Эхний ээлжид вакциныг 50-аас дээш насныханд хийхээр төлөвлөжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр /2021.02.16/ ХӨСҮТ-д ажиллаж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма цар тахлын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажил ямар шатандаа яваа талаар танилцуулсан юм.

Тэрбээр "Цар тахал батлагдсан цаг үеэс хойш манай төв халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусгаарлах, голомтын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах, ард иргэдээ үнэн зөв мэдээллээр хангах ажлыг хийж, гүйцэтгэж ирлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд халдвар авсан нь батлагдсан 1200 гаруй иргэнийг эмчилж, ажиллалаа. Одоо бид цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад оруулж ирэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ. 

Түүнчлэн "Бид хуулийн хүрээнд вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна. Монгол Улсад халдварын эсрэг вакциныг түргэвчилсэн нөхцөлөөр хэрэглээнд гаргах журмыг батлуулсан, хэрэгжүүлээд явж байна. Нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах зорилт тавьсан. Эхний ээлжид төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа бусад салбарын төрийн албан хаагчид орно. Түүнээс гадна энэ өвчинд хамгийн өртөмтгий 50-аас дээш насныханд вакцин хийнэ, судалгааг гаргасан. Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног, төхөөрөмж бүрдсэн байна. Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 гаруй нэгж байдаг. Аймаг, дүүрэгт вакциныг хадгалах, түгээх зохицуулалттай явна. Хамгийн гол нь тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагын хамгаалалтад явуулна. Вакцинжуулалтыг 548 цэгээрээ дамжуулж, хийнэ. Зай талбай томтой сургууль, цэцэрлэгийн заалыг ашиглаж хийнэ, судалгааг нь гаргасан байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top