Уул уурхайн уналт ноёрхсон ч ХАА-н салбар агшилтын хурдыг СААРУУЛЛАА

2020 оны 08 сарын 18

Коронавирусний халдвар, тархалтаас урьдчилан сэргийлсэн хөл хорионы улмаас Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны сүүлийн тооцооллоор эдийн засгийн агшилт хоёрдугаар улиралд 9.7 хувьтай гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний агшилтын хурд ямар ч байсан оны эхний улирлаас НЭГ хувиар саарсан үзүүлэлттэй байна.

Оны эхний улирлын 10.7 хувийн агшилтын 2/3 нь уул уурхайн салбарын уналтаас хамаарч байсан. Тэгвэл хоёрдугаар улиралд ч мөн л уул уурхайн экспортын сааралт Дотоодын нийт бүтээгдэхүүний тооцооллыг хойш нь чирлээ. Харин хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өссөн нь эдийн засгийн агшилтыг өмнөх улирлаас сааруулж өглөө.

Сануулахад, Үндэсний статистикийн хорооноос Монголын эдийн засаг  нүүрс, зэсийн экспортын сэргэлтийн нөлөөллөөр хоёрдугаар улиралд хэрхэн гарах төлөвтэй байгааг долоодугаар сарын эхээр тодруулахад:

-Коронавирус цар тахлын дэгдэлт болон БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны үйлдвэрлэл, экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэй хэмээн үзэж, УОК-ын шийдвэрээр зарим боомтууд ажиллаж, ачаа тээврийн үйл ажиллагаа явагдаж байна. Нүүрсний экспорт энэ  оны  хоёрдугаар  сард 356.9 мянган тонн, гуравдугаар сард 341.2 мянган тонн болтол буурч байсан бол дөрөвдүгээр  сард 997.8 мянган тонн, тавдугаар  сард 2174.6 мянган тонн болж илт сэргэсэн. Бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн болохоор эдийн засгийн агшилт нэг оронтой түвшинд орно гэж таамаглаж байна” гэсэн хариултыг өгч байсан.

 

Тодотгоход, Үндэсний статистикийн хороо Дотоодын нийт бүтээгдэхүүнийг НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцож гаргадаг. Гурван аргаар тооцохын давуу тал нь илүү нарийвчлах, хооронд нь уялдаа холбоотой байлгах, алдаагүй тооцсон гэдгээ хянах боломжийг бас өгдөг. Гэхдээ эдийн засгийн хэмжээг тооцох гурван  арга нь зөвхөн тооцоогоо хянах төдийгүй эдийн засгийн хөгжлийн түргэсгэх, зөв залах, хөгжлийн загварыг тодорхойлох зэргээр өргөн ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо буруу тооцсон байна уу гэдгээ шалгах боломж бүрддэг. Түүнчлэн хэрэглээн дээр эсвэл орлого дээр дутуу тооцсон байна уу гэдгээ хянах боломжтой. Эцсийн ашиглалтын арга, орлогын аргаар тооцоод,  уялдуулж шалгадаг гэсэн үг.  Гурван тооцоогоо баланслуулж, “Нөөц ашигласны хүснэгт”-ийг гаргадаг. Тэгж байж Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ зөв гарч байна уу гэдгээ  тогтоодог” гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос тайлбарладаг.  

 

Тодруулбал, Үйлдвэрлэлийн аргаар тооцсон Дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 16.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 919.9 (5.2%) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 7.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 845.3 (9.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 9.7 хувиар буурч гарахад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 541.2 (29.4%) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 294.9 (8.2%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагас жилд 9.7 хувиар буурсны -6.2 пункт нь уул уурхай, олборлолтын салбарт, -3.4 пункт нь үйлчилгээний салбарт ногдож байна.

Тухайлбал, -1.8 пункт нь тээвэр, мэдээлэл холбооны салбарт, -1.5 пункт нь бөөний, жижиглэн худалдааны салбарт, -1.6 пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт тус тус ногдож буй аж.

Эхэнд хэлсэнчлэн, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний хагас жилд 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өссөн нь ДНБ-д 1.9 пунктээр эерэг нөлөөлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.77.195) 2020 оны 08 сарын 18

хуцваа газар тариалан бол дампуурсан.

0  |  0
Munkh(202.21.107.67) 2020 оны 08 сарын 18

Хандах зүг өөрөө тогтжээ

0  |  0
Top