48 бүтээлд патент олгожээ

2020 оны 03 сарын 14

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний  хоёр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 70 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 11-ээр буурчээ.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 18 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний хоёр сард ирүүлсэн 48 бүтээлд патент олгосны 25 нь шинэ бүтээлийнх, 23 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 9 -өөр буурч, бүтээгдэхүүний загварын патент 5 -аар өсжээ.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзэхэд 5 нь хими, төмөрлөг, 5 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 4 нь барилга, уул уурхай, 4 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 7 нь бусад ангилалд хамаарч байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2020 оны эхний 2 сард  50 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 24 -өөр нэмэгджээ.

Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 40 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 18 -аар өсжээ.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр  сард барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 679 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 358 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 709 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оны мөн үеэс 55 -аар өсөж, 355 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзжээ.

Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2020 оны эхний хоёр сард 199 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top