"Их 7” бүлэг Токиогийн Олимпын наадмыг явуулахыг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 20

“Их 7” бүлгийн орнуудын удирдагчид Токио хотноо зуны Олимпын наадмыг энэ жил зохион байгуулахыг дэмжжээ.

“Их 7” бүлгийн цахим дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ тус улс энэ жил Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулахад шийдэмгий буйг илэрхийлжээ. Японы тал спортын их наадам цар тахлыг даван туулах бэлгэ тэмдэг болно гэж үзэж байна.

“Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтад Их Британи, Итали, Канад, Японы ерөнхий сайд нар, АНУ, Францын төрийн тэргүүн нар, Германы канцлер, Европын зөвлөлийн тэргүүн болон Европын комиссын дарга нар оролцжээ. Итали, АНУ, Японы удирдагч, Европын холбооны удирдлагуудын хувьд энэ удаагийн уулзалт анхных юм.

Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээ хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ыг хүртэл зохион байгуулахаар товлосон билээ. Ингэхдээ наадмын “Токио-2020” нэршлийг хадгалж үлдэх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top