Дарханд батлагдсан 8, сэжигтэй дөрвөн тохиолдол бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнө 23:00 цагийн орчимд халдварын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр тус аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр сэжигтэй дөрвөн тохиолдол гарсныг мэдээлсэн юм. Тэрбээр "Дархан хотод хийсэн 10 мянга гаруй шинжилгээний үр дүнд илэрч байгаа коронавирусний халдвар нь төмөр зам, төмөр зам дагаж зөөвөрлөгдөн орж ирсэн нь тодорхой болж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 1, 2, 6, 30-ны өдрүүдэд төмөр замын системийн спортын бөгөөд ур чадварын тоглолт, тэмцээн, уралдаан Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан. Энд төмөр замын системын маш олон ажилчид, 445 ажилтан, албан хаагч Дархан хотод ирж оролцсон байна. 

Дархан хотын хэмжээнд хийсэн 10 мянга гаруй түргэвчилсэн оношилгооны үр дүнд өнөөдрийн байдлаар батлагдсан халдвар авсан нь тогтоогдсон дөрвөн хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. Мөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноор ХӨСҮТ рүү шилжүүлэх ажлыг хийж байна. Мөн Дархан-Уул аймагт дахь төмөр замын 1088 ажилтныг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 21:30 цагийн байдлаар 878 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Энэ 878 хүнээс дөрвөн хүн сул эерэг буюу сэжигтэй тохиолдол гэж гарсан. Эдгээр хүнийг тусгаарлалтад авсан.

Ингээд төмөр замын ажилтан, албан хаагчидтай холбоотой 10 хүн гарч ирлээ гэж ойлгож болно. Тиймээс төмөр замын системийн халдварыг эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах, хариу арга хэмжээний баг төмөр замын ажилчид албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллагынхан, төмөр замын ажилчдын оршин суудаг хороо, орон сууц, түүнд ойр амьдардаг хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байна" гэв. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Аймгийн эрүүл мэндийн байгууллага, эмч, албан хаагчдын ачаалал нэмэгдэж байна. УОК-т хүсэлт тавьж, байдал харьцангуй тогтвортой байгаа зэргэлдээх аймгуудаас мэргэжлийн анги татан оролцуулах талд анхаарал хандуулахыг хүссэн. Өнгөрсөн хугацаанд өссөн дүнгээр 14 мянга орчим иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамрууллаа. Үүнээс эерэг сул буюу сэжигтэй тохиолдлуудыг дараагийн шатны PCR шинжилгээнд оруулж байна.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан дөрөв, ХӨСҮТ-д эмчлүүлж буй дөрөв болон PCR шинжилгээнд орж буй сэжигтэй дөрөв буюу нийт 12 тохиолдол байна.

Үүний 10 нь төмөр замтай холбоотой. Өмнө нь авсан 10 мянга гаруй хүний шинжилгээгээр нэг сэжигтэй тохиолдол гарч батлагдаж байсан. Иймд төмөр замын хэсгийг яаралтай блоклож, шинжилгээнд хамруулж байна" гэлээ. 

Top