Л.Оюун-Эрдэнэ: Парламент Ж.Эрдэнэбатын эрх зөрчигдсөн эсэх дээр дүгнэлт гаргах ёстой

Ж.Баяр | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Олон улсын парламентын холбооноос Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьж, ял оноосон асуудал нь хүний эрх зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж манай улсад хэрэг нээгээд байгаа. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулсныг хүргэж байна.


-ОУПХ саяхан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон асуудалд манай улсад хэрэг нээж байна гэдгээ мэдэгдсэн. Та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Бүрэн эрхтэй парламентын гишүүнийг Халдашгүй байдлын байнгын хороогоор оруулахгүйгээр УЕП-оос санал орж ирээгүй байхад шууд хорьсон анхны тохиолдол. Тэгэхээр бид энэ дээр бол их нухацтай, ялгаж салгаж ойлгохгүй бол цаашдаа ардчиллын дархлаанд томоохон хэмжээний түүхэн толбо болж үлдэх эрсдэлтэй гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, нэр дэвшээд явж байхад бүх нэр дэвшигчид халдашгүй байдал үүсдэг. Үүнийг зөрчсөн хоёр дахь асуудал үүсч байгаа учраас ОУПХ хэрэг үүсгээд явж байгаа. Тэгэхээр үүнийг бид маш хариуцлагатай хандаж мухарлах ёстой. Анх удаа энэ процедуруудыг алгасаж, шүүх парламентын гишүүний халдашгүй байдалд, нэр дэвшигчийн халдашгүй байдалд халдсан анхны тохиолдол болж байгаа. Энэ агуулгаараа ерөнхийдөө энэ бол парламентын гишүүний халдашгүй байдалтай холбоотой Монгол Улсын түүхэнд болж буй анх удаагийн тохиолдол гэж ойлгож болно.

-ОУПХ-оос гаргасан шийдвэр Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх бол?

-Яг наад асуудлыг чинь бид нухацтай бодохгүй бол цаашдаа Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсэхээр байна. Хоёрдугаарт, хамгийн хэцүү нь улс төрийн захиалгаар хүн хэлмэгдүүлсэн үү гэх асуудал. Нэг үгээр хэлбэл хэн нэгэн улс төрд нөлөө бүхий этгээд шүүхэд нөлөөлж, энэ асуудалд хөндлөнгөөс оролцсон уу, үгүй юу. Энэ байдал тогтоогдвол захиалсан субьект дээр асуудал үүснэ. Ер нь бол Монгол Улс ардчилсан улс, ардчилсан улсад хэн нэгэн хүн хэлмэгдэх ёсгүй. Тэрнээс биш хэн нэгэн хүний тухай ч юм уу, эсвэл хэн нэгэн хүн сонгуульд оролцож байсантай холбоогүй. Монгол улсад 30 жилийн хугацаанд мөрдөгдөөд явж байсан эрх зүйн хэм хэмжээ цаашид зөрчигдсөөр байх уу, аль эсвэл бид үүнийг засаад явах уу гэдэг ийм л салаа замын уулзвар дээр байгаа гэдэг утгаараа энэ бол Олон улсын асуудал болчихоод байгаа юм.

-Европын холбоо саяхан нэг шинэ журам гаргасан. Хүний эрхийг зөрчиж буй улс орнууд болон тэдгээрийн албан тушаалтнуудад хориг тавих. Хэрвээ хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл энэ журам манай улсад нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Яагаад гэхээр бидний хувьд Олон улсын хэм хэмжээ, парламентын холбооны гишүүн улс. Хамгийн гол нь энэ Олон улсад нөлөөлөхөөс гадна цаашдаа энэ хэн дээр ч нөлөөлж болох зүйл. Тийм учраас бид хувь хүнд биш, хуульд тохируулж, хууль засагладаг гэж бидний яриад байгаа асуудал маань өөрөө энэ. Хэрвээ хуулийн процедурын дагуу бус, алдаа гарсан гэж үзвэл бид нягтлаад, цаашаагаа ийм байдлаар хууль зөрчигдөхгүй байх асуудлыг хамгаалж авч явах ёстой.

-Зарим гишүүд одоо хууль хүчний байгууллагын л ажил үлдээд байна, парламент юу ч хийж чадахгүй гэж үзээд байх шиг байна. Нэг гишүүнийх нь эрх илт зөрчигдөөд байхад монголын парламент үнэхээр юу ч хийж чадахгүй байгаа юм уу?

-Парламентын хувьд бол гишүүнийхээ эрх зөрчигдсөн эсэх асуудал дээр дүгнэлт гаргах ёстой. Хэрвээ эрх зөрчигдсөн бол миний ойлгож байгаагаар процесс дахин эхлэх ёстой. Нэг үгээр хэлбэл тэр хүн тангаргаа өргөх ёстой. Тэгээд гэм буруутай бол прокурор асуудлыг оруулж ирэх ёстой. Үүний дараа гишүүд авч хэлэлцэх ёстой. Тэгээд шүүх дээр очих, яг л энэ зарчмаар л явах ёстой. Тэгэхгүй бид хараагүй юм шиг, сонсоогүй мэт өнгөрчихлөө гэж бодъё. Дараа нь ахиад ийм асуудал үүснэ. Миний баримталдаг зарчим бол аливаа нэг зүйл буруу хийгдээд явчихвал цаашдаа буруу л болдог гэж үздэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fbbh(202.55.188.92) 2021 оны 01 сарын 09

Harin ch heterhii baga yl ogson do.

0  |  0
Зов(64.119.17.29) 2021 оны 01 сарын 09

Тухайн уед нь дуугараагуй байж, ялаа эдэлнэ биз. ОУП дотоод хэрэгт дон дон хийх эрхгуй

1  |  0
Kkkk(83.20.231.208) 2021 оны 01 сарын 08

Ter baigulagad gemt heregten gez medegdeed hergiin yavuulaad l bolno hudlaa erdenebat ooriigee oogui hun bolood bichsen bn lee ard tumen ujch medehgui gez tashaa oilgoltoosoo salah heregtei

0  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 01 сарын 08

Одоо тэгээд Хүрэлсүх нь Оюунаагаа юу эсвэл Оюунаа нь Хүүкийгээ шоронд хийх юм болж байна уу?

0  |  0
Durak(103.57.95.248) 2021 оны 01 сарын 09

Bodood tolgoi chin hureh uu..

1  |  0
Top