Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 14 хоног ХЯЗГААРЛАНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 13

Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос коронавирусний үед хэрэгжүүлэх нөхцөл байдлыг гуравдугаар сарын 15-наас буюу ирэх даваа гаригаас улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэр гаргалаа. 

Улбар шар түвшинд 14 хоногийн хугацаанд шилжих ба Онцгой комиссоос гаргасан энэ шийдвэр улс орон даяар хэрэгжих аж. 

Шийдвэрийн хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-наас эхлэн 14 хоног хязгаарлах юм байна. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж байгаа. Улбар шар түвшиний хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сард хичээллүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Өндөр эрсдэлтэй байна. Хүүхдүүдэд эрсдэл үүсэхээс сэргийлэх ёстой. Одоогоор сургууль, цэцэрлэг хэзээ ажиллахыг хэлэх боломжгүй. Халдварын тоо эрс нэмэгдэж байна. Халдварын эрсдэл бууртал шийдвэр гаргахгүй" гэлээ. 
 

УЛБАР ШАР БҮС РҮҮ ШИЛЖСЭНЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ 14 БАЙГУУЛЛАГА
 

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар (Диско болон кароаке)

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв (Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй)

7. Соёл урлаг 

8. Үзвэр үйлчилгээ (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

9. Алжаал тайлах төв 

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

11. Саун, бассейн (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

12. Дэн буудал 

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд 

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй)
 


Сануулахад, сүүлийн 24 цагийн хугацаанд 19318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илрээд байна. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарсан ба тэдгээрийн 156 нь ойрын хавьтал байжээ. Өнөөдрийн байдлаар дотоодод халдвар авсан хүний тоо 3303 хүрч, үүний 2958 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top