Д.Энхжаргал: Хийж байгаа ажил бүр минь нийгэмд, улсынхаа хөгжилд чиглэгдэж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Монголын банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдээс олон улсын түвшинд бэлтгэгдэн мэргэшсэн цөөн банкируудын нэг нь Данзанбалжирын Энхжаргал билээ. Монголбанкнаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Дэд Ерөнхийлөгчийн албыг хашсан анхны эмэгтэй. Монгол Улсын банк санхүүгийн салбарт тохиолдсон санхүүгийн хямралыг гэтлэн давахын тулд буцалтгүй тусламж, бага хүүтэй зээл хөөцөлдөхөд олсон мэдлэг боловсрол, туршлага чадвараа дайчлан ажиллаж, олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 500 гаруй сая ам.долларын хөрөнгө босгож, 50 сая еврогийн буцалтгүй тусламжийг Монголдоо оруулах ажлыг хийсэн түүхэн гавьяатай. Тэрбээр Дэлхийн Санхүүгийн төв Лондон хотноо Монголбанкны Төлөөлөгчийн газрыг нээхэд гар бие оролцож улмаар Төлөөлөгчийн газрын захирлаар ажиллах хугацаандаа Монгол Улсын банк санхүүгийн салбарыг олон улсын санхүүгийн ертөнцтэй холбоход жинтэй хувь нэмэр оруулсан. Д.Энхжаргал нь АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны санхүүгийн салбарын газарт банкны бүтцийн өөрчлөлтийн мэргэжилтэн, Хонконг дахь Америкийн банканд гадаад төлбөр тооцоо, аккредитивийн чиглэлээр тус тус ажиллаж туршлага хуримтлуулсан. Мөн түүнчлэн Бээжинд төвтэй Азийн дэд бүцтийн хөрөнгө оруулалтын олон улсын банкийг үүсгэн байгуулах бичиг баримтыг боловсруулах ажлын ахлах зөвлөхөөр ажиллаж, актив пассивын удирдлага, эрсдэлийн менежментийн бодлого боловсруулсан. “Зиндаа” сэтгүүл “Үлэмж төгөлдөр” булангийнхаа зочны хойморт Олон улсын санхүүгийн шинжээч-зөвлөх хатагтай Д.Энхжаргалтай хийсэн ярилцлагыг цувралаар толилуулж байна.


Тэр ухаан орохын л банкаар овогложээ. Аав нь Улсын банканд ажилладаг, тэднийх Хуучин Пионерын ордны хажуугийн “Банкны 84” гэж нэрлэгддэг байранд амьдардаг байв. Энхжаргал 45 дугаар дунд сургуулиа онц төгсөж, Улсын банкны Ерөнхий Хороо /Монголбанк/-ны нэр дээр Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд явсан. Зуны амралтаараа Монголбанкан дээр ирж дүнгээ өгч тайлагнах, субботник хийх, архив цэвэрлэх гээд дадлагын ажилд дайчлагдана. Улаан дипломтой төгсөж ирсэн Д.Энхжаргалыг Монголбанкны Улаанбаатар хотын хадгаламжийн 29 тооцооны төвүүдийн хоорондын тооцооны хянагч-нягтлан бодогчоор анх ажиллуулжээ. Толгойтын эцэст байх тооцооны төвийн ажлыг төвөггүйхэн цэгцлээд ирэхэд нь дараагийн салбарт томилно. Удалгүй Улаанбаатар хотын барилгын байгууллагуудын зээл, хөрөнгө оруулалтын эдийн засагч болж, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, хоршоодын зээл, тооцоог хариуцжээ. Тэндээсээ дэвшин Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлаар хоёр ч удаа, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч, Лондон дахь Монголбанкны төлөөлөгч, Төлөөлөгчийн газрын захирлаар томилогдон ажилласан байна. Банкир гэж ямар хүнийг хэлэх вэ? гэдэг тэр жишгийг энэ бүсгүйгээс л харж болох юм гэсэн бодол түүнтэй уулзсаны дараа төрсөн. Монголын нийгэмд дуулиан тарьж, түүхэнд үлдсэн банк, санхүүгийн олон үйл явдлуудын зах зээлийг Монголд хөгжүүлэх, санхүүгийн салбарын хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага, төлбөр тооцооны системийн бодлогын шинэчлэлт, Хөгжлийн банк байгуулах, дэлхийн санхүүгийн хямралыг даван туулах гээд манай санхүүгийн салбарыг сорьсон, донсолгосон эгзэгтэй үе бүхэнд Д.Энхжаргал халуун цэг дээр нь оролцож иржээ. Тийм ч учраас түүнийг Монголбанкны анхны эмэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр томилоход хэн ч гайхаагүй. Түүний хэр алсын хараатайг илтгэх ганцхан жишээ дурдахад, 1980-аад онд Орост сурч байхдаа англи хэлийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалингаараа төлөн байж сурчээ. Орос хэлийг ч гүнзгийрүүлэн судалж, багшлах дипломтой ирсэн байдаг.

Хожим энэ түүх давтагдаж, АНУ-д Дэлхийн банканд ажиллахдаа авсан цалингаа Вандербилтийн их сургуулийн төлбөртөө зарцуулсан. Вандербилтийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан сэдэв нь гэхэд Монгол Улсын банкны салбарыг шинэчлэн хөгжүүлэх тухай байлаа. Д.Энхжаргалын ажлын намтар Монголбанкаар эхэлж, Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын банк гээд үргэлжилдэг. Япон, Их Британи, Люксембург, Сингапур, АНУ, Австри, Хонконг, Итали ... гээд олон оронд мэргэшин суралцсан Д.Энхжаргал өдгөө Монголд тоотой хэдхэн байдаг олон улсын банк, санхүүгийн шинжээч, зөвлөхийн нэг. Тийм ч учраас 2016 оноос “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бие даасан хараат бус гишүүний албыг хашиж байгаа. 2018 оны 10-р сараас “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талыг төлөөлсөн анхны хараат бус, эмэгтэй гишүүнээр томилогдсон. Тэрбээр Социнтернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр 6 дахь жилдээ ажиллаж байна. Д.Энхжаргал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбооны Хүндэт Ерөнхийлөгч, Даян Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд Хамтдаа ТББ, Санхүү банкны эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн, Британи Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх, Нэг хүн хэдийдээ амжуулна даа гэмээр олон сонгуульт үүрэгтэй энэ эмэгтэйг “Монголбанкны Энхжаргал” гэхээр хэвлэл мэдээллийнхэн андахгүй. Амжилтад хүрсэн ухаалаг сайхан бүсгүйчүүдийг дагадаг хэл ам, элдэв цуурхал ч түүнийг тойроогүй. Тухайлбал, Банк санхүүгийн салбарын хяналт шалгалтын ажил гэдэг шалгуулж буй хүндээ хамгийн таалагддаггүй зүйлийн нэг. Энэ мэт олон саад, ажил үүргээ биелүүлэхэд нь таарсан шалгуур бүрийг тэр давж гарсан. Түүн шиг банкирыг бэлтгэхэд хамгийн багаар тооцоход л 30 жил орно. Дээр нь хувь хүний оюун ухаан, хүмүүжил, ёс зүйн өгөгдөл, хичээл  зүтгэл, ажил мэргэжилдээ дурласан чин сэтгэл хэрэгтэй. Хатагтай Д.Энхжаргалыг олон улсын түвшинд ажиллан мэргэшсэн “банкир”, нийгэмдээ манлайлагч эмэгтэйчүүдийн нэг хэмээн тодорхойлж болох билээ.


Өмнө минь нэгэн уриалга байна. Бичгийн цаасны хэмжээтэй тэр уриалгад “Улсын банкны ерөнхий хорооны хамт олноос Сүхбаатарын районы Ардын хурлын депутатуудын 1 дүгээр тойрогт депутатаар нэр дэвшсэн Улсын Банкны ерөнхий хорооны эдийн засагч Д.Энхжаргалын төлөө саналаа өгөхийг хүндэт сонгогч та бүхэнд уриалж байна” гэжээ. 1990 онд Улсын банкны ерөнхий хорооны МАХН-ын үүрээс Сүхбаатар дүүргийн айл өрхүүдэд тараасан энэ уриалгаар ярилцлага маань эхэллээ.

-Энд таныг Улсын банкны ерөнхий хорооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллах хугацаанд “Тус зөвлөл хот, районы тэргүүний ажиллагаатай зөвлөлийн нэг болж, байгууллагын эмэгтэйчүүд, эхчүүдийн ажиллах нөхцөл, амьдрал ахуйг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар олон хэлбэрийн ажил зохиож арга хэмжээ авсан” гэж бичжээ. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг тань мэднэ. Гэхдээ эмэгтэйчүүдийн байгууллагатай ийм эртний холбоотой гэж төсөөлсөнгүй шүү.

-Тэр үед байгууллага, аж ахуйн нэгж бүр Эмэгтэйчүүдийн зөвлөл, дунд сургууль бүр Охидын зөвлөлтэй байлаа. Эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх, хүчирхэг болгох бодлого явуулдаг байсан үе. Би 1986 онд Эрхүүгийн Улс Ардын аж ахуйн дээд сургуулийг төгсөж, Улсын Банкны Ерөнхий хороонд ирэхдээ өөрөө залуу эх, бас банкны шинэ боловсон хүчин гэдэг утгаараа эмэгтэйчүүдийнхээ сайн сайхны төлөө ихийг хийх хүсэл зориг, эрмэлзэл дүүрэн байсан юм. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдоод тухайн мэргэжлийн эмэгтэйчүүдэд юу хэрэгтэй байна, тэр бүхнийг суралцах, туршлага хуваалцах нөхцөлийг бүрдүүлж ажилласан л даа. Жишээлбэл ажлын бус цагаар англи хэлний курс хичээллүүлэх, уран хатгамал хийх, салфетка оёхыг заах, гачигдал зовлон тохиолдвол нэгэндээ туслах, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг уян хатан болгох, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд орон сууц олгуулах, 31-р ясли, 39-р цэцэрлэгтэй шефийн холбоо тогтоох зэргээр олон ажил санаачилсан. Бид “Банкны салбарын шилдэг эмэгтэй”-г шалгаруулдаг байлаа. Гэтэл хууль гарч, төрийн байгууллагуудад эмэгтэйчүүдийн байгууллага ажиллуулахыг хориглосон. Гэхдээ би эмэгтэйчүүдийн байгууллагатай холбоотой хэвээр байлаа. 2002-2005 онд Монголбанкны Лондон дахь төлөөлөгч байхдаа Монголоо эергээр харуулж яваа чадварлаг бүсгүйчүүдтэй танилцсан. Тэдэнтэйгээ нэгдэж, 2010 онд “Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-г байгуулсан. “Санхүү, банкны эмэгтэйчүүд” ТББ-ыг хамтран байгуулах саналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, мөн Монголбанканд ажиллаж байсан, одоо Банкны академийн сургагч багш Дэлгэрмаа зэрэг банк санхүүгийн ажлын туршлагатай эмэгтэйчүүдэд тавьж хамтран байгуулсан. 2019 оны 3-р сарын 27-нд бид анх удаа Санхүү банкны эмэгтэйчүүдийн чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Одоо би Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, “Даян Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын үүсгэн байгуулагч, Тэргүүнээр ажиллаж байна.

-Та бас Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч. Бүсийн хурлыг Монголд хийх санал гаргасан гэж сонслоо. Хэзээ хийхээр төлөвлөж байна?

-Бид 2016 онд Азийн бүсийн хурлыг Монголд зохион байгуулсан. 2020 онд дахин хийх саналыг тавьчихаад хариуг нь хүлээж байна. Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага бол дэлхийн 100-аад орны зүүний болон зүүний төвийг сахисан, нийгмийн төлөө ардчилсан үзэлтэй намуудын эмэгтэйчүүдийн нэгдэл юм. Жилд 2-4 удаа хуралддаг. НҮБ-д зөвлөх эрхтэй. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын хуралдаан дээр өөрийн байр суурийг илэрхийлдэг. Би энэ байгууллагад хоёр дахь удаагаа Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож, 6 дахь жилдээ ажиллаж байна. Социнтернээс гаргасан тунхаглал, шаардлага, хүсэлтээр НҮБ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 17 зорилтын 3-т нь ядууралгүй, хүчирхийлэлгүй, тэгш шударга байх, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргалтад оролцох оролцоог 50 хувьд хүргэхээр тусгасан байгаа.

Саяхан Социнтернийн эмэгтэйчүүд хуралдаад “2030 оныг хүлээхгүйгээр эмэгтэйчүүдийн тэгш шударга байдал, ядуурлыг бууруулах, хүчирхийллийг арилгах, тэгш тэнцвэртэй нийгмийг байгуулах, намынхаа дэргэд Жендэрийн хороо, Ёс зүйн хороог байгуулах талаар гишүүн намууд идэвхийлэн ажиллах”-ыг уриалсан.

-Таны байгуулсан “Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо” эмэгтэйчүүд, охидод умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин тарих санал гаргаж, тэр төслийг Английн ханхүү Чарльз дэмжиж байсныг санаж байна. Төслийн хувь заяа яасан бол?

-“Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-г байгуулахдаа бид “Нэгдье, бусад эмэгтэйчүүддээ уриалж хамтаръя, нэгдсэн сүлжээнд хамрагдъя” гэсэн зорилго тавьсан юм. 2010 онд холбоогоо байгуулаад анх Лондонд, дараа нь Бельги, Францад, Германы Франкфуртэд, ноднин Польшид эмэгтэйчүүдийнхээ чуулга уулзалтыг хийсэн. Энэ жилийнх нь Шведийн Стокгольм хотод 6 дугаар сарын 1-нд “Эмэгтэйчүүд: Боловсрол Шинжлэх Ухаан, Инновац” сэдвээр болно. Ойролцоогоор Европын 10 гаруй орны эмэгтэйчүүд цугладаг. Мөн хөдөө орон нутгаас бизнес эмэгтэйчүүдийг урьж оролцуулдаг. Сэлэнгэ, Орхон, Булган, Завхан, Ховд гээд алслагдсан орон нутгаас төлөөлөгчдийг оролцуулан гадаадад байгаа шилдэг монгол эмэгтэйчүүдтэй танилцуулж холбоо тогтоож өгдгөөрөө онцлог юм. Тэдэнд хоорондоо танилцах, сайхан найзууд болох, нэг нэгнийхээ амьдардаг улс орноор аялах, хамтарч ажиллах гарцыг бий болгосноороо ач холбогдолтой гэж боддог. Бид Нэгдүгээрт, Европт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдээ эдийн засгийн хувьд хүчирхэг болгох, нэгнээ харилцан дэмжиж, хамтран ажиллахад нь туслах зорилготой. Хоёрдугаарт, Монголд байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй холбогдох, тэдэнтэй хамтран ажиллах, Гуравдугаарт тухайн амьдарч байгаа орнуудынхаа эмэгтэйчүүдийн байгууллагатай холбогдож, хүчирхэг эмэгтэйчүүдтэй танилцах, тэднээс суралцах гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн төлөө хандсан анхны ажлынхаа хүрээнд бид Монголынхоо эмэгтэйчүүд, охидын эрүүл мэндэд анхааръя гээд 10 мянган паунд, монголоор 30 сая төгрөг босгож байсан. Өнөөдөр барууны өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар хорвоог орхихоо больсон. Яагаад гэвэл охидод 10-12 настайд нь эцэг эхийнх нь зөвшөөрлөөр энэ өвчнөөс сэргийлэх вакциныг хийдэг. Энэ бол ирээдүйн эхчүүдээ хамгаалсан, хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого. Гэтэл манайд энэ талаарх мэдлэг, ойлголт дутмагаас жил бүр олон эмэгтэй энэ өвчнөөр нас нөгчиж байна.

Ийм учраас олон нийтийн анхааралд дуу хоолойгоо хүргэх ёстой гэж үзэн, “Охидынхоо эрүүл мэндэд анхааръя, умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг нэвтрүүлье” гэсэн саналыг Ерөнхий сайд асан С.Батболдод хүргүүлсэн юм. Биднийг Английн ханхүү Чарльз дэмжиж, хандив өргөсөн. Харамсалтай нь хэн нэг улстөрчийг харлуулах гэсэн хэсэг бүлэг хүний тоглолтоос болоод энэ ажил бүтээгүй. Цугларсан мөнгийг ЭМЯ- аар дамжуулан хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудад эмчийн үзлэгт орох, эмчилгээ хийлгэх, урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулах, эрүүл мэндийн даатгалыг төлөх зэрэг чиглэлээр зарцуулсан. Улс төрийн тоглолтын золиосонд бид 10 жилийг алдчихаад байна. Шинжлэх ухаанд нэгэнт шийдлийг нь олоод, анагаах ухаанд эмчилж байгаа өвчнөөр охид эмэгтэйчүүдээ харсаар байж алдана гэдэг бол эх оронч биш үйлдэл. Тийм ч учраас бид анх гаргасан саналаасаа ухрахгүй, гадаадад сурч, амьдарч байгаа охид бүсгүйчүүддээ энэ талаар мэдээлэл өгч, Эрүүл мэндийн сайд бүрт энэ саналаа дэвшүүлсээр байгаа.

Эх сурвалж: "Зиндаа" сэтгүүл, №14/514 

Ярилцсан О.Энхжавхлан

Гэрэл зургийг Д.Амаржаргал

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
больж үз(66.181.160.56) 2021 оны 08 сарын 26

zadaamedexgui delxiin bank azin xogjliin bankind ajillasan geed l xudal shaagaad bas l zorigtoi gar shuudee

0  |  0
Top