“Ковид 19”-ийн улмаас зогссон төслүүдийг сэргээнэ

2020 оны 04 сарын 29

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр  хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Элчин сайдад хандан Монгол Улсад томилогдон ажиллах болсонд баяр хүргэхийн сацуу Монгол Улсыг сайн мэддэг хүн томилогдсонд талархалтай байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, ард түмний найрамдал тасралтгүй хөгжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Ц.Даваасүрэн сайд тус салбарын хамтын ажиллагаа сүүлийн 10 жилд илүү хурдацтай хөгжиж байгааг тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, эрчим хүчний томоохон төслийн хөрөнгө оруулалт, эрчим хүч экспорт болон зүүн хойд азийн сэргээгдэх эрчим хүчний төслүүд, хийн хоолой барьж байгуулах төсөл дээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Түүнчлэн хоёр тал “Ковид 19” өвчний улмаас үйл ажиллагаа нь удаашралтай байгаа төслүүдийг хамтын хүчээр сэргээх тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top