Шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

 

Дэлхийн дахинаа тархаад буй КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улс оновчтой арга хэмжээ хэрэгжүүлж буй хэдий ч ДЭМБ-аас Монгол Улсыг халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд байгааг анхааруулсан.
Агаар дуслын замын цар тахлын үед зүрх судасны өвчтэй хүмүүс болон зүрх судасны мэргэжилтнүүд халдвар авах, өвчлөх, түгээх хамгийн их эрсдэлтэй байгааг олон улсын туршлагаар нотлогдож байна. Тус халдвараар өвчилсөн зүрх судасны өвчтэй хүмүүс хүндрэх, нас барах магадлал 15 дахин их байгааг олон улсын мэргэжилтнүүд судалгаагаар гаргажээ.


Монгол Улсын хэмжээнд зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд 2001 оноос хойш хамгийн тууштай дэмжлэг үзүүлж буй Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлын энэ хэцүү цаг үед ахин тусламжийн гараа сунган “КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээ” (DAFI MAE/020 – Covid-19) төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд өнөөдөр буюу есдүгээр сарын 03-ны өдөр Цар тахлын үед зүрх судасны тусламж үйлчилгээг үзүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалжийг Эрүүл мэндийн сайд 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төв болон УГТЭ-т хүлээлгэн өглөө.
Түүнчлэн УГТЭ-ийн Зүрх Судасны Төв дээр Люксембургийн Их Гүнт улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Зүрхний төв” төсөл нь тоног төхөөрөмж, урвалжаар хангахаас гадна бүх аймаг, нийслэлийн дүүргүүдийн зүрх судасын эмч нарыг КОВИД-19 цар тахлын үед зүрх судасны эмгэгийн оношилгоо, эмчилгээний удирдамж, заавраар ханган ажиллаж байна.


Мөн цар тахлын үед эмнэлэг хоорондын шилжүүлгийн улмаас халдвар тархах эрсдлийг багасгах, эмч, эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгчдэд шаардлагатай тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, цаг алдалгүй үзүүлэх, Монгол улсын нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлэх  зорилгоор Зүрх судасны эмч нарын алсын зайн зөвөлгөөний МнКардио цахим програмд КОВИД-19 халдварын үеийн зөвлөгөөний (covid19.telemedicine.mn) хэсгийг нэмэлтээр оруулж, ашиглахад бэлэн болсон.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top