"Найман шарга"-ын ХАНШ банкнаас өндөр байгаа ч иргэд банкийг сонгож байна

2020 оны 08 сарын 05

Ам.доллар тэнгэрт хадаж, төгрөг газарт уналаа гэж иргэд халаглаж, ханшийг тогтвортой байлгах бодлогыг төр засгаас нэхэж байна. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор валютын ханш хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар валют арилжааны төвүүд болон банкны ханшийг харьцууллаа. “Найман шарга” валют арилжааны төвийн үүдээр доллар, юань солино, авна гэсэн хүмүүс тав алхаад л таардаг бол энэ удаа эл хуль. Ганц нэг хүн ямар валют солиулах юм хэмээн шивэгнэх төдий асууна. Толгой эргэж, нүд эрээлжлэм олон валют арилжааны төвийг нэгд нэгэнгүй орж ханшийн мэдээллийг цуглууллаа. Бүх л газрын эзэд эзгүй лангуу түшин гиюүрч суугаа харагдах бөгөөд хүний хөлийн чимээнээр өндөсхийж харагдана. Хүн муу байна, иргэд банканд ороод валютаа солиулчихаад байх юм гэж гомдоллоно. Үнэхээр тэдгээр төвөөр үйлчлүүлж буй хүн нүдний гэм болжээ.

Хөл хорионы улмаас хилээ хаачихсан болохоор валютын эргэлт зогсонги байдалд орчихоод ченжүүд гэгддэг олон хүмүүсийн амьжиргаа ч хүндхэн байдалтай тулгарчээ. Намар оюутнууд гадаад, дотоодод суралцахаар хөдөлгөөн эхэлбэл арилжаа нэмэгдэж магадгүй хэмээн горьдож суугаагаа ч тэд нуусангүй.

“Найман шарга” валют арилжааны төвөөр ам.долларыг 2848 төгрөгөөр аваад 2851 төгрөгөөр арилжиж байсан бол еврог 3355 төгрөгөөр аваад 3363 төгрөгөөр арилжиж байлаа. Харин Хятадын юанийг 408 төгрөгөөр аваад 409.5 төгрөгөөр арилжиж байв. Оросын рублийг 39 төгрөгөөр авч 39.80 төгрөгөөр арилжиж, Японы иенийг 26,80 төгрөгөөр авч, 27.10 төгрөгөөр арилжина. Харин Солонгос воныг 2.39 төгрөгөөр авч 2.40 төгрөгөөр арилжиж байсан бол Английн фунтийг 3640 төгрөгөөр авч 3710 төгрөгөөр арилжиж байлаа. Мөн Гонконг долларыг 362 төгрөгөөр авч 365 төгрөгөөр арилжиж байсан бол Сингапур долларыг 2030 төгрөгөөр авч 2060 төгрөгөөр арилжиж байв.

Хувийн аж ахуй эрхэлдэг Б хэмээх эмэгтэй валютаа солиулахаар тус төвийг зорихтой нь таарч сэтгэгдлийг нь сонсоход банкууд долларыг арилжааны төвөөс хямд авч байна. Гэхдээ бид эрсдэлээ бодоод, найдвартай нь дээр гээд банканд валютаа солиулахыг илүүд үзэж байна. Учрыг лавлахад хуруу хумсаа хугалж олсон хэдийгээ банканд солиулаад хадгалуулах нь хүү нь өсөх, орлого зарлагын түүх нэмэгдэх гээд олон давуу талтай. Дараа нь зээл хүсэхэд хэрэг болдог юм гээд хажуугийн “Голомт” банк руу харайлгав.

Ам.доллар өнгөрөгч сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тогтмол хурдаар өсөж 2835 төгрөгөөс 2850 төгрөг болсон бол евро долоодугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 3200 төгрөгөөс 3353 төгрөг болж өсжээ. Оросын рубль уналт, өсөлт хосолж явсаар өнөөдрийн ханш 39 төгрөгтэй байна. Воны ханш долоодугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 2.35 төгрөгөөс 3.39 төгрөг болж өссөн үзүүлэлт харагдана. Харин иений ханш өнгөрөгч сарын 21 хүртэл тогтмол үзүүлэлттэй байж байгаад 26.5 төгрөгөөс энэ сарын эхээр 27 төгрөг болж өнөөдөр буцаад буухдаа 26.80 төгрөг дээр тогтлоо.

“Монгол банк”-ны ханш зарласан үнээр ам.доллар 2845.80 төгрөг, евро 3347.23 төгрөг, иен 26.47 төгрөг, вон 2.38 төгрөг, юань 407.98 төгрөг, Хонгонк доллар 367.19 төгрөг, Английн фунт 3721.31 төгрөг, рубль 38.42 төгрөг байлаа. “Голомт” банк, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкны ханшаар ам.долларыг 2840 төгрөгөөр авч 3852 төгрөгөөр арилжиж, еврог 3317 төгрөгөөр авч 3398 төгрөгөөр арилжиж, рублийг 38.20 төгрөгөөр авч, 40.40 төгрөгөөр арилжиж, юанийг 405.50 төгрөгөөр авч, 409.60 төгрөгөөр арилжиж, иенийг 26.47 төгрөгөөр авч, 27.19 төгрөгөөр арилжиж, воныг 2.30 төгрөгөөр авч, 2.44 төгрөгөөр арилжиж байлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(202.55.188.82) 2020 оны 08 сарын 07

archaagui turtui yum daa \n

0  |  0
Зочин(192.82.73.104) 2020 оны 08 сарын 06

Гарчиг нь арай мул уу гүй юу?

0  |  0
Xurelsyg(202.55.188.91) 2020 оны 08 сарын 06

Zadgai dollariig baga xandhaar avdagiig boluulax xerdgtei

0  |  0
Доллар(99.229.251.229) 2020 оны 08 сарын 05

Найман шарга гэж өмхий үнэртсэн газрыг буулгаж шинэ барилга барьвал таарна шдээ!!!

0  |  0
Top