Ш.Оргил: Сэлэнгэ аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгаа

2020 оны 11 сарын 28

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэл хийлээ. (2020.11.28, 12:00 цаг)


Тэрбээр "Сэлэнгэ аймгийн хэмжээнд Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн дагуу хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт илрээд байгаа вирусын тохиолдлын тоог та бүхэн өнөөдрийн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн мэдээллээр сонссон байх. Сэлэнгэ аймагт 2020 оны 11 сарын 27-ны байдлаар 10-аар нэмэгдэж 167 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр вирусын анхны шинж тэмдэг илэрсэн иргэдтэйгээ манай баг байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. Тэдгээр иргэд маань бидэнд урам өгч энэ аюулыг хүндрэхээс нь өмнө урьдчилан илрүүлж, эмчилгээнд хамруулж өгсөнд баярлаж байгаагаа хэлж, биеийн байдал, эмчилгээ үйлчилгээ, байр, хоол гээд төрөөс зохион байгуулж байгаа үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байгаа нь бидэнд маш их урам өгч байна.

Мөн цахим орчинд ч гэсэн бидний ажлыг дэмжиж, чин сэтгэлийн сайхан пост сэтгэгдэлүүдийг оруулж байгаа иргэддээ аймаг, сумдынхаа онцгой комиссын бие бүрэлдэхүүн, гадаа, машиндаа, хүйтэн вагончикт гээд янз бүрийн орчин нөхцөлд та бидний эрүүл энхийн төлөө 24 цагаар ажиллаж байгаа харуул хамгаалалтын албан хаагчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье. Бид нэгэнт тархсан байсан энэ муухай вирусыг аль болох хурдан илрүүлж, магадгүй халдвар авсан байж болзошгүй иргэдээ дараагийн эмчилгээнд хамруулах бодлогыг барьж ажиллаж байна. Өнөөдөр ч гэсэн Мандал, Алтанбулаг сумдад иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Иймээс эдгээр сумдын иргэд шинжилгээндээ хамрагдахыг АОК-ийн зүгээс анхааруулж байна.

Бусад сумдын тухайд манай мэргэжлийн баг бүрэлдэхүүн түүврийн аргаар шинжилгээ авах ажлаа зохион байгуулж байгаа. Би аймгийн онцгой комиссын даргын хувьд иргэддээ хандаж өчигдөр хэлсэн зүйлээ өнөөдөр ч гэсэн дахин хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Бидэнд 5 минут ч тайвширах эрх байхгүй. Бид өвчлөл бүртгэгдээгүй тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ байнга бодож байх цаг үе ирээд байна.

Манай аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгааг иргэд та бүхэн ойлгож байгаа байх. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Ковидын 45 ортой тасгийг Их эмч 10, Сувилагч 10, үйлчилгээний ажилтан 10, ариутгагч 10 нийт 40 эмч, эмнэлгийн ажилтныг ажиллуулахаар бэлтгэлийг хангаад байна. Зочид буудал 10, цэцэрлэг 2, дотуур байр 4, ахмадын сувилал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг зэрэг 17 ажиглалтын байранд 307 иргэнийг ажиглалтад аваад байна. 11 сарын 27-ны байдлаар Халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар сумын 17416 иргэнийг, бусад сумдуудад 11394, нийт 28810 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Гудамж, зам талбайд хөдөлгөөн хянах зориулалтаар 15 теле камер суурилуулж бүрэн ажиллагаанд орууллаа.

Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд 3 галт тэрэг, 174 вагон, 6 ажилтан, гарах чиглэлэд 3 гал тэрэг, 176 вагон, 6 ажилтан тус тус хилээр нэвтэрсэн мэдээтэй байна. Мандал сумын тухайд сумын хэмжээнд батлагдсан тохиолдлын 3, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 211, PCR шинжилгээнд 474, ойрын хавьтлын 70, дам 37 хавьтлыг тодорхойлоод байна.

Тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Бид сумдын онцгой комиссын болон шуурхай штабтай холбогдох утсыг та бүхэндээ цахимаар хүргэсэн байгаа. Аймгийн тухайд 95-900-103, 95-916-103 гэсэн тусгай дугаарын утсуудыг ажиллуулж байгаа тул манай аль ч сумын иргэд өөрийн гар утаснаасаа холбогдож заавар зөвлөмж авах боломжтой.

Би энд бас нэгэн зүйлийн талаар тодруулж хэлмээр байна. Манай аймагт илэрсэн анхны тохиолдлоос хойш бид өнөөдрийг хүртэл иргэдээ аль болохоор шуурхай шинжилгээнд хамруулж нэгэнт тархсан байсан вирусыг илрүүлэх, эмчлэх ажлаа эрчимтэй хийж байна. Энэ аюулт вирус Монгол Улсад орж ирээд тэр дундаа Сэлэнгэ аймгийн иргэдэд тархсан байна шүү гэсэн мэдээллийг бид халдвар тээгч анхны тохиолдлоос мэдэж цааш цаашдын урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ авч байна. Энэ вирус бол өвчин. Хэн ч, хэзээ ч тусах магадлалтай учир иргэн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмээ сайн сахих ёстой. Өвдсөн хүмүүстээ, бие биендээ сэтгэлийн урам дэмийг өгөх хэрэгтэй байна" гэв.

Top