Я.Ариунзул: Стандарт бус амьдралд амь нас, эд хөрөнгөө үйсээр л байх уу

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Түүнийг нэгэн үе “Байгаль орчны Ариунзул”, “Дотоод хяналтын Ариунзул” гэдэг байсан даа. Сүүлд “Мэргэжлийн хяналтын Ариунзул” гэдэг болсон байна билээ. Хаана ч явсан хашсан алба, хийсэн ажлаараа цоллуулж явдаг энэ эмэгтэй Монголд “Байгууллагын дотоод хяналт”, “Уурхайн  хаалт”, уул уурхайн нөхөн сэргээлт, ойн мэргэжлийн байгууллагуудыг буй болгох, хууль бус хулгайн модыг зогсоох, арьс ширний үйлдвэрүүдийн химийн бодисын хэрэглээг зүй зохистой болгох гээд олон ажлыг санаачлан, өөрөө гардан хэрэгжүүлснийг хамт ажиллагсад нь ам уралдан ярьцгаах юм билээ.


МОНГОЛЫН ОЙ ӨСӨӨД БАЙНА УУ, ХОРОГДООД БАЙНА УУ

 

- Та доктор байх аа? Ямар сэдвээр хамгаалсан билээ?

- "Монголын ойт хээрийн бүсийн ойг хиймэл дагуулын мэдээ ашиглаж тодорхойлох нь". Доктор болох гэж доктор болоогүй ээ. Хоббигоороо явж байгаад л доктор болсон. 2003 онд Бээжин хот руу нэг сургалтад явсан юм. Ямар сургалт болохыг нь сайн мэдээ ч үгүй. Нээлтэн дээр нь хятад эрдэмтэд панда баавгайг GPS ашиглан, хиймэл дагуулын мэдээгээр яаж хянаж байгаа, GIS буюу газар зүйн мэдээллийн системээр хэдэн панда хаана, хаана амьдарч байгааг харуулаад ярьдаг юм даа. Тухайн үед “Хятад улс 1002 пандатай” гээд танилцуулахаар нь “Хн. 1002 гэнэ шүү. Ядаж 1000 орчим гэдэг байгаа даа. 2 нь ч юу ч вэ дээ” гэж бодоод "яаж 1002 гэж мэдээд байгаа юм" гэсэн чинь компьютер дээрээ шууд пандануудынхаа байрлалуудыг гаргаж ирээд л, бүгд нэртэй, "манай тэр панда энд явж байна, тэр панда тэнд явж байна" гээд л танилцуулсан. Би чинь өөрөө байгаль орчны  хяналтын хүн, ан амьтанд хяналт тавих учраа сайн олоогүй байсныг хэлэх үү, тэрийг харуут шууд л сонирхол төрсөн дөө. Маргааш нь Хойд Солонгосын нэг эрдэмтэн эмэгтэй Пхеньяны газар ашиглалт, Хойд Солонгосын тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалтаар илтгэл тавьдаг юм. Тусгай хамгаалалттай газар нутагт хотжил яаж нөлөөлж байгаа талаар гайхалтай сайхан танилцуулга байсан.

Тэгээд л би хиймэл дагуул, тандан судлал, газар зүйн мэдээллийн систем гэх зэрэг шинэ үгнүүдэд дурлаж эхэлсэн дээ. Анх сургалтад явахдаа их дургүй явсан хүн 3 сарын хугацаанд нэг ч удаа сургалтаасаа хоцроогүй идэвхтэй сурсан. Монголд ирээд хайсаар байгаад ArcView программын крак хувилбарыг 100 доллараар олж, компьютертээ суулгаж авлаа. Тэр үед 100 доллар их мөнгө байсан. Тэгээд л процессороо тэврээд л ArcView дээр хийсэн аймаг, сумаар тасалсан ганц нэг зургаа танилцуулаад л GIS мэдээллийн санг ингэж хийдэг, ингэж ашигладаг, ийм юм байдаг гээд л хавь ойрын төрийн байгууллага, байцаагч, дарга нар гээд л холбогдох хүмүүст танилцуулаад явдаг байлаа. GIS мэддэг хүн дээр хагас, бүтэн сайнд очиж, аймаг, сумаар яаж тасалдаг, дижитайз гэж юу вэ, яаж хийдэг юм бэ? Georeference буюу газар зүйн холболт яаж хийдэг юм? Хиймэл дагуулын мэдээ яаж татдаг юм? гээд л асууж, шалгааж сурч эхэлсэн дээ. Монголд Японд хамгаалсан Р.Цолмон гэж багш байдаг гэж сонсоод очиж шавь орж байлаа.

Тэр үед газрын албаныхан AutoCad дээр кадастрын мэдээллийн сан хийж байсан юм. Би "GIS программ дээр хийгээч" гэдэг байлаа. Нэлээн цаг хугацаа, хөрөнгө үргүй зарж байж GIS программ дээр хийдэг болсон доо. Одоо ч бүгд ArcGIS хэрэглэдэг, залуус ч программ сайн мэддэг болж.

GIS, тандан судлал сураад ирэхээр хамгийн түрүүнд л Монголын ой өсөж байгаа болов уу буурч байгаа болов уу гэдгийг мэдэх чин хүсэл төрсөн дөө. Удирдагч маань миний сэдвийг томдоно, "нэг аймгийн, нэг сумын ой ав" гэж мөн ч олон хэлж гуйсан даа. Би ч “үгүй үгүй, Монголын ой өсөж буурч байгааг мэдэх л миний мөрөөдөл” гээд л зүтгэчихсэн. Тэрнийхээ горыг амссаан амссан. Ямар сайндаа хамгаалалт дээр Адьяасүрэн сайд "Энийг эмэгтэй хүн л хийнэ, эмэгтэй хүн дотроо Ариунзул л хийнэ" гэж бөөн инээдэм болж байх вэ. Нүсэр ажил байсан шүү. МУИС-ийн “NUM-ITC-UNESCO” лабынхан минь л их тусалсан даа.

- Тэгээд Монголын ой өсөж байсан уу буурч байсан уу?

- Тэр үед хулгайн мод маш их. Ганц шөнө эргүүлд гарахад 100-гаад машин мод баригдана. Ихэнх нь чиргүүлтэй гэхээр 200-гаад тэвш. Тэгээд зөвхөн Улаанбаатарт орж ирж байгаа нь. Зүгээр л залуу сайхан нарс. Шүүс нь гоожсон нойтон модод. Бид ч “Монголын ой дуусаж байгаа байх аа” гээд л ярьцгаадаг байлаа. "Ой зохион байгуулалт" гэж ойг тоолж, тооцоолдог ажил хийгддэг байвч тэр нь 10 жилд нэг удаа хийсэн аймагтаа эргэж хийгдэнэ. Зарим аймагт 10 жилийн өмнө хийсэн тооллогын материалаа энэ жилтэйгээ нэгтгээд л ойн талбайг улсын хэмжээнд гаргана. Миний судалгааны ажил анх удаа нэг жил авсан хиймэл дагуулын мэдээгээр ойн талбайг тооцож, 10 жилийн хугацаанд өсөж байна уу, буурч байна уу гэдгийг тооцсон юм. Би "Хойд бүсийн ойг буурч байна. Албан ёсны мэдээгээр Монголын нутаг дэвсгэрийн 8,2 хувийг ой эзэлж байхад миний судалгаагаар газар нутгийн дөнгөж 6,4%-ийг эзэлж байна" гэж зоригтой хэлсээн. Шүүмжлэх, үгүйсгэх нэг нь ч байсан. Гэхдээ хэн ч тухай, тухайн жилийн ойн талбайг тооцож гаргаж чадаагүй л байсан юм. Ахмад ойчид маань баяр хүргэж “Чиний тоо л үнэн байгаа шүү. Чи ямар 69-ээр очоод тоолсон биш хүнээс хамааралгүй тэнгэрээс тооцсон” гээд л өрөөнд орж ирж баяр хүргэдэг байлаа.

Мэдээж докторын ажил бол хувь хүний судалгаа. Түүнд цаг хугацаа, хөрөнгө хүч гээд дутагдах юм их. Тиймдээ ч тэрийгээ нарийвчлах юмсан гэж бодож мөрөөдөж явсаар APFNet буюу "Ази Номхон далайн бүсийн ойн сүлжээ" байгууллагад төсөл болгоод бичээд өгчихлөө. Шууд л дэмжигдсэн. Төслийн нээлтэн дээр олон улсын том донор байгууллагууд, бас шүүмжлэгчид ирээд "нэг жил амжихгүй маш их ажил, хүн хүчгүй, техник тоног төхөөрөмжгүй" гээд л баахан шүүмжилсэн. "Тэгс ингэсхийгээд нэг юм бичээд өгчихнө, мөнгөө төсөлдөө битгий зарцуул" ч гэх хүн ч гарсан. Би шавь нартайгаа хамтарч 30 орчим хүнтэй нэг жил, нэг сар гүрийж, үр дүнгээрээ 3 ном бичиж танилцуулж байлаа.

Монголын ойн өсөлт, бууралтыг 20 жилийн хугацаагаар тооцож, докторын судалгаагаа Spot гээд 100 метрийн нарийвчлалтай мэдээн дээр хийж байсан бол төслөөр "Landsat" хиймэл дагуулын 15 метрийн нарийвчлалтай 1000 гаруй мэдээн дээр хийсэн. Ганцхан мэдээ нь 36 сая тооноос бүтдэг гэхээр нүсэр ажил байгаа биз. Төслийн үр дүнд санасандаа хүрсэн л дээ.

Сүүлийн судалгааны дүнгээс харахад, Монголын ой бүх газраа буураад байгаа юм биш билээ. Хөвсгөл нуурын баруун тал, Булганы хойд тал, Хэнтийн Цахар Минж буюу баруун талаар, хүний хөл хөдөлгөөнөөс хол газар өсөж байна. Харин Хэнтийн зүүн тал, Хэрлэн голын эх, Төв, Сэлэнгэ аймаг, Дорнодын ой бол сүүлийн 20 жил маш эрчимтэй буурч байгаа нь харагдсан. Манай төслийн мэдээ нь ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг буруулах НҮБ-ын UN-REDD хөтөлбөрийн ойн мониторингийн суурь мэдээ болж ашиглагдаж, APFNet байгууллагын хамгийн үр дүнтэй хэрэгжсэн төслөөр шалгарч, 10 жилийн ойгоор нь шилдэг илтгэл болж тавигдсан юм. 

- Энэ төсөл чинь цаашид үргэлжлэх үү?

-Үргэлжлүүлэх мөрөөдөл байна аа байна. Заган ой дээр хийж үзмээр байдаг. Бас хортонд идэгдсэн ой, түймэрт шатсан ой дээр хиймээр л байгаа юм. Аргачлал аль хэдийн толгойд боловсорчихсон, тэгж байгаад л нэг цаасан дээр буулгана даа. Хиймэл дагуулын мэдээн дээр судалгаа хийж байхад ойтой газар болгон үүл тогтсон байсан. "Мод дагаж хур" гэж монголчуудын ярьдаг ч шинжлэх ухааны үндэслэлтэй л юм билээ. Түүнийг судлах л хэрэгтэй. Ой модны экосистемд үзүүлэх үүргийг шинжлэх ухааны үндэстэй гаргаж нотлох бол сонирхолтой л ажил. 

 

ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛАЛТ БОЛ БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН НЭГ ХЭЛБЭР

 

- Та бол төрийн хяналтаар мэргэшсэн хүн. Ер нь байгаль орчны хяналтад экологийн цагдаа орж ирснийг юу гэж боддог вэ?

- Би энэний эсрэг байр суурьтай байдаг даа. Миний үед ч экологийн цагдаатай байя гэж яригддаг л байсан. Ер нь бол цагдаажих, цэрэгжих, хүчний байгууллага олшрох тийм ч сайхан үзүүлэлт биш. Мэргэжлийн хяналт л ажлаа сайн хийх хэрэгтэй. Захиргааны зөрчлөөр шийдэж болох асуудал.

- Гэхдээ л уул уурхайн байгаль орчинд үзүүлж буй хор хохирол гээд яривал их зүйл байна даа. Та  нөхөн сэргээлтийг Монголд анх хийлгэж байсан гэдэг...

- Тэр үед “Алт” хөтөлбөр хэрэгжээд дуусаж байсан үе. Ерөөсөө л “ухаад бай, аваад бай, эдийн засаг нэгдүгээрт” гэсэн ганцхан уриатай байсан. Хөтөлбөрийн төгсгөлд бид энд тэндгүй ухсан нүхтэй л үлдсэн. Нөхөн сэргээлтэд хүрз шороо хаядаггүй, "хий" гээд шаардахаар өөдөөс загнадаг. “Бид арван саяын алт авч байна. Чи зуун саяын нөхөн сэргээлт хий гэж шаарддаг хэн бэ. Амьдрал мэдэхгүй байна” гээд л. Ийм л үед нөхөн сэргээлт хийх шаардлагуудыг тавьж эхэлсэн юм. Нөхөн сэргээлт хийлгэдэг болгоход “Гацуурт” компани дээр хийсэн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургууль чухал үүрэг гүйцэтгэж, нөхөн сэргээж болдог юм гэдгийг хаа хаанаа харуулсан даа. Тэнд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх очиж байлаа.

- Гэхдээ нөхөн сэргээлт хийлээ гээд яагаад ч унаган төрхөндөө орохгүй гэж боддог. Энэ зөв үү?

- Унаган төрхөөс нь ч илүү болгох боломжтой. Бид уул уурхайг дайсан шиг үздэгээ болимоор байна. Зүй зохистой ашиглалт гэдэг өөрөө байгаль хамгаалах нэг хэрэгсэл юм шүү. Байгаль орчны яам "хав дарж хамгаална" гэдэг худлаа лоозогнолоо арай амьдралтай болгож байгаа юм болов уу даа. Нэг хэсэг ч зүгээр л хамгаалах хууль гаргаад л хамгаалчихна гэж лоозогносоор Монголын байгалиар тоглоод дууссан шүү. Ямартаа л цагдаа, шүүх, эрүү болж байж шийдтэл нь, экологийн цагдаа байгуулагдтал нь даамжруулж байх вэ дээ. Ер нь ч бидэнд уул уурхайн ашиглалтын, байгалийн нөөц баялаг ашиглалтын бодлого алга даа. Нэг ордыг 10 уурхай тал талаас нь ашиглаад 10 жилд дуусгах юм уу, эсвэл нэг компани дангаараа олборлох юм уу бодлого алга. Дөрвөлжлөөд л лиценз болгоод л өгөөд байдаг.

Ой дээр л гэхэд мод ачсан машин бүр гэмт хэрэгтэн шиг л үзэгддэг болсон. Хаана ч байгаа юм тэр ойн мэргэжлийн байгууллага. Хаана ч байгаа юм тэр мод бэлтгэлийн компани, мод боловсруулах үйлдвэр. Хоттой хонийг хүртэл заазалдаг, тэгж байж өсдөг. Тэрэн шиг ойн хөгшин моддыг огтолж байх ёстой. Ургадаггүй алтаа ухаад авдаг хэрнээ ургадаг ойгоо ашиглах гэхээр "модны хулгайч" гээд шоронд аваачаад хийчихдэг улс манайхаас өөр хаана байна? Тэгээд хэлчихээр дарга нар нь хулгайчидтайгаа нийлээд хядчихна. Хоёр тал руу л туйлшраад байх юм. Уг нь бидний эх орон. Энэ өвчтэй, зовлонтой үед эх орон ямар чухлыг бид ойлгосон л баймаар. Монголын ойд энд энд төдөн мод бэлтгэлийн компани, жилд төдөн метр куб мод бэлдээд тэндээс төдөн мод боловсруулах үйлдвэр ажиллана гээд л зөвшөөрөөд, зах зээлийг нь хамгаалчихад л болох асуудал.  Уул уурхайн зөв ашиглалт бол цэгэн нөлөөлөлтэй байдаг.  Цэгэн нөлөөлөл гэдэг нь уурхайг тоос гаргахгүй ухаж болно, буцаагаад нөхөн сэргээж болно, ямар ч үнэт  ургамлаар нөхөн сэргээж, тэр нь цаашдаа өчнөөн жил малын тэжээл болоод юм уу орчноо сайжруулж болно. Хөрсөө борддог ургамлаар нөхөн сэргээчих юм бол цаашаа тэр нь хөрс нөхөн төлжих бололцоог бүрдүүлдэг. Хэрвээ төр зөв  бодлоготой байгаад, нөөцийн зөв менежмент хийж чадаад, уул уурхай өөрөө хариуцлагатай байгаад, төрийн хяналт сайн байгаад хариуцлагатай уул уурхай хөгжих юм бол иргэдийн амьдралд, улсын эдийн засагт, цаашлаад экосистемд асар их эерэг нөлөөтэй байж болно. Бид яагаад тэднээс ч илүү баялагтай байж, булангийн 3 орон шиг, Норвеги шиг хөгжиж болохгүй, Африк шиг байж, Солонгост боолчлогдож байх ёстой гэж.

- Та бас уурхайн хаалтын их том сургалтыг Налайхад хийлгэж байсан. Манайд уурхайн хаалт хийж байгаа уурхайнууд хэр их бий вэ?

- Уурхайн нөхөн сэргээлтийг хаалтын бодлоготой заавал уях ёстой. Жишээлбэл Заамар дээр дурын аж ахуйн нэгж нөхөн сэргээж байна гээд дуртай юмаа  тарьдаг. Улиас, хайлаас тарьж байна, нуур хийж байна. Нуур хийж байгаа нь сайн, гэхдээ би Төв аймгийн Засаг дарга байсан бол Заамарт асар том чацарганы плантаци байгуулах байсан. Корона вирусээс үүдээд чацаргана олон улсад маш эрэлттэй боллоо. Тэртэй тэргүй Монголд ургасан шиг чанартай чацаргана дэлхийд байхгүй. Цаашдаа ч байхгүй. Энэ бол Монгол орны экосистем, бид тэнгэр бурхандаа баярлах ёстой юм. Тэгээд ч чацаргана голын эрэг, хайрга сайр дээр сайн ургадаг. Тэр нөхөн сэргээлт хийж байгаа компаниудаар дан чацаргана тариулаад, дунд нь агротехник мэддэг хүнийг төрийн  нэг зохицуулагч болгоод, плантацийн зохион байгуулалттай чацаргана тариулахаар тавьчих л даа. Тэгээд Хайлааст багт нь чацарганы шүүс, тосны үйлдвэрийг ёстой нөгөө ЖДҮ зээлээр нь бариулчихгүй юу. Увсаас Япон руу экспортолж болоод байхад энүүхэн Төв аймгаас яагаад болохгүй гэж. Зохион байгуулалт хүчийг 100 дахин нэмнэ. Төрийн зохион байгуулалт л дутаад байх юм даа. Олон биш, ердөө гурав, дөрөвхөн үйлдвэрт  зөвшөөрөл өг, тэр олон ажилгүй залуучуудаар тариул, түүлгэ. Тэр уурхайнуудад газрыг олон жилээр битгий өг. Дуусангуут нь нөхөн сэргээлтэд нь чацаргана тариулаад л хураагаад ав. Жил  жилийнх нь нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд зааж өг. Экспортыг нь төрөөс зохион байгуулаад дэмжчих. Ингэхэд тэр Заамарын  Хайлааст баг  үеийн үед ажилтай, орлоготой байна. Эко  системээ ч хамгаална, Туул голын усны чанарт ч нөлөөлнө. Энийг л бодлого гэдэг. Даанч төр энийгээ хийхгүй юм даа.

 

ДОТООД ХЯНАЛТЫН СИСТЕМ ТӨРИЙН АЛБАН ДЭЭР ӨӨР АЖИЛЛАХ УЧИРТАЙ ЮМ БИЛЭЭ

 

- Яагаад ийм зөв бодлогуудыг хэрэгжүүлдэггүй юм бэ? Энэ гажуудлыг яаж засах вэ?

- Төрийн боловсон хүчний сонголтоос бүх юм үүдэж байна. Одоо манайхан хоёр тийш их туйлширч байна. Нэг хэсэг нь "мэдлэг, боловсролтой л байхад болно" гэх, нэг хэсэг нь "сэтгэл л байвал юуг ч хийнэ, мэргэжил мэдлэг хэрэггүй" гэх. Миний бодлоор, төрийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх хүн эн түрүүнд мэргэжилтэй байх хэрэгтэй. Мэргэжилгүй хүн дан ганц сэтгэлээр юу хийх вэ дээ. Мэргэжилтэй хэрнээ мэдлэггүй хүн олон байна. Зүй нь мэргэжлийг нь эзэмшсэн л бол мэдлэгтэй байх хэрэгтэй л дээ. Бас мэдлэгтэй хэрнээ чадваргүй хүн байх. Чадваргүй хүн хоосон мэдэмхийрэхээс өөр юу хийх билээ. Гэтэл мэргэжилтэй, мэдлэгтэй, чадвартай хэрнээ юу ч хийхгүй, бусдыг шүүмжлээд суугаад байдаг хүмүүс бий. Яг энэ дээр "сэтгэл" гэдэг зүйл гарч ирдэг. Тиймээс төрийн албанд мэргэжлийн мэдлэг чадвартай хүн сэтгэл гаргаж ажиллах чухал. Энийг л чадавх гээд байгаа болтой. Ийм л хүмүүсийг төрд авч ажиллуулах хэрэгтэй юм байгаа юм.

Уламжлал, шинэчлэл хоёр хосолж л байх ёстой юм гэдэг. Тодорхой хэмжээний уламжлал байж, шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж байж ахиц дэвшил гардаг. Хэнийг авч үлдэх, хэнийг шинээр оруулах нь Монголын Төрийн албаны зөвлөлийн л сонголт юм даа. Би бол Төрийн албаны зөвлөлийг Монголын төрд үе үеийн намчдын, мэргэжлийн бус хүмүүс суух нөхцлийг бүрдүүлж өгч байгаа газар л гэж боддог. Бүрдүүлээд зогсохгүй, хэн ч халдахгүй болгож баталгаажуулж өгдөг. Тэгээд чадваргүй, сэтгэлгүй хүмүүс тэндээ очоод дархлагдчихдаг. Ямар ч мэргэжлийн хүний үгийг сонсдоггүй, дороо байгаа хүний гаргаж ирсэн шинэ санаа, мэргэжлийн санааг хүлээж авдаггүй. Чадалтай мэргэжилтэн бол асуудлыг хэрхэн шийдэх мэргэжлийн шийдлийг л гаргаж ирдэг шүү дээ. Харин мэргэжлийн бус томилогдсон хүмүүс "Яаж идэх вэ? Над ямар унацтай вэ?" л гэж хардаг. Тэгэхээр төрийн ажлыг мэддэг, чаддаг, сэтгэлтэй хүнээр нь хийлгэ л дээ. Боловсролтой, сэтгэлтэй залуус олон байна. Чадалтай, сэтгэлтэй, хур туршлагатай ахмадууд ч олон байна. Нэг дурсамж сөхөхөд, манайд ангийн байцаагч Х.Бадам гэж мундаг хүн байлаа. Социализмын үед орос мэргэжилтнүүдийн авгай нар “Бадамд хэлнэ шүү” гэж загасчин нөхрүүдээ айлгадаг байсан юм гэнэ билээ. Социализмын үед загасны уургыг нь хурааж аваад, 500 төгрөгөөр торгоно гэдэг айхтар шийтгэл байхгүй юу. Оросуудын зүрхэнд орчихсон, тийм л мэргэжилтэн байсан. Бадам гуайн цаг барина гэж. Өглөө яг 9 цагт ирнэ, орой яг 18 цагтаа тарна. Нэг минут ч хоцрохгүй, нэг минут ч эрт ирэхгүй  Насаараа тийм дэгтэй амьдарсан. Бүтээмж гэж гайхалтай. Жинхэнэ төрийн албан хаагч энэ хүн намайг хууль, дүрэм, журам боловсруулж сургасан юм даа. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын мониторингод очоод мэргэжлийн хяналтын 14 журмыг гардан боловсруулсан минь тэр хүний л ач.

- Та дотоод хяналтын тогтолцоог Монголд нэвтрүүлсэн хүн. Энэ тогтолцоо хувийн байгууллагууд дээр нухацтай төлөвшчихлөө. Харин төрийн байгууллагууд дээр нэг асуудал байх шиг. Энэ талаарх таны бодол...

- Дотоод хяналт бол амьдралын шаардлагаас урган гарсан зүйл. Тухайн үед олон барилга дээр осол гараад, олон нийтийн шүүмжлэл хурц байсан. Гэтэл барилга болгон дээр бид  байцаагч зогсоож чадахгүй. Бүх юмыг төр хянах боломжгүй. Тийм учраас "аж ахуйн нэгжийн дотоод хяналт байх ёстой" гээд дүрэм, журмыг нь гаргах гээд Оюунбилэг гээд байцаагчтайгаа хамт хоёр жил гаруй ажилласан юм. "Internal control" гээд судалсан чинь дагаад "internal audit" ороод ирсэн. Тэгтэл audit, monitoring хоёрын ялгаа зааг, control, inspection хоёрын ялгаа заагийг мэдэх шаардлагатай болсон. Мөн энэ тогтолцоонуудын дотоод болон хөндлөнгийн статусыг ойлгох хэрэгтэй болсон доо. Монгол хэлээр бол бүгд л “хяналт, хяналт шинжилгээ” гэж бууна. Угтаа тус тусдаа өөр утга, агуулгатай. Аудит ороод  ирэнгүүт "дотоод аудит", "хөндлөнгийн аудит", "төрийн аудит" гэдэг ойлголт орж ирсэн. Төрийн хяналт, техникийн хяналт дотоод хяналт бүгд тусдаа ойлголт.  Ямар ч байсан Монгол Улсад дотоод хяналтын тогтолцоо бүрэлдэхэд дөрөв, таван жил орсон. Харин энэ тогтолцоо төрийн байгууллага дээр ажиллахад асуудалтай юм билээ. Төрийн албан хаагчдын стандарт түвшиндээ үйл ажиллагаа явуулж байна уу, ёс зүйн хувьд алдаа оноо гаргаж байна уу, хүнтэй буруу зөв харьцаж байна уу гэдэг дээр хяналт тавьж болоод байгаа юм. Яг тэр авлига, албан тушаалын хэрэг  дээр хяналт тавьж чадахгүй юм билээ. Яагаад гэхээр... би өөрөө Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дотоод хяналтын дарга байсан.

Гэтэл ганцхан хүний ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлээс болоод бүхэл бүтэн байгууллага, системийн нэр хүнд шороотой хутгагдсан. Хэн нэгэн авлига авч байна уу, ширээндээ мөнгө хурааж байна уу, оймсондоо хийж байна уу гэдгийг ёстой тэр хууль хяналт, цагдах мөрдөх байгууллага нь л хийх юм билээ. Түүнээс бүх нэгж нь ижил статустай захиргааны байгууллагад дотоод хяналтаар түүнийг хийж чадахгүй юм билээ. Дотоод хяналтын тогтолцоог судалж байхдаа би нэг л юмыг хатуу ойлгосон. Монголд буй болоод байгаа энэ эмх цэгцгүй хаос байдал, улс төр биш шүү, хүнсний аюулгүй байдал, гуч дөчөөрөө нураад байгаа зам гүүр, ганц борооны дусаал даахгүй барилга, Улаанбаатарын утаа шиг тоосорч байгаа тоос... гээд бүх л зүйл буруу стандартаас, бас тэр стандарт хэрэгждэггүй байдлаас шалтгаалж байна. Уг нь манай стандартын байгууллага хамгийн урт удаан хугацааны түүхтэй боловч тогтолцооныхоо хувьд нялхаараа, хөлд ч ороогүй байгаа юм билээ.  Энэ бол том сэдэв, энэ ярилцлагаар хөндөөд л орхиё.

Стандартын тогтолцооны хоцрогдол Монголын хөгжлийг чөдөрлөж байна. Хэрвээ бид хөгжье гэвэл, цааш алхъя гэвэл бүх салбарыг  стандартчиллын зөв тогтолцоонд оруулах хэрэгтэй. Тиймгүй бол стандарт бус амьдралд бид амь нас, мөнгөө үрээд л дуусна.

О.ЭНХЖАВХЛАН

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.22.238) 2022 оны 10 сарын 31

Дарга тэр үед оймсчидтой тэмцээд халагдаж байсныг олон хүн хэлнэ дээ

0  |  0
сараа(202.126.90.130) 2022 оны 09 сарын 04

Авилгалын хэрэгт холбогдоод ажлаас гарсан хүн дээ

1  |  0
сараа(202.126.90.130) 2022 оны 06 сарын 09

Авилгал аваөд ажлаас халагдсан хүн дээ.

0  |  0
Зочин(66.181.185.179) 2022 оны 05 сарын 07

Мундаг дарга даа.

0  |  0
Зочин(43.228.129.229) 2023 оны 01 сарын 18

Жинхэнэ төрд хэрэгтэй хүн дээ, ойн салбар ийм чадвартай мэргэжилтнээ улам илүү лдэмжих атал, нэг хэсэг хүн их дарсан даа, Харамсалтай.

4  |  0
Иргэн(66.181.189.196) 2020 оны 08 сарын 24

Мэргэжлийн хяналтын газар энэ асуудлыг хариуцаад олон жил ажилласан, хяналт хийх эрх нь, хяналтын сайжруулах, боловсронгуй болгох үүрэгтэй ч байсан шүүдээ.

0  |  0
зочин(202.9.46.67) 2020 оны 09 сарын 16

үг бүрээс нь жинхэнэ ажил мэргэжилдээ дуртай төрийн албан хаагч гэдэг нь мэдрэгдэж байна.ийм л мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүс төрийн албанд олноороо ажиллаасай. Байгаль орчны шинэ сайд зөвлөхөөрөө авч ажиллуулбал манай улсад л хэрэгтэй юмсан. танд амжилт хүсье.

1  |  0
Зочин(202.9.46.246) 2021 оны 02 сарын 19

Ямар сайхан ярилцлага вэ. Үг бүр нь үнэтэй мундаг ярилцлага байна. \n

1  |  0
Зочин(202.55.188.46) 2020 оны 08 сарын 20

Олон хүнийг ажил амьдралд сургасан хүн дээ.

0  |  0
иргэн(66.181.169.70) 2020 оны 08 сарын 20

Байгаль орчны сайд энэ хүнийг зөвлөхөө болгоосой, мэргэжлийн чиглэлээрээ их юм хийнэ дээ

0  |  0
Амгалан(66.181.169.70) 2020 оны 08 сарын 20

Жинхэнэ төрийн хүндээ.\n

0  |  0
Zochin(202.21.107.47) 2020 оны 08 сарын 20

Mergejliin hyanaltiin altan ueiin mundag baitsaagch, jinhene turiin janjin shugamtai zarchimrai turiin jinhene alban haagch hun dee

1  |  0
Turiin hun(66.181.161.3) 2020 оны 08 сарын 19

Turiin hun gj helne de

0  |  0
иргэн(202.9.46.122) 2021 оны 02 сарын 19

жинхэнэ төрийн хүн мөнөөсөө мөндөө. одоо төрд ийм хүмүүс жинхэнэ хэрэгтэй байгаам. харамсалтай нь үнэн шударга яалагддаг болчихсон. Улс эх оронд минь ийм хүмүүс маш их хэрэгтэй байна.

2  |  0
zochin(202.21.113.110) 2020 оны 09 сарын 16

үнхээрийн шудраг хүн дээ нэг хэсэг байхдаа ч баздаг байсан даа

1  |  0
О зочин(192.82.70.38) 2020 оны 08 сарын 20

Уг нь жинхэнэ төрийн хүн дээ даан ч одоогийн төрд шударга хүн тийм ч их хэрэгтэй биш болсон юмдаг уу даа. Энэ хүний мэдлэг мэргэжлийн ур чадварыг төр ашиглах хэрэгтэй л юм байгаа м даа

2  |  0
бэгз(202.126.89.233) 2020 оны 08 сарын 19

ангижав мундаг шүү амжилт хүсье

1  |  0
Хяналт(202.179.24.134) 2020 оны 09 сарын 16

Өөрөө хяналт шалгалт хийх мэрэгжлийн хүн юм байна ш дээ. Ой сүйрэлд ороод байгааг харсаар мэдсээр байж түүнтэй тэмцэхгүй зүгээр л ном бичээд суугаад байдаг юм шиг ойлгогдлоо

0  |  2
Top