ХӨСҮТ-ийн лабораторийн ачааллыг зохицуулж, хүний нөөцийг нэмэгдүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

ЭМЯ-аас ХӨСҮТ-ийн ачааллыг зохицуулах шуурхай цахим хурлыг хийлээ.

Шуурхай цахим хуралд Эрүүл мэндиийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ы газрын дарга П.Эрхэмбулган, ЭМС-ын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, дэд захирал Д.Наранзул, лабораторийн баг болон бусад албаныхан оролцлоо.

Ойрын өдрүүдэд зохион байгуулсан Ковид-19 халдварын өргөжүүлсэн тандалт судалгаатай холбоотой ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалал эрс нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн сайд сорьц цуглуулах явцад халдварт өртөх эрсдэл гарч байгаа тул дадлагажуулах сургалт нэн чухал, нөгөө талаар мэргэшсэн буюу ТТ нэгжид ажилладаг багийг дайчлан ажиллах, лабораторийн хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд шуурхай ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгов.

Мөн 21 аймаг, 9 дүүрэгт PCR шинжилгээ хийх лабораторийг өргөжүүлэх тул ажиллах нөөцийг үе шаттай бэлтгэх ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдалд анхаарах, ачааллыг зөв зохицуулах шаардлагатайг анхааруулав. 

Одоогоор нийслэлд ХӨСҮТ, ЗӨСҮТ, аймгуудаас Ховд, Дорнод, Дархан, Орхон, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад молекул биологийн лабораториудад PCR шинжилгээ хийж байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд 294,336 хүнд түргэвчилсэн оношлуураар, 262,742 хүнд PCR буюу ПГУ (Полимеразийн гинжин урвал) шинжилгээ, 754 хүнд Gene-expert-ээр шинжилгээ хийсэн байна.

Түргэвчилсэн оношлуураар хийгдсэн шинжилгээний 36 хувь нь халдвар бүртгэгдсэн аймагт, PCR шинжилгээний 79.7 хувь нь нийслэл хотод хийгдсэн байна.

Top