ШУУРХАЙ: Халдварын 14 тохиолдол нэмж бүртгэгджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ ОБЕГ-т ажиллаж, үүрэг чиглэл өгч байна. Энэ үеэр өнгөрсөн хоногт халдварын 14 тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар мэдээллээ. Түүнчлэн өчигдөр БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 151 хүн эх орондоо ирсэн бөгөөд тэднийг тусгаарласан байна. Алба хаагчид халдварт өртөх магадлал нь 13 хувь байна. Өөрөөр хэлбэл, 100 алба хаагчийн 13 нь халдвар авах эрсдэлтэй байгаа талаар хэлж байна. 

Өнгөрсөн хугацаанд иргэдээс 8.8 тэрбум төгрөгийн бараа, материал болон мөнгөн тэтгэмж цугларчээ. Одоогийн байдлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дансанд 1.1 тэрбум төгрөг байгаа аж.  

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаандаа бид дүгнэлт хийх ёстой. Та бүхнийг магтах гэж ирээгүй. Цар тахал бол цогц асуудал болохоор шийдэл нь цогц байх ёстой. ОБЕГ болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоо тааруу байж ирсэн. Нэгдүгээрт, вакцин оруулж ирнэ. Энд бэлэн үү, төлөвлөгөө байна уу. Сая газар хөдлөлт боллоо, яагаад Засгийн газарт мэдэгдсэнгүй вэ. Хүчний байгууллага нь мэдээлэлгүй байсан шүү. Бид цар тахлыг хөөх биш урьдчилан сэргийлж, угтсан арга хэмжээ авах хэрэгтэй. Дэлхийн олон улсад амжилттай яваа арга хэмжээнүүд байна. Цар тахлыг хэрхэн богино хугацаанд давах туулах вэ, эдийн засагтай нь цогцоор нь харж, төлөвлө. Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулах хэрэгтэй байна. Хамтарч ярилцах хэрэгтэй, өдөр шөнөгүй ажиллаж, ярилцах хэрэгтэй. Үйл ажиллагаа чинь салангад байж болохгүй. Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэр замдаа замхарч байна. Ийм байж болохгүй. Одоогийн хадлагаа өөрчлөхгүй бол би хариуцлага тооцож ажиллах болно" хэмээн тодотголоо. 

Top