ЭМЯ: Ховд аймагт шинжилгээ авсан, халдвар илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

ЭМЯ-аас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна (2020.11.17, 11:00 цаг).

2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо.


ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:

-Нийслэл болон Сэлэнгэ аймагт халдвар нэмж бүртгэгдлээ. Нийслэл хотод шинжилгээ авах 18 цэг байгуулсан, энэ цэгт шинжилгээ хийлгэсэн хүмүүс бүгд сөрөг гарсан. Лавлах 119 дугаарт 2000 гаруй хүн хандаж, зөвлөмж авсан. Өчигдөр (2020. 11.16) ХӨСҮТ-ийн болон салбар лабораториудад 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван тохиолдол нэмж илэрлээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймагт орж ирсэн ТИР машины хоёр жолоочоос халдвар илэрсэн.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Нийслэлд бүртгэгдсэн кластер голомт буюу жолоочийн ойрын хавьтал болох  80 хүнээс шинжилгэн авсан. Ингэхэд нэг хүний гурав дахь удаагийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Энэ нь жолоочийн ах юм. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 434 боллоо. Үүнээс 328 нь эдгэрсэн. Харин 310 хүний ажиглалт тандалт дууссан.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээг танилцуулъя.

Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн хүмүүсийн давтан, Франкфуртаас ирсэн иргэдийн давтан, Замын-Үүдэд  илэрсэн сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээ, тусгаарлах байрны эмч, ажилтнуудын давтан шинжилгээ, "Алтанбулаг" боомтоор орж ирсэн 133 иргэний шинжилгээг өчигдөр мөн хийлээ. КОВИД илрээгүй.

Дархан-Уул аймагт тандалт хийж байна. Өчигдөр нийт 132 хүнээс шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Ховд аймагт тандалтын зорилгоор шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.

Top