Я.Содбаатар: Баянзүрхийн эмнэлэгт 200 хүн бий, тэднээс халдвар илэрч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2020.12.24/ үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Мэдээллийн суваг нэг байх тал дээр анхаарч өгөөч ээ. Иргэд их бухимдалтай байна. Улсын Онцгой байдлын 18001105 гэж дугаар байна. Тэр огт утсаа авахгүй байна. Цахимаар ард түмнийг турхирсан, уриалсан пост их явж байна. Үүнд Я.Содбаатар дарга аа, ямар арга хэмжээ авч байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан нөхцөл байдалд дотроос нь олон хүн холбогдож байна. Энэ дүүрэгт ямар арга хэмжээ авч байна вэ, сайд аа. ШӨХТ-ынхан маш сайн ажиллаж байна. Бүх зах, худалдааны төвөөр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж ажиллаж байна. Үүнд ямар ач холбогдол өгч байна вэ" гэв. 

Шадар сайд Я.Содбаатар "Мэдээлэл нэг сувгаар гаргах, нэгдсэн байдал дээр их анхаарч ажиллаж байна. Эхэндээ дутуу анхаарсан зүйл байсан бол одоо анхаарч байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт өвчлөл гарч, халдвар илрэхэд 400 гаруй хүн байсан. Анх бид тэднийг гурав ангилсан. Халдвар аваагүй, өөр тасгийн эрсдэл багатай хэсэг буюу 60 хүүхдийг эцэг, эхтэй нь нүүлгэн шилжүүлж, буудалд байрлуулсан. Насанд хүрэгчдийн тасгаас эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагүй 90-ээд хүнийг тусгаарлаж, өөр зочид буудалд байрлуулсан. Халдвартай байж болзошгүй, ойрын хавьтал байсан 200 гаруй хүнийг үлдээсэн. Үлдсэн хүмүүсээр шинжилгээ авч байна. Баянзүрхийн эмнэлэгт асуудал байна аа. Шалгалт хийсэн, шалгалтын дүнг сонсоно" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.185.31) 2020 оны 12 сарын 24

Яаж хувьчилж авсан юм бол доо

0  |  0
Top