"Улаанбаатар өртөө"-ний Хүний нөөцийн ажилтан ХАЛДВАР авчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 455 болж байна. Үүнээс дотоодын халдвар 30 боллоо. 

Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн тээврийн жолооч Д-гийн халдварын голомтын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймагт шинээр зургаан иргэн халдвар авсан болох нь тогтоогдоод байгаа бол Говьсүмбэр аймагт халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт 1643 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрсэн. Харин 1623 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын голомтод ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Хоёрдагч хавьтлын 3216 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол батлагдлаа. Говьсүмбэр аймагт нэг тохиолдол батлагдсан. Тандалт судалгаа, эмчилгээг өргөн хүрээнд явуулж байна" гэж ярилаа. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр жолооч Д-гийн халдварын голомтын коронавирусээр өвчилсөн нь нэмж батлагдсан ойрын хавьтлын таван хүний хоёр нь "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн иргэд гэдгийг хэлж байна. Мөн "Улаанбаатар өртөө"-нд хүний нөөцийн мэргэжлээр ажилладаг иргэн У-гаас халдвар илэрч, тус байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. 

Top