Дархан хотод дахин ГУРВАН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Дархан-Уул аймагт худалдаа, үйлчилгээ эрхлэгч нэг иргэнээс (32 настай, эмэгтэй) өчигдөр (2020.11.17) коронавирусний халдвар илэрч, нарийвчилсан шинжилгээгээр батлагдсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор 24 цагийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, иргэдийг гэрээсээ гарахыг хориглон, тэг зогсолт хийгээд байгаа ба уг хөл хориог гурав хоног сунгахаар болсон тухай Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлсэн билээ. 

Түүнчлэн өчигдөр халдвар авсан иргэний ойрын хавьтлын 59, дам хавьтлын 136 иргэнийг тогтоон, шинжилгээ авахад түүний ойрын хавьтлын 59 иргэний гурав нь коронавирусний халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон юм. 

Тэгвэл өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт дахин гурван сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Өнгөрсөн шөнө төмөр замын ажилчдаас шинжилгээ авах ажлыг зохион байгууллаа. Төмөр зам маань 1100 орчим ажилтантай. Өнөөдрийн байдлаар 30 орчим хувиас нь халдварын шинжилгээ аваад байна. Өнгөрсөн шөнийн авсан шинжилгээнээс дахин гурван хүн халдвар илэрсэн. Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн оношлуураар дахин гурван хүний шинжилгээний хариу эерэг гарсан" гэх мэдээллийг өглөө. 

Ингэснээр Дархан-Уул аймагт батлагдсан нэг тохиолдол, сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдээд байна. 

Top