүн Европод байгаа монголчуудаас гадна Зүүн Европод байгаа жуулчдыг татах маш том боломж юм байна гэж би харж байгаа.

Гэхдээ Зүүн Европын жуулчид болоод ажил хэрэгч хүмүүсийг татах бидний үндсэн арга бол ганцхан Монгол гэхгүй цаашаа Хятадтай холбоод өгчихвөл жуулчдын тоогоо нэмэгдүүлэхэд чухал алхам болох болов уу. Хоёр улсын хооронд байнгын нислэгтэй болох талаар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрущански бид хоёр 100 хувь ижилхэн ойлголттой, хоёр талдаа зүтгэж байгаа. Тийм бүтэхгүй, хэцүү ажил биш.

Унгарын талаас Ковидын өмнө 7 хоногт 6 нислэг Хятадын янз бүрийн хотууд руу хийж байсан. Унгарын Засгийн газрын “Дорно зүгийн нээлттэй бодлого”-д нь тохируулаад, дунд нь Казахстан юм уу, Киргизэд буугаад холбох үйл ажиллагааг хийгээд бүс нутгийнхаа удирдагч нь эс гэхэд гол холбогч нь болоод тоглоод эхэлбэл монголчууд бидэнд маш олон талын ач холбогдолтой. Тийм учраас иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааг маш ирээдүйтэй гэж харж байгаа.

БИДНИЙ БАРИХ “ГҮҮР” БА БИДЭНД БАЙГАА “ШИНЭ БОЛОМЖ”

-Та Монгол- Унгарын харилцааны ирээдүйг хэрхэн харж байна?

-Би бол Унгар-Монголын харилцааны ирээдүйг “ГҮҮР” гэдэг үгээр тодорхойлоод байгаа. Тэр нь юу вэ гэхээр Унгар улс бидэнд Европ тив болоод Хятад, Оросын зах зээл рүү гарах гүүр болох боломжтой. Унгар улс биднээр дамжуулаад Азийн, тэр тусмаа Зүүн хойд Азийн орнуудын зах зээлд гарах боломжтой.

Монгол Улс Японтой ямар сайхан харилцаатай билээ. Хойд Солонгос, Энэтхэг, Хятад, Оростой ямар харилцаатай билээ. Энэ таван улстай ийм сайхан харилцаатай, газар нутгийн хувьд ойрхон улс Монголоос өөр байхгүй. Өнөөдөр Европ даяар Хятадын болоод Оросын, эсвэл Энэтхэг, Япон, Солонгосын зах зээл дээр гарах юм сан гэсэн мөрөөдөлтэй, мөнгөө хармаалчихсан, төлөвлөгөөгөө хийчихсэн баахан бизнесмен байна шүү дээ. Тэдэнд “та нар Монголд үйлдвэрээ байгуулчих. Тэгээд хүссэн зах зээл рүүгээ гар” гэж зөвлөмөөр байдаг. Жишээлбэл унгарчууд “колбас” гэж нэрлэдэг махан бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай. Тэрийгээ Хятад руу гаргамаар байдаг. Эндээс Хятад руу ачаад гаргана гэхээр бүтэхгүй. Тэгвэл “Монголд мах нь байна, та нарт мөнгөө аваад, цүнхэн дотроо технологио хийгээд оч. Монголд очоод гахай, үхэр, хонь хүссэн махаараа лаазалсан бүтээгдэхүүн хийгээд Хятад, Орос руу гаргаж болно” гээд ярихаар эд нар их сонирхоод байгаа юм.

Ялангуяа манай Монголын аймаг сумд, эдийн засгийн чөлөөт бүсүүд маань энэ чиглэлээр ганцхан Унгарын биш дэлхийн бүх хүмүүсийг татаад Хятад руу гарах зах зээл нь болох бүрэн боломжтой. Тэр байгуулж байгаа компанид нь монгол хүн байдаг юм уу, монголын төр тодорхой хувь эзэмшээд ашиг авна. Дээр нь тэнд гарч байгаа бүтээгдэхүүнүүдээс бид татвараа авна. Ажлын байр бий болгоно. Дээр нь нэг сумын төв дээр үйлдвэр байгуулах юм бол тухайн сумын төвийн эдийн засгийн эргэлтийг өндөр болгочихно.

Хоёрдугаарт нь Унгарыг бүгдээрээ гүүр болгоод Европ руу гаръя. “Говь” компанийн дэлгүүр Будапештын хамгийн гангачуудын гудамжинд байсан гэнэ лээ. Бид оюутан байхдаа мөрөөддөг байсан. “Амьддаа нэг энд монгол дэлгүүр нээхийг харчих юм сан” гэж. Гэтэл манай Bodio’s гэж ноолуурын компани энд дэлгүүрээ нээсэн. Гайгүй ч ажилласан, даанч Ковидоос болоод хаагдчихлаа. Цаашдаа ноолуур ч бай юу ч бай, жишээлбэл “АПУ” Унгарт, тэр тусмаа Унгарын хөдөө агуулах бариад, тэндээ бүтээгдэхүүнээ татаад, эндээсээ интернэтээр худалдаа хийвэл ашигтай.

-Та бас Серб улсыг хавсран хамаардаг. Монгол- Сербийн харилцааны ирээдүйг хэрхэн тодорхойлох вэ?

-Сербийн тухайд Югославын дайнаас болоод бүх улстай харилцаа тасарсан. Сербэд Монгол Улсын 16 иргэн амьдарч байна. 4 оюутан байсан, 2 нь төгсөөд явсан. Миний хувьд Серб дээр баримталж байгаа бодлого маань Сербийн Засгийн газарт оюутнуудын хамтын ажиллагаа эхлүүлэх, дээр нь монголын бизнесменүүдээ сербийн бизнесменүүд, Сербийн эдийн засагтай холбох бодолтой байгаа. Яагаад гэвэл нэгэнт тогтсон систем рүү орж амжилт үзүүлэх хэцүү, харин Серб шиг шинээр бий болж байгаа систем рүү орох нь амар.

Ерөнхийдөө сүүлийн үед Сербийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаа. Одоо Европын холбоонд элсэх тухай асуудлыг хүчтэй тавьж байна. Хэрвээ Европын холбоонд элсэх асуудал нааштай шийдэгдвэл бид Унгараараа дамжаад Сербтэйгээ сайхан харилцах боломж гарах байх. Би Сербийг ШИНЭ БОЛОМЖ гэж харж байгаа. Яагаад гэвэл Балканы хойгийг Зүүн, Төв Европтой холбож байгаа гол холбогч, дээр нь геополитикийн том тоглогч. Хамгийн гол нь Югослав гэдэг улсаараа дамжаад бидэнтэй харилцааны түүх сайтай. Найрамдалт харилцаатай учраас цаашдаа хөгжүүлэх ёстой гэж үздэг. Хариуцаж байгаагийн хувьд Серб рүүгээ ажиллах сонирхол их байгаа. Улс төрийн болоод геополитикийн саадууд нэлээн олон байна.

Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон улс оронтой хамтарч ажиллалаа. Олсон амжилт бий, алдсан юм ч бий. Өөрсдийнхөө юмыг ашиглуулсан мөртлөө ашиг олж чадаагүй тохиолдол ч бий. Гэтэл Унгар, Чех, Серб, мэтийн улс гүрнүүдтэй бид хамтдаа л хожно уу гэхээс биш алдах магадлал тун бага. Зүүн Европ бол зөөлөн хүчний бодлогын хувьд ч тэр, эдийн засгийн бодлогын хувьд ч тэр хамгийн ойрхон байх, хамгийн амжилттай бүтэмжтэй түнш маань.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦДОО(66.181.179.165) 2021 оны 05 сарын 01

Зарим нэг хүн хуруу нэмэхээс хушуу нэмэхээ урдал болгох юм. Унгарын Ерөнхийлөгч яг ийм хүмүүс хүнд суртал гарган ажлыг хэрэгжүүлэхэд саад учруулдаг, мохоодог, муулдаг гэж хэлсэн ажээ. Харин элчин сайд Батбаяр энэ бүгдийг даван туулж, сайн ажиллаж чадсанд чин сэтгэлээсээ талархаж баына. Монгол Улс хөгжихгүй байгаа нь энэ харлуулах, муулах, өөдтэй яваа хүмүүсээ шүүмжлэх, ажил хийж байгаагаа доош хийх, урам зоригийг нь үхүүлэх зэргээс шалтгаалж байгааг хүн бүр ойлговол их сайхан ирээдүй биднийг хүлээж байна.

0  |  0
ЦДОО(66.181.179.165) 2021 оны 05 сарын 01

Дахиад Батбаяр шиг элчин сайд , худалдааны ажилтан томилогдоод ажиллаж чадвал хоёр орны харилцаа хөгжих нь зайлшгүй. Хоёр орны хооронд нислэгтэй болно, унгар хиамны үйлдвэр Монголд баригдана, Биокомбинатын үйл ажиллагаа өргөжинө гэх зэргээр улам хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. ЭСЯ татан буугдана гэж зүүдэлсний ч хэрэггүй. Одоо сурсан болон сурч байгаа 1000 орчим оюутан мөн ч их юм бүтээнэ дээ.Ядахдаа оюутан хариуцсан ажилтан томилоосой билээ. Жил бүр 200 оюутныг даан сургаж байгаа өөр ямар улс байгаа юм бэ? Энэ бол том хөрөнгө оруулалт. Ү үнийг хэрэгжүүлэх нь итгэл, сэтгэл, зүтгэлээр бүтнэ.

0  |  0
ЦДОО(66.181.179.165) 2021 оны 05 сарын 01

Жишээ нь, манай томоохон компани яг ижил хэмжээний хөрөнгө гаргах, ашиг олох нь ч адил байгаад Унгартай юу, эсвэл Япон, Солонгостой хамтарч ажиллах уу гэвэл алийг нь сонгох бол?! Унгарын тал ч адилхан. Тэгээд худалдаа, эдийн засаг хариуцсан ажилтны орон тоо ч байхгүй байхад элчин сайд зөв эхлэл, шанг татаад яваа юм биш үү. Хэлэлцээр байгуулах, цаасан дээр тохиролцож гарын үсэг зурах амархан ажил биш, гэхдээ түүнийг ажил хэрэг болгох, хэрэгжүүлэх нь түүнээс хэд дахин сэтгэл, зүтгэл шаарддаг болой.

0  |  0
ЦДОО(66.181.179.165) 2021 оны 05 сарын 01

Улс төр, боловсрол, соёл, урлаг, спортын салбарт манай хоёр орны харилцаа нааштай хөгжиж байгаа нь элчин сайдтай салшгүй холбоотой . Эдийн засаг, худалдааны харилцаа тийм амархан хөгжиж дээшилдэг зүйл биш. Ерөнхийлөгч нь хэлэхдээ “Та Унгар орныг болон хэлийг нь мэддэг давуу талаа ашигла” гэсэн нь юутай үнэн үг вэ? Гэтэл 2000 оноос хойш ийм унгар хэлтэй, улс орноор мэргэжсэн хүн томилогдсон билүү. Тэрчбайтугай ЭСЯ-нд нь бүхэлдээ унгар хэлтэй ажилтан ховорхон байсан үе бий шүү. Эдийн засаг, худалдааны харилцаа хугацаа шаарддаг, мөн тухайн 2 орны хөгжлөөс шалтгаалдаг.

0  |  0
ЦДОО(66.181.179.165) 2021 оны 05 сарын 01

Сэтгэл гарган сайн ажиллаж байгаа элчин сайд Батбаяртаа ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе! Би 90-ээд онд Монгол-Унгарын харилцаан дээр ажиллаж байсны хувьд хоёр оронд суугаа элчин сайд нар ам нэгтэй, нэг санаа бодолтой байвал ажил, санаачилга биелдэг юм. Тэр 90-д онд Дорнод Европын социалист гэгдэж байсан орнуудын зарим нь ЭСЯ-аа хаагаад явж байсан болохоос биш, оюутан хүлээн авч сургасан орон ховорхон байжээ. Элчин сайдын ярьснаар 1993 онд (1992 онд Унгарын Хууль зүй/шударга ёс/-н сайд нь айлчилснаар 5 оюутанг нэмж авах болсон) 10 оюутаны тэтгэлгийг унгарын тал даасан болой.

0  |  0
Bayarsaikhan(202.21.109.36) 2021 оны 04 сарын 30

Зов сэтгэлтэй хун ажиллаж байгаа юм байна

0  |  0
Zochin(212.95.5.238) 2021 оны 04 сарын 30

Elchin said Batbayaryn yariad baigaa 200 oyutang Ungart surgah heleltseeriig tany umnu Elchind ajillaj baisan humuusiin sanaachlagaar 2015 ond Ungaryn taltai baiguulagdsan. Tetgever hariltsan togtooh heleltseer ch yalgaagui. Turiin ajil zalgamjlagdan yavdgaaraa yavj baina. Elchin saidyn gol ajil hudaldaa, hurungu oruulaltyn hemjeeg ajillah hugatsaandaa herhen nemegduulsen be gedgeer unelegdene Ene talaar neg ch too barimt yariltslagand alga. Ungaryn Hugjliin alban yosny tuslamj yu bolsin be? Zogsson uu? Elchin saidyn yam baih eseh asuudal ediin zasgiin hamtyn ajillagaanaas shaltgaaldag.

0  |  0
Zochin(212.95.5.238) 2021 оны 04 сарын 30

Ene heleltseeriin daguu l turiin ajil buyu jil bur 200 oyutan surgah asuudal ulamjlagdan, zalgamjlagdan yavagdaj baina gej uzej baina. Elchin said ene ajlyg uuriin sanaachlagaar hiisen met olon udaa reklamdan yarij baigaa ni yos zuid ul niitsne. Gol ajil boloh hudaldaa, ediin zasgiin hamtyn ajillagaanyhaa talaar tsaashid yarih shaardlagatai. Mun Ungaryn Mongold uzuuldeg hugjliin alban yosny tuslamjiin asuudlaar yarihgui baina. Zogsooson uu? Enehuu ajlyn ur dungeer tsaashdaa hoyor orond Elchin saidyn yam baih uu, ugui yu gedeg asuudal shiidegdene gedgiig sanah shaardlagatai.

0  |  0
Zochin(212.95.5.238) 2021 оны 04 сарын 29

Yariltslaga saihan bolj. Mongol, Ungaryn hoorondyn hudaldaa, ediin zasgiin hamtyn ajillagaany ur dungeer Elchin said Batbayaryn ajil unelegdeh yostoi. Ene talaar yariltslagand yu ch duridagdaagui bna. Iimd Elchin saidaas ene tuhai medeelliig too barimttai ni olon niited sonirduulahyg husie Odoogiin Elchin saidyg tomilogdohyn umnuh jil buyu 2015 ond Budapest dahi ESY-nd ajillaj baisan ajiltnuud bolon tuhain ueiin manai Bolovsrolyn yamny Turiin nariin bichgiin dargyn hamtyn ajillgaany ur dund Ungart anh 200 oyutan jil bur surgah heleltseeriig Ungaryn taltai yariltsan tohiroltsoj baij baiguulsa

0  |  0
Зочин(192.82.86.99) 2021 оны 04 сарын 29

Үнэхээр Унгар- Монголын харилцааны алтан үе тохиож байгаа юм байна даа. Энэ боломжийг бид ашиглавал. Бас Унгарын Ерөнхий сайд Орбаныг Европын холбоо буруутгаад байсан чинь ийм учиртай байсан юмуу. Эцсийн эцэст удирдагч хүн ард түмнээ л бодож шийднэ шүү дээ, түүнээс манай дарга нар шиг гадаад улсуудын бодлогыг мухар сохроор дагахгүй. Манайхан бол амьдралаас хэт тасраад, дээр нь харийг шүтээд байна

1  |  0
Зочин(59.153.114.213) 2021 оны 04 сарын 30

Улсаа төлөөлсөн элчин сайд хүн ингэж л ажиллах ёстой.Энэ залуу эрдэм мэдлэгтэй, эх оронч сэтгэлтэй, эелдэг даруу зантай, эх орноо гадаадад сайн төлөөлж чадаж байна Хугацааг нь сунгаад ажлын үр дүнг нь үзэх хэрэгтэй Зарим нөхөд ву чмэдэхгүй байж хятадын эрлийз чгэх шиг дэмий юм хуцаад яах нь вэ Аав ээж нь гомдоно шүү дээ Цэвэр цэвэрдээ жинхэнэ цэвэр монгол залуу үүх түүхийг нь мэдэж байж хуцах хэрэгтэй.Залуу сайддаа амжилт хүсье

2  |  0
Зочин(66.181.183.211) 2021 оны 04 сарын 30

Энэ залуу бол монголоос гадаад орнуудад суугаа элчин сайдуудаас тохой илүү ажиллаж байгаа хүн юм билээ. Ийм л хүмүүс монголыг төлөөлж гадаадад ажилвал эх орны хөгжилд хэрэгтэй юмсан.

2  |  0
с(66.181.191.38) 2021 оны 04 сарын 29

уг нь бас аятайхан л санаанууд хэлжээ. юм юм боддог л хүн байна. ямар ч улс төржсөн юм алга. генетик микробиологи, ус, хайгуул, хөрс хамгаалал, түүх гэх салбарт хамтран ажиллах орон зайтайг л хэлж байна. буруу юм алга

2  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 30

Монголд төрж өссөн хятад хүн юм байна. Монголын иргэн, монгол паспорттой болж бүр Унгарт сурч, одоо элчин болчихсон сүлжээний товариш байна даа одоо татаж авчраад байх ёстой байранд нь тавих болж.

0  |  7
Top