СУРВАЛЖИЛГА: Квотын байр эмнэлгийн ажилчид дунд маргаан үүсгээд байна

2020 оны 07 сарын 02

-Шадар сайд Ө.Энхтүвшиний эгч давуу эрхээр орон сууцанд хамрагдсан уу-

Цар тахлын үед ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрийн 1300-1500 орон сууц олгохоор Засгийн газраас тогтоол хэрэгжүүлээд байгаа. Зургаадугаар сарын 29-ний өдөр эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцных нь батламжийг албан ёсоор гардуулсан тэмдэглэлт үйл явдал болов. Үүнтэй зэрэгцээд эмнэлгийн нөлөө бүхий удирдах ажилтнууд оногдсон квотыг өөрсдийнхөө тойрон хүрээлэгч, танил талыг харж хуваалаа гэсэн гомдол олон хүн тээжээ. Тиймээс эмнэлгийн жирийн ажилтнууд уг асуудлаар байгууллага дотроо багагүй дажин дэгдээгээд авсан байна. Энэ мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэгт газар дээр нь очиж хүмүүсийн байр суурийг сонссон юм. Гэвч өнөө гомдсон гэх хүмүүсийн талаас хэвлэл мэдээллийн байгууллагад өөрсдийн нүүр царай, нэр усаа хэлээд мэдээлэл өгөх зоригтой хүн гарсангүй. Иймд эмнэлгийн удирдлагууд хийгээд квот оногдсон эмч, ажилчдын үгийг сонирхуулж байна. Тус эмнэлгийн 12 сувилагч, техник, үйлчилгээний найман ажилтан орон сууцны квотод хамрагджээ. Эмнэлгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хэдий ч нийгмийн асуудал нь жигдрээгүй мянга мянган ажилтан, албан хаагч бий. Энэ тухайд улсын III төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очироос тодруулахад “Өндөр хариуцлага хүлээж, онцгой байдлын үед чухал үүрэг гүйцэтгэж, олон жил ажилласан 20 ажилтанд орон сууцны квот өгсөн. Алба тус бүрээс орон сууц шаардлагатай хүмүүсийн нэрийг аваад, ихэнхдээ сувилагч, үйлчилгээний ажилтнуудыг оруулахийг зорьсон. Нэрс дунд хоёр их эмч байсныг хассан. Мөн ажилчдын орон сууцны судалгаанд үндэслэсэн. Ихэнх ажилчид талархалтай хүлээж авч байгаа. Цөөн тооны хүмүүс зохион байгуулалттайгаар ийм будлиан хутгаж байна” гэсэн хариултыг өглөө. 

“Байранд орох шаардлагатай 160-190 ажилтны дэлгэрэнгүй судалгааг гаргасан”

Эмнэлгийн зарим ажилтнаас орон сууцны квотын талаар мэдээлэл авсан эсэхийг асуухад мэдээлэл аваагүй хүмүүс ч байв. Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэлиййн хэлж буйгаар “Богино хугацаанд ажилчдынхаа мэдээллийг цуглуулж, 20 квотын нэр гаргаж өгсөн. Улсын III төв эмнэлэг ажилчдынхаа нийгмийн хамгааллыг хангах хөтөлбөр болон судалгааг явуулдаг. Байранд орох шаардлагатай 160-190 ажилтны дэлгэрэнгүй судалгааг гаргасан. Нэгдүгээрт, судалгаанд үндэслэж нэрсээ өгсөн. Хоёрдугаарт, онцгой байдлын үед цаг наргүй, идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүсийг шалгаруулж квот өгсөн” гэлээ. Эрүүл мэндийн салбарт 54 мянган хүн ажилладаг. Үүнээс 760 гаруй хүн Улсын III төв эмнэлэгт ажиллаж байна. Тэднээс 20 хүнд байрны квот олгосон нь энэ. Цаана нь 380 орон сууцны квот жирийн ажилтнуудад хүрч чадсан уу гэдгийг батлах аргагүй байна. Ганцхан улсын III төв эмнэлгийн жишгээс харахад судалгаанд бүрэн оролцоогүй хүмүүс ч байсан гэнэ. Жишээлбэл, эхний судалгаанд гэрт амьдардаг боловч орон сууцанд амьдардаг гэж худлаа бөглөсөн, гэр хороололд амьдардаг атлаа хоёр давхар байшин, эзэмшил газартай хүмүүс, тухайн үед орон сууцтай байснаа саяхан орон сууцгүй болсон алба хаагчдыг хасаж тооцсон гэж судалгааг хариуцсан мэргэжилтэн хэллээ. 

Тэгвэл эдгээр мэдээллээс онцолмоор нь Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшиний эгч орон сууцны квотод хамрагдсан гэнэ. Тэрбээр анхны гавьяат сувилагч бөгөөд улсын III төв эмнэлэгт ажилладаг аж. Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшиний хэлснээр бол “Халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, вирус судлаач, лабораторийн ажилтан, тасгийн үйлчлэгч, сорьц тээвэрлэдэг жолооч зэрэг албан хаагчид орон сууцны батламж олгоно. Эмнэлэг, онцгой, хил хамгаалах цагдаа, мэргэжлийн хяналт гээд үе шаттайгаар үйл ажиллагаа зохион байгуулагдана” гэдгийг мэдэгдсэн. Тус эмнэлгээс орон сууцны квот авсан 20 хүний нэг нь Г.Хорлоо. Тэрбээр 1985 онд Анагаах ухааны сувилагчийн сургуулийг төгсөөд одоог хүртэл улсын III төв эмнэлгийн уушги судлалын тасагт мэргэшсэн сувилагчаар 35 жил ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч түрээсийн байранд амьдардаг. 25 жил тасралтгүй шөнийн ээлжид жижүүр сувилагчаар, мөн цар тахлын үед үүргээ гүйцэтгэж ажилласан гэнэ. “Сувилагч нараас удирдах түвшинд квот авсан ганц хүн нь би” хэмээн өөрийгөө танилцуулсан Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа ч гэсэн 34 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт ажиллажээ. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил сувилагчаар ажилласан. Сүүлийн 10 гаруй жил сувилахуйн арга зүйч, сувилгааны албаны даргаар ажиллаж байгаа. Сувилгааны албанд 380 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагддаг. Коронавирусний халдвартай холбоотой онцгой байдлын үед нэгдүгээр сарын 5-наас эхлэн одоог хүртэл сувилахуйн алба, ахлах сувилагч, арга зүйчид өглөө оройгүй халдвар хамгааллын дэглэм сахиулж, хяналт үнэлгээг хийж ажилласаар байна. Орон сууцны квотыг онцгой байдлын үед ажилласан, хашаа, байр түрээсэлж амьдардаг, ам бүл олуулаа хүмүүсээс судалж олгосон. Манай нэг сувилагч гэхэд гэр бүлээрээ ажилладаг. Нэг нь квот авчихаар хоёулаа байртай боллоо гэсэн үг. Нийт 20 квот гэж байгаа ч гэр бүлийн таван хүн байгаа учраас 25 эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг шийдэж өглөө” хэмээлээ. Ийнхүү орон сууцны квотын асуудал эмнэлгийн ажилтнууд дунд маргаан дэгдээж байгааг бид сурвалжилж, тал талын байр суурийг хүргэлээ. Цар тахлын үед цаг наргүй ажиллаж, нийгмийн асуудал нь орхигдсон олон ам бүлд “нүдээ олсон” орон сууцны квот олгоно гэдэгт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд итгэж байгаа нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦОюун(66.181.177.48) 2020 оны 07 сарын 05

Миний эмчлүүлж байсан Хорлоо сувилагч байртай болсон байна баяр хүргэе нүдээ олсон байна ажил мэргэжилдээ сайн мундаг сувилагч

0  |  0
irgen (103.68.107.106) 2020 оны 07 сарын 02

buzar lalar

1  |  0
Zochin(66.181.179.223) 2020 оны 07 сарын 02

Arai l ih hvnii amidrald oroltsoh yumaa kvieee egch ni ch gesen hvn yum chini bair hvselgvidee huurhii

1  |  0
Зочин(66.181.161.93) 2020 оны 07 сарын 02

Юмыг харлуулахаа боль Энхтүвшингийн эгч гэхээр байрны квот ч авч чадахгүй орон байргүй юу ч үгүй хоосон аиьдрах ёстой юм уу олон жил ажилласан сувилагч л байна авар ёстой л юм бна даг

2  |  0
Zochin(202.9.46.30) 2020 оны 07 сарын 02

Iim xachin yum bichixee bolivol taarna.

0  |  0
зочин(202.179.30.222) 2020 оны 07 сарын 02

Ер нь бол хань хамсаатан танил талдаа л онцгой нөхцөл гэсэн нэрээр байр олгож байна даа болимоор юм даа жинхэнэ арын албанд ажилласан хүмүүс нь алга ШУДАРГА ЮМ ОГТ АЛГА

0  |  0
зочин (103.212.116.221) 2020 оны 07 сарын 02

дандаа буруу талаас хандах үзлээ болиоч дээ муухай энерги гаргаж явах хүмүүс байх юмаа р нь цаашдаа эмэнэлгийн бүх ажилчдыг хамруулахыг л бодож байгаа л биез дээ дөнгөж эхлэж байгаа ажлыг ингэж муухай хараар будах юмаа

1  |  1
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 02

Tegeed 1 buyant uhaa muhaa gesen aimshgiin yertuntsiin tugusgulshig gazar avaachaad hyachihavda,hotod 1 ayataihan gazar bairaa uguj bai

2  |  0
zochin(103.57.92.84) 2020 оны 07 сарын 02

Юмыг битгий болохгүй талаас нь мушгиж байгаач. Сэтгүүлч та гарчигаа өгөхдөө хүртэл анхаарч бай. Хөөрхий 35 жил насаараа ажилласан сувилагч байртай болоход юун буруу байхав. Тэрийг нь бас Ө.Энхтүвшинтэй холбоол бичихийн. Ийм муухай язарсан байж болохгүй ээ ард түмэн минь

2  |  0
zochin(64.119.21.107) 2020 оны 07 сарын 02

IIM SAYKHAN BOLOMJ UGCH BAYKHAD CHINI OLON YUM KHUTSALGUY TER BAYR SUUTSAA AWAACH DEE , MONGOL KHUN YASAN KHUGIIN KHARAKTERTAY YUM BE DEE

1  |  0
Top