“Ковид”-оос үүдэн зөөлөрсөн МӨНГӨНИЙ БОДЛОГО-ын төлөвийг тодорхойлно

2020 оны 11 сарын 05

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ өнөөдөр /2020.11.05/ батлах гэж байна. 

Сануулахад, аравдугаар сарын 9-ний өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг  нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээ болсон

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэлцүүлэгт оролцох үедээ  Төв банкны Мөнгөний бодлого тогтвортой байхыг зорьдог. Зүй нь зорилго тодорхой байхад бодлого тодорхой, тогтортой байх ёстой байдаг. Харин манай тухайд УИХ-ын гишүүд ч юм уу, олон нийтийн зүгээс Мөнгөний бодлоготой холбоотой шүүмж хэлэхдээ нөгөө л нэг өмнөх жил яригдсан асуулга нь дахиад давтагдсан байна гээд байдаг. Мөнгөний бодлого Төсвийн бодлогоос өөр. Тиймээс зарчмын өөрчлөлт бага байдаг. Таван жилийн өмнөхөөс, нэг жилийн өмнөхөөс Төрийн мөнгөний бодлогод багахан хэмжээний л өөрчлөлт орж байдаг.

Төрийн Мөнгөний бодлого гурван агуулгыг барьдаг. Макро эдийн засгийн тогтвортой байдал, манай тухайд санхүүгийн салбарын 90 гаруй хувийг бүрдүүлж буй банкны салбар, хууль эрх зүйн орчин, санхүүгийн салбарын дэд бүтцийг яаж хөгжүүлэх вэ гэсэн гурван бүлэг заалтад агуулгаа багтаадаг.Ирэх онд Төрөөс баримтлах Мөнгөний бодлогыг тодорхойлохын тулд тухайн жилийнхээ суурь нөхцөл байдалд тулгуурлаж  тооцдог.

Цар тахалтай холбоотойгоор манай улс нэгдүгээр  сарын 27-ноос хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүх л шийдвэрүүд коронавирустэй холбоотой гарсан.

Мөнгөний бодлогын хороо хуулиараа 4 удаа хуралдах ёстой. Цар тахалтай холбоотойгоор ээлжит бусаар нэмж хоёр удаа  хуралдаж, шийдвэр гаргаад байна.

Мөнгөний бодлогыг зөөлрүүлсэн шийдвэр гаргаж байгаа. Төсвийн алдагдал 5 хувь байсныг тодотголоор 7 хувиар нэмж, 12 хувь болгосон. Мөнгөний бодлого төсвийн бодлоготой нийцтэй явах ёстой  гэдэг үүднээс мөнгөний бодлого хатуурах ёстой. Гэхдээ коронавирусний нөхцөл байдлын үүднээс мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь зөв гэж үзсэн шийдвэрүүд гарсан. Мөнгөний бодлогын хороо 14 хоногийн зайтай хоёр удаа хуралдаж, бодлогын хүүг тус бүр нэг нэгж хувиар бууруулсан. Дараа нь есдүгээр сарын хурлаар нэг нэгж хувиар буулгаж, 8 хувьд хүргэсэн гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.

Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барихдаа дараах агуулгыг тодотгосон.

Дотоодын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж тогтворжсон хэдий ч, Ковид-19 цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нѳлѳѳгѳѳр эдийн засагт оролцогчдын хүлээлт ѳѳрчлѳгдѳж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, иргэдийн амьжиргаанд сөрѳг үр дагавар нь мэдрэгдэв. Энэ үед Монголбанк эдийн засгийн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх зорилгоор

 

  • Зах зээл дээрх хөрвөх чадварыг дэмжиж санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх,

 

  • Банкны хяналт шалгалтын журам болон шалгуур үзүүлэлтүүдэд түр өөрчлөлт оруулах

 

  • Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг мөнгөний бодлого, макро зохистой бодлого, микро зохистой бодлогын багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

 

Цаашид Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэрэгслээ ашиглаж, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорин холбогдох эрх бүхий байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

УИХ-д ѳргѳн барьсан тѳсѳлд Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8%-ийн түвшинд тогтвортой хадгалагдав. 2006-2016 онд жилийн дунджаар 10% буюу харьцангуй өндөр түвшинд, өндөр хэлбэлзэлтэй байсан инфляцыг ийнхүү тогтворжуулснаар инфляцын зорилтыг бууруулах боломж бүрдлээ. Үүний зэрэгцээ макро зохистой бодлогыг цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байлгах зорилгоор мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдэлийг хязгаарлалаа.

Санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд, Ковид-19-ийн эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх ажлууд төлөвлөгдөөд байна. Цар тахал цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус хэдий ч 2021 онд Монголбанкны хяналт шалгалтын бодлогo i) хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийн хувилбаруудыг боловсруулж хэрэгжүүлэх, ii) түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдээс аажмаар гарах төлөвлөгөөг боловсруулахад чиглэх болно. Үүний зэрэгцээ, банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлт болон хяналт шалгалтын хүрээнд тавигддаг шаардлагуудыг Базелийн цуврал стандарттай нийцүүлэн шат дараатай нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх суурь шилжилтийг тасралтгүй үргэлжлүүлнэ. Мөн бие даасан 10 гаруй хуулийг багтаасан “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилган уялдаа холбоог сайжруулснаар санхүүгийн зах зээл илүү үр ашигтай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд технологийн дэвшил нэвтэрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхийг зорих болно.

Тѳв банк санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хѳгжүүлэх, үндэсний тѳлбѳрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулах, банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Цаашид Ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ гэсэн юм.

                                                                                 * * *  

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Мөнгөний бодлогын төсөл дэх агуулга, зорилттой холбогдуулан хэлэхдээ коронавируснээс шалтгаалсан гутранги байдал дотоод, гадаад эдийн засагт аль аль талд буурч байгааг онцолсон. Гэхдээ тодорхой бус байдал үргэлжилж байгааг сануулсан.

Мөнгөний бодлогын төсөлд төлбөрийн тэнцлийн төсөөллийг тусгахдаа Хятадын эдийн засгийн өсөлтийг өндрөөр харсан байж магадгүй. АНУ-ын эдийн засгийн төлөвийг  хэвээр хадгалсан. Ерөнхийдөө улс орнууд хөл хориог сулруулаад буцаагаад чангалаад, эргээд сулруулсан байр байдалтай байна. Дэлхийн худалдаа экспорт,  импорт зургаадугаар сараас сэргэсэн.

Дэлхийн гүйцэтгэх захирлуудын судалгаагаар эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж буй нь цар тахлын үед удирдах арга барилуудаа олж байгааг харуулж байна. Манай улсын уул уурхайн салбар гуравдугаар улирлаас сэргэнэ.  Зээлжих зэрэглэл буурах эрсдэл огт байхгүй гэж хэлэхгүй. Манай улс үүссэн нөхцөл байдалд зөв хариу үйлдэл үзүүлэхээс, гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалж үнэлгээний байгууллагууд зээлжих зэрэглэлийн дараа дараагийн шийдвэрүүдийг гаргана гэсэн юм.

Тодотгоход, Энэ 2020 онд гадаад валютын орох, гарах урсгал аль аль нь багасах бөгөөд валютын орох урсгал нь илүү их хэмжээгээр татрах тул төлбөрийн тэнцэл 540 сая орчим ам.долларын алдагдалтай, ГВАН 770 сая ам.доллароор буурч төгрөгийн ханш сулрах дарамттай байгааг Мөнгөний бодлогын төсөлд онцолсон.

Гадаад валютын нийт ороx урсгал 2021 онд өмнөх жилээс 1.1 орчим тэрбум ам.доллароор нэмэгдэж 12.0 тэрбум ам.доллар байх тооцоолол байна.

 Ирэх онд эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, хэвийн түвшинд хүрнэ гэсэн таамаглалд тулгуурлан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл зэсийн баяжмал, нүүрс, газрын тосны экспортууд нэмэгдэнэ гэж үзсэн тул нийт барааны экспортын орлого 900 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэж 7.3 тэрбум ам.долларт хүрэх, нийт үйлчилгээний орлого 2019 оны орчимд буюу 1.1 тэрбум ам.доллар байх, ГШХО-ын хэмжээ өмнөх оноос нэмэгдэж 1.9 тэрбум24 ам.долларт хүрэхээр төсөөлсөн байгаа юм.

Харин Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт буурах нөлөөгөөр гадаад зээлийн ашиглалт өмнөх оноос буурч 1.5 тэрбум орчим ам.доллар байхаар байнa. Гадаад валютын нийт гарах урсгал 2021 онд өмнөх жилээс 200 сая ам.доллароор тэлж 11.6 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна. Үүнд гадаад бонд, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр буурах төлөвтэй хэдий ч эдийн засгийн үйл ажиллагаа сэргэх, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх таамаглалын нөлөөгөөр бараа, үйлчилгээний импортын төлбөр нийт 500 сая ам.доллароор тэлж буй нь нөлөөлж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top