С.Эрдэнэ Архангайн ардчилсан намыг “ХАГАЛАВ”

Э.Энх | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Ардчилсан нам сонгуульдаа бэлдэж байгаа нь тэр гэж намаа хоёр хуваах процесс үргэлжилж байх юм. Тухайлбал, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өчигдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргалыг Архангай аймгийн Ардчилсан намын даргаар томилж буйгаа мэдэгдэн тамга тэмдгийг нь гардуулсан. Тэгвэл өчигдөр үдээс хойш Архангай аймгийн Ардчилсан намын дарга, Монгол Улсын харцага Мишкагийн Батжаргал өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Өнөөдөр Архангай аймгийн Ардчилсан нам хоёр даргатай боллоо. Миний хувьд аймгийн намын гишүүд болох 10 мянган хүний дэмжлэгээр аймгийн намын хорооны дарга болсон. Гэтэл Эрдэнэ дахин нэг даргатай болголоо” хэмээсэн юм. Мөн “С.Эрдэнийн цүнх баригчийг дарга болгох гэж, нийгмийн даатгалын сангийн луйварчдад үйлчлэх гэж энэ намын төлөө ардчиллын үйл хэрэгт үе удмаараа зүтгээгүй. С.Эрдэнээ чамд үйлчилдэггүй хууль дүрэм бидэнд үйлчилнэ гэвэл “май” шүү” хэмээн өөрийн цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлжээ.

М.Батжаргалын тухайд 2017 онд Архангай аймгийн Ардчилсан намын даргын албыг авсан бөгөөд хүн орохын эцэсгүй нурах дөхсөн байшинг сэргээн засварлаж өнгөтэй, өөдтэй болгосноо мөн хэлсэн. Гэтэл нэг л өдөр “цүнх баригч” намын дүрэм зөрчин орж ирж байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Аймгийн намын хорооны даргын хувьд М.Батжаргал энэ удаагийн УИХ-ын сонгуульд залуусаа дэмжих ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн ч С.Эрдэнэ тэр хүсэлтийг нь хүлээж авахгүй өчигдөр намын хорооны даргаар томилогдсон гэх Д.Золжаргал, "Фортуна" буюу УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан, “Бридж” группын ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг нарыг Архангай аймагт нэр дэвшүүлнэ гэдгээс маргаан үүдэлтэй аж.

Д.Золжаргал болон Б.Жаргалан нар гурвалсан гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн намын дарга С.Эрдэнэдээ албан тоот хүргүүлж М.Батжаргалыг аймгийн намын хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлүүлж дөнгөсөн байна. Хамгийн инээдтэй нь хүсэлт гаргаж М.Батжаргалыг чөлөөлүүлсэн Д.Золжаргал өөрөө аймгийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсонд эгдүүцэх гишүүд олон байгаа аж.

Ямартай ч УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Ардчилсан нам ялалт байгуулна гэхээсээ илүү хоёр тамгатай даргынхаа учрыг олохгүй бол энэ хагарал цаашид улам газар авах нь гарцаагүй. Нэгэнт ил болсон зөрчил цаашид үргэлжилбэл аймаг бүрт Ардчилсан нам хоёр даргатай сонгуульд орж мэдэхээр байгаа юм. Ардчилсан намын нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмаа, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт нарын цагтаа намын лидерээр үнэлэгдэж байсан эрхмүүд Ардчилсан намаа бус бие даагчийн байр сууринаас сонгуульд орж байгаа нь тус намын хагарал хаана очиж бутрахыг таах аргагүй болгож байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
худал(66.181.161.7) 2020 оны 05 сарын 14

Батжаргал гэдэг бөхөнцөрийг тэгээд МАН-тай тохироод явахыг харж суух юм болж бна уу.Яаж ч бодсон Золжаргал дарга болсон нь дээр.Эрт ингэх байсын.Гэхдээ одоо оройтох юу байхав

0  |  0
Зочин(192.82.73.84) 2020 оны 05 сарын 14

Альч намд хагарал гарч байнаа. Энэ нь тухайн намд байгаа зарим нэг нохдvvдийн хэт их амицтай холбоотой болов уу.

0  |  0
Top