П.Баярхүү: Хилээр нэвтрэх нүүрс тээврийн машин дөрөв дахин буурсан

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Монгол Улс корона­вирусийг дотооддоо алдсантай холбоотойгоор нүүрсний экспортод сөрөг нөлөө үзүүлээд эхэлжээ. Хятадын талаас хил нэвтэрч байгаа нүүрс тээврийн монгол жолооч нарыг коронавирусний шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа аж. Энэ талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодрууллаа.


-Яг хэзээнээс эхэлж жолооч нараас шинжилгээний бичгийг шаардаж эхэлсэн юм бол?

-Хятад улсын Ганцмод боомт талаас арваннэгдүгээр сарын 20-ноос эхлээд манай жолооч нараас PCR /коронавирусний илрүүлэлтийн шинжилгээ/ шаардаж эхэлсэн. Хятадын хил гаалийнхны тооцоолсноор коронаг дотроо алдсан улс аль хэдийнэ хилээр гарч байгаа жолооч нараа­саа шинжилгээ оношлуур авсан байгаа гэж тооцоолон хүлээж байж. Харин манай хэнэггүй дарга нар нь ийм арга хэмжээ аваагүй байс­наас үүдэж өнөөдөр жолооч нарт асар их хүндрэл үүсээд байна.

-УОК-оос шинжилгээ авах цэг ажиллуулж эхэлсэн гэж сонссон. Бодит  байдал ямар байна вэ?

-УОК-оос арваннэгдүгээр сарын 22-ны өдөр шинжилгээний баг ирүүлсэн. Хоёр цэгт буюу хоёр машинтайгаар шинжилгээ аваад эхэлж байна. Гэвч энэ бүхэн нь хангалтгүй байна. Өчигдөр л гэхэд /арваннэгдүгээр сарын 23/ нүүрс тээврийн дөнгөж 200 жолооч шинжилгээний бичгээ авч  хил нэвтэрсэн. Цаана нь хүлээж байгаа 6 мянган жолооч байна. Тэд энэ байдлаараа хэд хоног хүлээх ёстой вэ. Нөхцөл байдал амаргүй байгаа гэдгийг ойлгож байна. Гэвч УОК-ын шинжилгээний багийнхан та бүхэн хэдэн цагт хаана хаана очиж шинжилгээ авах хувиараа гаргаад тээвэрчдэд мэдээлж өгнө үү. Ийм зохион байгуулалт байхгүйгээс болж, шинжилгээний хоёр фургон хайсан, эрж сурж стресстсэн хүмүүс их байна. Хил дээр тулсан тээврийн хэрэгслийн жолооч нар шинжилгээний бичиггүй хил давахгүй болж гацах вий гэж айж сандралдаад эхэллээ. Хүний газар хил дотор хатуу шаардлага дор бүлтэлзэж зогсох хэцүү шүү. Анхаарч хариу өгөхийг хүсье.

-Улс орон даяар онцгой дэглэмд шилжээд хоёр долоо хонолоо. Энэ хугацаанд төр засгаас нүүрс тээврийн жолооч нарт чиглэгдсэн ямар арга хэмжээнүүд хийж хэрэгжүүлж байна. Эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед нүүрсний экпортдоо онцгой анхаарч “Ногоон бүс” болгоно гэж Засгийн газрын шуурхай хурал дээр яригдаж байсан болохоор дээрх асуултыг тавьж байгаа юм шүү?

-Яг үнэндээ нүүрс тээврийнхний нөхцөл байдал дээр онцгой анхаарч ажилласан зүйл огт алга байна. Урт  болон богинын тээвэрт нийтдээ 10 мянга гаруй жолооч явдаг. Тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээг хэн үзүүлэх нь тодорхой бус. Ядаж зам засвар арчилгааг нь хүртэл анхаарч байгаа газар алга. Гурав хоногийн өмнө орсон цаснаас болж жолооч нар даваагаа давахад хүндрэл учирч өөрсдөө шороо зөөж замаа янзалж гарсан байх жишээтэй. Энэ дашрамд хэлэхэд, төр засаг нүүрсний экспорт дээрээ онцгой анхаарья гэж байгаа бол  энэ бүсэд тусгай төлөөлөгчийг томилон ирүүлмээр байна. Өнөөдөр УОК, Уул уурхайн яам, Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн засаг захиргаа, Гааль, мэргэжлийн хяналт, Гашуун сухайт боомт гээд төрийн энэ олон нэгжүүдийн шийдвэрийг нэгдсэн удирдлага дор барих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дээр дурьдсан энэ олон газрын шийдвэрүүд ямар ч уялдаа холбоогүй, үр дагаварт нь жолооч нарын нөхцөл байдал улам хүндэрч байна.

-Нүүрсний экспорт эрс багасч байгаа гэсэн үү?

-Хятадын талаас жолооч нараас шинжилгээний бичиг шаардаж эхэлснээс үүдэж хилээр нэвтрэх машины тоо 4 дахин буураад байна. Хуучин өдөрт 700-1000 хүртэл машин гардаг байсан бол одоо 200 машин л гарч байна. Үндсэндээ нүүрсний экспорт 60-70 хувиар буураад байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top