Бэлчих малтай ч бэлчээргүй болох вий! (Цуврал 2)

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Бид өмнөх дугаартаа бэлчээр хувьчлалын асуудлыг хөндсөн дагуу өнөөдөр уламжлалт арга зүй, бэлчээрийн эрх зүйн орчин, өнөөгийн хөрсөн дээр хэрхэн зохицох талаар болон бусад асуудлыг хөндөж байна. ( Цуврал 1 )

Юуны өмнө Монгол Улс мал аж ахуйн орон учраас нэн тэргүүнд бэлчээр хамгаалах, малын тоо толгойг цөөлөх, чанарт анхаарах, бэлчээрийг хувьчлах, мал аж ахуй дагасан үйлдвэрлэл бий болгох, мал аж ахуйгаас эдийн засгаа тэтгэх гээд олон асуудал шил шилээ даран хүлээж байхад бодлого шийдвэр гаргах түвшинд анхаарал огт хандуулахгүй байгаад хаа хаанаа шүүмжлэлтэй хандаж байна. Тэр тусмаа бэлчээрийн асуудал бол яах аргагүй хоолойд тулсан зүйл болжээ. Тодотгож хэлбэл, бэлчээр зохицуулах сайн хууль, эрх зүйн орчин үгүйлэгдэх болжээ.

Гэтэл өдгөө бидэнд байгаа хууль, эрх зүйн орчин гэвэл “Бэлчээр бол төр, нийтийн өмч” гэдэг нэг өгүүлбэр л байна. Мөн нэг зүйл гэвэл “Өвөл, хаврын бэлчээрийн асуудлыг малчид сайн дурын үндсэн дээр зохион байгуулалттайгаар гэрээгээр ашиглаж болно” гэж бий. Үүнээс гадна “иргэн хүний хувьд төрийн өмчийг ашиглаж байгаа учраас тодорхой хэмжээний байгалийн өмчийг ашиглахдаа үүрэг хариуцлагатай байх ёстой” гэх битүү хатуу заалт л байдаг. Үүнээс харахаар яах аргагүй тодорхой бодлого, хууль хэрэгтэйг харуулж байна. Өнгөрөгч сард “Малын тоо толгойн албан татварын тухай хууль”-ийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байгаа. Уг нь бэлчээрийн тухай хуулийг энэ хуультай хамтатган оруулж болох байв. Энэ хоёр хууль өөр мэт харагдавч, агуулгын хувьд адил төстэй бөгөөд олон талаараа бие биенээ дэмжиж, түших учиртай юм.

Өдгөө ч төр, нийтийн өмч гэх асуудал бидний дунд маргаан дагуулсаар байна. Нийтийн өмч гэдэг бол хэний ч зүйл биш гэдэг талаасаа бол нарийн хуульчлал шаардлагатай байгааг харуулсан хэрэг. Өнөөдөр манайд тулгарч байгаа энэ асуудал дэлхийн олон улсад дэгдэж, асар том хэрүүл маргаанаар шийдвэрлэж байсан гэдэг. Англи, Франц, Австрали гээд улсууд энэ асуудлаа шийдвэрлэж чадсан жишээ бий. Гэхдээ манай улс дан ганц бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг учраас хэрхэн яаж буухыг мэдэхгүй юм. Гагцхүү ихээхэн маргаан тулаан гарах нь дамжиггүй. Тиймээс дэлхийн улс орнууд нийтийн өмчийн газраа зөв ашиглаж ирсэн арга туршлагаа судалж байгаад найман зарчим гаргасан аж. Тэгэхээр нийтийн өмчийг ашиглахад хил хязгаар нь тодорхой байх, дүрэм журам тодорхой байх, хамааралтай бүх талын оролцоотой газрынхаа ашиглалтыг хийх, дүрэм журмаа хүлээн зөвшөөрсөн байх, хяналтын механизмтай байх, маргааныг таслах механизмтай байх, хариуцлагатай байх гэсэн зарчим юм. Энэ нь ойлголцож болох ч нүүдэлчдийн дунд ямар ч бичигдээгүйгээр мөрдөж ирсэн л зүйл. Олон зуу, мянганаар бэлчээрийн мал эрхэлж ирсэн монголчууд бэлчээрээ эртнээсээ зохицуулж ирсэн хүмүүс учраас энэ уламжлал хадгалагдсаар иржээ. Бэлчээрийн мал аж ахуй экологийн тэнцвэрийг хадгалж ирсний нууц нь дөрвөн улирлын бэлчээртэй, түүнийгээ сэлгэж ашигладаг, ган, зуд болоход ашиглах нөөц нутаг хангалттай  байсанд оршиж байв. Өдгөө ч хаваржаагаа өвөл, зун идэхгүй хадгалж, нөөцөлж  байгаа ч малын тоо толгой хэтэрхий олон болсон учраас яах ч арга алга. 

Өнөөдөр бол яаж ч хадгалж хамгаалах аргагүй болжээ. Зах зээлийн нийгэмд хөл тавьж ахуй 1990 онд Монгол Улс 90 мянган малчин өрхтэй байв. Өдгөө энэ тоо бараг гурав дахин өссөн. Тиймээс өвөлжөө, хаваржааны тоог огцом өсгөж, улирлын бэлчээр сэлгэх, ган, зудын үед ашиглах нөөц бэлчээрийн боломжийг үгүй хийсэн юм. Нөгөө талд ерээд оноос ажилгүйдэл бий болж, бүхий л салбарт уналт бий болсон учраас иргэд амьдралын эрхээр мал маллах болсон. Үүнтэй дөрөө харшуулан хувьчлал явагдаж, малыг иргэдэд өгч байв. Тиймээс мал маллаж байгаагүй хүмүүс уламжлалт зан заншлын мэдлэггүй, зөвхөн малын тоо толгойг өсгөх л тэмүүлэлтэй хүмүүс олширсон нь ч бэлчээрийн доройтолд нөлөөлсөн. Үүнээс үүдэж, уламжлалт зан заншлын зохицуулалт алдагдаж, түүнийг орлох төрийн зохицуулалт байхгүйгээс үүдсэн бэлчээрийн доройтол нь мал аж ахуйг ган, зудын өмнө сөхрүүлж, малчдын амьжиргааг хойш татах төдийгүй экологийн сүйрэлд авчрахуйц цөлжилтийн гол хүчин зүйл болоод байна. Бэлчээр доройтон цөлжиж байгаагийн буруутныг уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтай холбон ойлгож, ярих нь цөөнгүй. Тэгвэл бороо хур багасч, хуурайшсан нь өөрөө бэлчээрийн талхлагдал, тоосжилтоос болоод байгаа юм гэдгийг эрдэмтэн мэргэд тайлбарласаар байна.

Өдгөөгөөс 20 жилийн өмнө Монгол Улсын мал сүргийн тоо 30 саяын босго давсан. Үүнээс хойш хоёр ч удаагийн их зуд нүүрлэж 10 гаруй сая малаа алдсан байдаг. Өдгөө бүр 70 саяд хүрчихсэн байна. Мал сүргийн тоонд бус түүнийг чанаржуулах тал дээр анхаарах цаг нь аль эрт болсон. Энэ тал дээр тал талаас байр сууриа илэрхийлсээр байна. Гагцхүү үүнд төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй байгаа юм. 

Мөн нэг асуудал байгаа нь бэлчээрийн маргаан эцэстээ хүний аминд хүрэх болжээ. Ган, зуд болохоор өөр аймаг, сумын нутагт очиж өвөлжих, зунжихаас эхлээд эрх зүйн зохицуулалтаас гадна газар зүйн хуваарилалт ч буруу гэдэг. Монголчууд эртнээсээ газар зүйн зохицуулалтаа мал аж ахуйдаа тааруулан зохион байгуулж ирсэн ч ардын хувьсгалаас хойш Монгол Улсыг 21 аймагт хувааснаар энэ зохицуулалт алдагдажээ. Сэцэн хан аймаг, Түшээт хан аймаг хэмээн босоо тэнхлэгт дөрөв хувааж, Монгол орны газар нутгийг хангай, говь, тал хослон хувааж байжээ. Энэ нь говь талдаа зуд болоход хангайдаа оторлож өвөлждөг, хангай талдаа ган болоход говь талдаа очиж зусдаг зохион байгуулалттай байв. Босоо тэнхлэгт хуваасан газар нутгийн зохион байгуулалттай учраас ямар ч бэлчээрийн маргаан гарч байгаагүй аж. 

Гэтэл бодлого гаргах түвшинд энэ тал дээр тулхтай ажиллах хүмүүс нь цөөнх болж, мэдэхгүй нь олонх болчихоод байгаа юм. Сүүлийн 30 жил малын тоо толгой тасралтгүй өсөж, бэлчээрийн 65 хувь нь доройтсон, 10.3 хувь нь дахин сэргэхгүй болж, цөлжилт бий болсон, бэлчээрийн даац 25 хувь хэтэрсэн гэдгийг судлаачид тогтоожээ.

Мал хувьд очсноор асар хурдтай өссөн шигээ бэлчээрийг хувьчилвал доройтлоос гарна гэсэн санааг мэргэжилтнүүд хэлсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top