Тусгай нислэгт оруулж өгнө гэх залилан байгааг АНХААРУУЛАВ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд хандан анхааруулга гаргалаа. Тусгай үүргийн нислэгт өөрийн оронд явуулж өгнө, дарааллыг сольж дээгүүр оруулж өгнө гэх зэрэг залилангийн шинж чанартай зар, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж байгаа учир иргэд мөнгө санхүүгээр хохирч болзошгүй байна. Иргэд үүнд онцгой анхаарч, энэ төрлийн залилан мэхлэх үйл ажиллагаанд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Тусгай үүргийн нислэгт хамрагдах хүн бүрийг УОК-ын Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс баталж ирүүлдэг тул хэн нэгэн иргэний оронд өөр иргэнийг сольж оруулах боломжгүй аж.

Иргэдийн анхааралд
 

1. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК-ын Шуурхай штаб баталж МИАТ-ын төлөөлөгчийн газарт ирүүлж тийз бичиж байгаа тул нислэгийн жагсаалтад нэр орсон эсэхээ шалгуулах, нислэгийн тийзийн үнэ, үнийн зөрүүтэй холбоотой мэдээллийг Сөүл хот дэх төлөөлөгчийн газрын 02-756-9761 дугаарын утаснаас шууд асууж мэдээлэл авна уу. 

2. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэн өөрийн оронд хэн нэгнийг явуулах хүсэлтийг хүлээж авахгүй.

3. Тусгай үүргийн нислэгт жагсаалтын дарааллын дагуу хамрагдсан боловч тухайн иргэн удаа дараа явахаас татгалзсан тохиолдолд жагсаалтаас шууд хасна. Тухайн иргэн өргөдлөө дахин шинээр өгч өргөдлийн дагуу нислэгт хамрагдана.

 

Top