Монгол Улсын экспорт 29.5 хувиар БУУРЛАА

2020 оны 03 сарын 13

Коронавируснээс сэргийлэх арга хэмжээ Монгол Улсын гадаад худалдаа, экспорт, импортын үзүүлэлтэд шууд нөлөөлж байгаа. ҮСХ-ноос өнөөдөр өгч буй мэдээллээр Монгол Улс 2020 оны эхний хоёр сард нийт 114 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 770.7 сая ам.доллар, импорт 750.0 сая ам.доллар болсон байна.  

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 (21.3%) сая ам.доллар, үүнээс экспорт 322.9 (29.5%) сая ам.доллароор, импорт 87.5 (10.4%) сая ам.доллароор тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний хоёр сард 256.1 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 235.4 сая ам.доллароор буурч, 20.7 сая ам.долларын ашигтай байна.

Манай хоёр хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 849.7 сая ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55.9 хувийг эзлэв.

БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортын дүнгийн 84.7 хувийг бүрдүүлж байгаа юм.  БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 33.4 хувийг чулуун нүүрс, 33.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи Улсад экспортолсон барааны 84.3 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 88.9 хувийг жоншны экспорт, Сингапур Улсад экспортолсон барааны 56.0 хувийг чулуун нүүрс, эзэлж байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 322.9 сая ам.доллароор буурахад алтны экспорт 115.6 сая ам.доллар, зэсийн баяжмалын экспорт 90 сая ам.доллар, нүүрсний экспорт 104.8 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

 

Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2020 оны эхний хоёр сард:

 

  •  ОХУ 37.6

 

  •  БНХАУ 26.3

 

  •  Япон Улс 7.5

 

  • ХБНГУ 4.2

 

  • АНУ 3.7 хувийг тус тус эзэлж, нийт импортын 79.4 хувийг бүрдүүлж байна.

 

ОХУ-аас импортоор оруулсан барааны 58.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 68.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.4 хувийг цахилгаан эрчим хүч, 4.5 хувийг ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 87.5 сая ам.доллароор буурахад суудлын автомашины импорт 27.5 сая ам.доллар, ачааны автомашины импорт 9.7 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу,металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.9 хувийг эзэлж байгаа бол импортын 72.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top