Боксын домгууд: Тайсон, Жонс хоёр хайнцав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

АНУ-ын Лос Анжелес хотноо боксын домог болсон Майк Тайсон (54 настай), Рой Жонс (51 настай) нарын үзүүлэх тулаан болж өндөрлөлөө. Найман үе үргэлжилсэн тулаан шүүгчдийн онооны албан бус тэмдэглэлээр хайнцав. Рингийн шүүгч оноог хэлээгүй бол хөтлөгч Майк Баффлер тулааны дүнг мөн зарласангүй.

“USA TODAY Sports” 78:74 оноогоор Тайсон ялсан гэж тооцоолсон бол “The Guardian” хэвлэлийн спортын мэргэжилтнүүд 79:73 оноогоор мөн Тайсон ялсан гэж үзэж байна. 

WBC Frontline Battle Belt бүсийн төлөөх домогт боксчдын тулаан онцгой дүрмээр болжээ. Найман үе тус бүр хоёр минут үргэлжилсэн бол бээлий нь стандартын бээлийнээс илүү том буюу 340 гр жинтэй байв. Тайсон, Жонс нарыг хамгаалалтын малгайтай тулалдуулахаар төлөвлөж байсан ч боксчид эцсийн мөчид хамгаалалтын өмсөлгүй гарч иржээ. Тулааны төлөө Тайсон 10 сая, Жонс гурван сая ам.доллар авах юм.

Тулааны дүнг алдарт тамирчдын албан ёсны статистик оруулахгүй. Тайсон нийт 56 тулаан хийснээс 50 удаа ялж (44 нокаут), зургаан удаа ялагджээ. Жонс 66 ялалт (47 нокаут), есөн ялагдалтай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top