"Номин" агуулах худалдаагаар II хавьтлын хүн үйлчлүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28


Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.28, 11:00 цагийн байдлаар)

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид "Нэгдүгээр сарын 6-наас хойш хөл хориог дахин сунгах саналыг ЭМЯ-наас Онцгой комисст гаргасан уу", "19-р хорооллын "Номин" агуулах худалдаагаар үйлчлүүлсэн хүмүүс хаана шинжилгээ өгөх вэ" гэх зэрэг асуулт тавилаа. 

Үүнд албаны хүмүүс "ЭМЯ-наас хөл хорионы хугацаатай холбоотой ямар нэгэн санал хүргүүлээгүй" гэсэн хариулт өгөв.

Мөн "Номин" агуулах худалдааны төвөөр халдвар авсан хүний хоёрдугаар хавьтлын хүн үйлчлүүлсэн тул иргэдийг шинжилгээ өгөхийг уриалсан гэдгийг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. 

Сануулахад, сүүлийн 24 цагт холбогдох лабораториудад 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн ба 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой хамаарч байгаа бол зургаа нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ явуулж байгаа эмч, сувилагч, ариутгагч нар байжээ. Эмнэлгийн ажилчид ажиглалт тусгаарлалтын долоо дахь хоногт халдварт өртсөн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хурлын үеэр "Нийслэлийн БЗД-т гарсан томоохон дэгдэлт, голомттой холбоотойгоор нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 194 болж байна. Эдгээрийн 19 нь эрүүл мэндийн ажилтан байна. Их эмч 6, сувилагч 8, үйлчлэгч 3, эм зүйч 1, жолооч 1 байна. Гэр бүлийн гишүүдээс 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтлаас 6 гээд нийт 194 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 340 болж байна. Халдвар бүртгэгдсэн байсан бусад аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Кластер өвчний голомтод 666 хүн бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1137 боллоо. Үүнээс эдгэрсэн нь 711 хүн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт халдвар авсан 416 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 356 хүн байна. Задалж хэлбэл, ХӨСҮТ-д 18 хүн байгаа. Хүнд 1, хүндэвтэр 1, хөнгөн 16 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 217 хүн байгаа. Маш хүнд 2,  хүнд 7, хүндэвтэр 55, хөнгөн 153 хүн байна. Сэлэнгэ аймагт 21 хүн эмчлүүлж байгаа. Бүгд хөнгөн байдалтай. Яармагт 160 хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.

Баянзүрх дүүргийн бүртгэгдсэн голомтод нийт 1585 хавьтал байгаа. Маш ойрын хавьтал 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээг өчигдөр хийсэн. Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Шинжилгээг үргэлжлүүлж хийнэ. Сүүлийн тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор ойрын хавьтал 82 хүнийг олж, өчигдөр шинжилгээ авсан. Энэ 82 хүнээс найман тохиолдол батлагдсан. 

Хавдар судлалын үндэсний төвийн ойрын хавьтал болох 130 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Хоёр дахь давтан шинжилгээг өнөөдрөөс авч байна" гэсэн мэдээлэл өглөө. 
 


 

Top