"Чингэлтэй-Зунжин" чиглэлд зорчсон иргэд ШИНЖИЛГЭЭ өгөхийг анхааруулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр арванхоёрдугаар сарын 28-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. 

Нийтийн тээврийн "Тэнүүн-Огоо" компанийн жолооч нараас коронавирусний халдвар илэрсэн талаар өнөөдөр мөн ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Жолоочийн нэг болон хоёрдугаар хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан ба одоогоор халдвар илрээгүй байгаа гэв. Тухайн жолооч халдвар авсан нь өчигдөр тогтоогджээ. Тухайн жолооч гэр бүлээсээ халдвар авсан ба түүний хамаатан нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сахиур хийж байхдаа халдвар авчээ. 

ХӨСҮТ-өөс энэ талаар "Халдвар авсан жолооч ажилдаа хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 24-нд ажилдаа очсон. Түүний гэр бүлийн хүн нь коронавирусний халдвар авсан байсан. Хамаатан нь буюу хамт амьдардаггүй ах дүүсийн хүмүүс. Гэхдээ тухайн үед гэрээр ирж, очиж уулзсан учир халдвар авсан байна. Гэр бүлийнх нь хэд хэдэн хүмүүс халдвар авсан. Жолоочтой хамт ажилладаг 90 гаруй хүн байгаа. Тэдгээрийн 13-ыг нь тусгаарласан. Бусад 80 гаруй хүнээс шинжилгээ авсан. Халдвар одоогоор илрээгүй байна. Халдвар авсан "Тэнүүн-Огоо" компанийн жолооч Чингэлтэй-Зунжин чиглэлд үйлчилдэг байсан. Тиймээс арванхоёрдугаар сарын 20-24-нд тухайн чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй" гэлээ. 

Top