ОЛОН ӨНГӨ: Гуурсаар хэмжигдэх хүний амь

Э.Энхболд | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

Хүний амь гэдэг өчүүхэн зүйл дээр “торгоогдож” байна. Учир нь найзын маань эгч хорт хавдрын улмаас нэг жилийн турш химийн эмчилгээ хийлгэж байгаа. Өнгөрөгч бямба гарагт химийн эмчилгээнд орохоор болсон тул баасан гарагт бэлтгэл базаав. “Бэлтгэл базаав” гэдэг нь химийн эмчилгээнд ашиглах дуслын систем шиг гуурсыг олох байлаа. Бид л төдийлөн анзаардаггүй болохоос алд хүрэхгүй урттай гуурс тийм ч элбэг байдаггүй аж. Бөмбөгөрийг тойрсон эм хангах нийлүүлэх байгууллагууд, Хавдар судлалын үндэсний төвийг тойрсон эмийн сангуудаас эхлээд нэгд нэгэнгүй нэгжив. Усан бороон дундуур явган нүцгэн туучив. Хүний л амь хойно ямар ч борооноос үнэ цэнтэй тул явахгүй гээд ч яах вэ дээ. Даанч нэг олддоггүй эд байна лээ.

Аргаа бараад эм ханган нийлүүлэх компаниудын захирлуудын дугаарыг олж аваад аргадах, гуйх, учирлахын дундуур баахан утас цохьсон ч тусыг эс олов. Аз болоход “Цомбо” эм хангах нийлүүлэх компанийн захирал салбар руугаа хэлж, ярьж байж нэг ширхэг гуурстай болж, найзын минь магнай тэнийлээ. Тэр гуурсыг оруулж ирсэн хоёр л компани монголд байдаг гэж дуулав.

Хорт хавдартаа шаналан тарчилж байгаа хэчнээн мянган иргэн байгаа билээ. Гэтэл алд хүрэхгүй урттай гуурсыг эх орондоо үйлдвэрлэж чадахгүй, нөөц сав нь барагдсан эрүүл мэндийн салбарыг бодохоор өр өмтрөх шиг болов. Эх орондоо үйлдвэрлээд эхэлбэл ховрын бараа болсон энэ гуурсыг шаардлагатай хүмүүс нь аваад хэрэглэнэ шүү дээ гэх бодол зүрх рүү хатгана. Гуурсны үнэ 28 мянган төгрөг. Угтаа дотоод үйлдвэрлээд эхэлбэл 5000 төгрөгөөс давахгүй үнэтэй эд шиг санагдсан. Үнэ нь хэд ч бай ийм эрэлт хэрэгцээтэй ганцхан гуурс хүний амь насны дээсэн дөрөө болж байна. Бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбар хоёрхон компанийн хараан дор гуурс оруулж ирж, түүнийг нь хүлээж тэвчин өвчиндөө шаналах хэдэн мянган иргэнээ бодохоор л. Эрүүл мэндийн салбартаа эрс анхаарахгүй бол хэдий болтол дуслын систем шиг гуурс хүлээж ор хоногоо, орчлонгоос буцахаа хүлээх вэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмч(150.129.142.61) 2020 оны 08 сарын 04

Хавдрын даргын үүрэг гүйцэтгэж буй гэх Эрдэнэхүүгээс асуу. Монголын эрүүл мэндийн салбарт ганцаараа л ажиллаж байгаа гэж өөрийгөө өргөмжлөх, эмч, ажилчиддаа дээрэнгүй нэгэн байнаа. Тэр өдөр, шөнөгүй ажиллаж байгаад хангаад өгөх биз???????

0  |  0
Top