TRQ: Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хувьцаагаар биш ЗЭЭЛЭЭР босгох сонирхолтой байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа.

Монгол Улсад 2020 оны  арваннэгдүгээр  сарын 11-ний өдөр коронавирусний хоёр тохиолдол бүртгэгдсэнээр орон нутагт хязгаарлалтын арга хэмжээ авч, нислэг цуцалсан нь  Оюутолгой төсөлд тодорхой хэмжээнд нөлөөлж буй ч ерөнхий үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг дурджээ.

Коронавирусний халдвар дотоодод бүртгэгдэхээс өмнө  Засгийн газрын зүгээс  Далд уурхайн бүтээн байгуулалтыг  саадгүй үргэлжлүүлэхэд шаардлагатай мэргэжилтнүүдийг эх орондоо авчрахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан нь Оюутолгой төслийн ач холбогдлыг харуулж байна. Оюутолгой дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болсон гэсэн байна.

 “Туркойз Хилл Ресурс” компани  “Рио Тинто” компанитай 2020 оны есдүгээр сарын 9-ний  өдөр Оюутолгойн Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаа заавал биелүүлэх шаардлагатай гэрээ биш болохыг тодотгожээ. 

Санамж бичигт    “Туркойз Хилл Ресурс” гол хөрөнгө оруулагчийн хувиар олон улсын санхүүгийн байгууллагуудаас 500 хүртэлх сая ам.долларын нэмэлт санхүүжилт босгохоос гадна хувьцааны санхүүжилтээр бусад шаардлагатай санхүүжилтийг босгох тухай агуулгыг тусгасан юм.

“Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Ульф Куэльман хэлэхдээ “Бид Рио Тинтотой байгуулсан Санамж бичгийн хүрээнд Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэхээс илүүтэй  хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцтэй байдлаар бүрдүүлэхээр зах зээлд оролцогчидтой хамтран ажиллаж байгаа” гэжээ. 

Тодруулбал, “Туркойз Хилл Ресурс” Санамж бичигт тусгасны дагуу хувьцааны санхүүжилтээр хөрөнгө босгох бус олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө татах тухай асуудалд анхаарал хандуулж байгаа аж.

Оюутолгой төсөлд цаашид шаардагдах санхүүжилтийг 3 тэрбум ам.доллар байхаар одоогоор тооцоод байгаа аж.

“Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” компаниуд Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх асуудлаас үүдэн Арбитраар маргаанаа таслуулахаар хандсан. Сүүлийн мэдээллээс үзэхэд Арбитрын үйл ажиллагаа явагдаж эхлээд буй юм.

Сануулахад, Оюутолгой төслийн  2020 оны техникийн шинэчилсэн тайланг аравдугаар сард танилцуулсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top