Долоон жилийн дараах хяналт ба Монголын ГАДААД ХУДАЛДАА 

2021 оны 03 сарын 19

Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улсын худалдааны бодлогыг хянан хэлэлцэж байна.

Тодотгоход, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2016 оны арванэнгдүгээр сарын 24-ний өдөр соёрхон батлахдаа,  тус байгууллагын өмнө тодорхой үүрэг амлалтуудыг  100% биелүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Хэлэлцээрийг соёрхон батласнаас хойш  дөрвөн жилийн хугацаанд үүрэг амлалтын хэрэгжилт 30 хувьд хүрээгүй байна гэсэн мэдээлэл бий.

Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээллээр тус байгууллагын гишүүн улс орнууд эдгээр өдрүүдэд Монгол Улсын худалдааны бодлогыг хянан хэлэлцэж буй хурлаараа  Монгол Улс нээлттэй, чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлж, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг үнэлээд, Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр идэвхтэй бодлого баримталж ирснийг онцолжээ. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, худалдааны бодлого зохицуулалтын ил тод байдлыг хангах, эдийн засаг дахь төрийн оролцоо мөн худалдаан дахь техникийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэсэн.

Хуралдааны эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг худалдаа, макро эдийн засгийн чиглэлээр Засгийн газраас сүүлийн долоон жилд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, цаашдын зорилтын талаар үг хэлэв. Монгол Улсын худалдааны бодлогын талаарх тайлантай холбогдуулан ДХБ-ын гишүүн 16 улсаас 300 гаруй асуулт урьдчилан ирүүлснээс гадна хуралдааны үеэр 21 улсын төлөөлөл үг хэллээ. Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улсын худалдааны бодлогыг өмнө 2005, 2014 онуудад тус тус хянан хэлэлцэж байсан гэсэн албан  мэдээллийг өгч байна.

Эхэнд дурдсан Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн тухайд тодорхой хэмжээнд хийсэн ажлууд бий ч хэлэлцээрийг хэрэгжүүлэх хугацааны тал  нь өнгөрсөн байхад хэрэгжилтийн хувь бага байгаа нь анхаарал хандуулах ёстой юм. Том зургаар нь  харах юм бол суурь асуудлуудаа шийдэж байж үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч, тээвэрлэгч гэхчлэн бүхий л оролцогчдод зардлаа бууруулах, эргэлтийн давтамжаа ойртуулах,  үр ашгаа нэмэгдүүлэх боломж бий болно.

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Гадаад худалдааны салбарын бодлогоо цогцоор нь эргэн харж,  хөгжлийг нь олон шат ахиулах боломжийг ашиглах нь эргээд дунд болон урт хугацаандаа эдийн засгийн салбарт үр нөлөөтэй. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн тодорхойлох нь  ирэх таван жилд хийх шаардлагатай ажлынхаа зураглалыг тодорхой болгоход чухал байна.  Тухайлбал:

Хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо ямар түвшинд байна вэ? гэдэг асуудлын хүрээнд талуудын үйл ажиллагааны сайн болон дутагдалтай талыг аль алийг авч үзэх хэрэгтэй.

Сүүлийн мэдээллээс үзэхэд Гадаад худалдаатай холбоотой хууль, бодлогын баримт бичиг, журам, дүрэм, экспорт, импортын гаалийн мэдүүлгүүд болон тусгай зөвшөөрөл, лиценз зэрэг 370 гаруй мэдээллийг нэг дор нэгтгэсэн портал сайт өнгөрсөн арванхоёрдугаар сараас ашиглалтад орсон. Энэ нь гадаад худалдаанд оролцогч бүхий л төрийн байгууллага, яамд болон агентлагуудыг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нартай илүү үр дүнтэй, ил тодоор хамтран ажиллах орчныг бүрдүүлнэ гэсэн мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өгч байна.

Мэдээж энэ сайн мэдээ.  Тэгвэл энэ үйл ажиллагаа хэрэгжсэнээр Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн хэрэгжилтийг хэдэн хувиар нэмэгдүүлэх юм бэ? гэдэг асуудал анхаарал татаж байна.

Нөгөө талаас талуудын үйл ажиллагаа  хангалтгүй байгаад  нөлөөлж буй гол  хүчин зүйлс шийдэгдэхгүй үлдээд байна уу? гэдэг асуудал байна.

Хэлэлцээрийг ажил хэрэг болгох, Монгол Улс үүнээс үр ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчны хүрээнд ямар зохицуулалт хийх шаардлагатай байгаа вэ? гэдэг асуудлыг хөндөх ёстой юм. 

Бодлого, Хууль эрх зүйн орчны талаас харахад:

-Гадаад зах зээл дээрх  түүхий эдийн ханшийн савлагаанаас хэт хамааралтай, бүтцийн хувьд доголдолтой Монголын эдийн засгийг эрүүлжүүлэхэд гадаад худалдааны салбар чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

Уул уурхайгаас гадна бусад бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааг ашигтай байлгахад үйл ажиллагаагаа хандуулан ажиллах Худалдааны яам Монгол Улсад хэрэгтэй.

Гадаад худалдааны тэнцэл ашигтай байна гэдэг нь цаашлаад ханш болон инфляцын тогтвортой байдлыг хангах суурь болно.

2015 онд Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан ч манай тал уг хэлэлцээрийг өөрсөддөө ашигтайгаар хөрсөн дээр буулгаж чадаагүй байна. Худалдааны асуудлыг яамдууд хувааж хариуцсан, үйл ажиллагааны уялдаагүй байдал зэргийг зүгээр хараад байх биш шийдэл хэрэгтэй.  Хөрш орнууд руу экспорт, импорт хийх болон дамжин өнгөрөх тээврийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай талаас харах, шаардлагатай бодлогын орон зайг  цаг алдахгүй мэдэрч, шийдвэрлүүлдэг яам байх хэрэгтэй болов уу.

-Худалдааны тухай  хуулийн төсөл олон жил яригдсан ч хуульчлагдан батлагдаагүй.  Төсөлд эргэн харах зүйлс ч байгаа байх.

-Экспорт, импортын үйл ажиллагаанд шаардагддаг зөвшөөрлийн олон бичиг баримтыг цөөлөх. Үүнийг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, зөвшөөрлийг цахимжуулах гэхчлэн шийдлүүд байж болно.

-Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Гаалийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн асуудлыг мөн авч үзэх хэрэгтэй юм.

Ер нь бол Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой, бид чадна гэсэн итгэл үнэмшил төр засгийн түвшинд дархлаажиж, суугаагүй байна. Төр засгийн түвшинд аль ч нам хүчин байсан Монгол улсын гадаад худалдааны бодлого тодорхой, эдийн засгийн үр ашгийг эрэлхийлсэн байх ёстой. Гэвч хандлагын тодорхой бус байдал нь нэг хоёр жилээр бус олон жилээр ужигран өдийг хүрчээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хангай(64.119.21.88) 2021 оны 03 сарын 28

ГАдаад худалдаанаас гадаад харилцааг салгах хэрэгтэй

0  |  0
Зочин(103.229.120.227) 2021 оны 03 сарын 19

Худалдааны яам хэрэгтэй гэж олон хун олон жил ярьсан даа Уе уеийн МАН ы засаг огт авч хэлэлцээгуй Юмаа нууж байх хувийн ашиг сонирхол байдаг бололтой

0  |  0
Top