ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлтөөс есөн тэрбум төгрөг Сангийн яаманд төлнө

2020 оны 04 сарын 22

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслүүдийг хүлээн авч эхэлснээ мэдэгдлээ.  Энэ онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин олгох аж.

Сануулахад, 2020 оны улсын төсөвт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээлийн  эргэн төлөлтөөс 54 тэрбум төгрөг төвлөрүүлж, зээлд олгоно гэж тусган, баталсан. Гэхдээ зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн мөнгөнөөс улсын төсөвт оруулах ёстой мөнгийг өгөөд, үлдсэнийг нь зээлийн санхүүжилтэд зориулна гэхээр учир дутагдалтай байгаа тухай ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлж байсан юм. Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Сангийн яаманд 40 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төсөлд санхүүжилт олгохын тулд ХХААХҮЯ, Сангийн яам хооронд ойлголцох хэрэгтэй байгаа гэж байсан юм.

Тиймээс зээлийн эргэн төлөлтөөс орж ирэх 54 тэрбум төгрөгийн  40-ийг нь Сангийн яам руу өгөх асуудал дээр ямар нэг зохицуулалт хийсэн үү  гэдгийг ХХААХҮЯ-наас тодруулахад:

“Сангийн яамтай ойлголцоод, ирэх жилийн төсөвт төлөхөөр хуваарьт өөрчлөлт оруулж байгаа. Энэ онд есөн тэрбум төгрөг л Сангийн яаманд төлөх байдлаар өөрчлөлт оруулсан. Зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй бусад орлогоор төслүүдийг санхүүжүүлнэ” гэлээ.

Тэгэхээр зээлийн эргэн төлөлтөөс  45 тэрбум төгрөгөөр төслүүдийг санхүүжүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top